
Сюй Цайхоу нь БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Си Жинпиний гурван орлогчийн нэг ажээ. Хонконгийн “South China Morning Post” сонины мэдээлснээр Цайхоугийн удирдлагын үед армид албан тушаалын наймаа их байсан гэнэ. Гэтэл тэр генерал өөрөө Хятадын ардын чөлөөлөх армийн Сахилгын комиссийн гишүүн байжээ.
Цайхоуг гуравдугаар сарын 15-нд баривчлан хорьсон байна. Тэрээр Бээжингийн нэг эмнэлэгт хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан аж. Түүний хамт генералын эхнэр, охин болон хувийн нарийн бичгийн даргыг нь ч баривчлан саатуулжээ.
“South China Morning Post” сонинд мэдээлснээр генералын хэрэг нь өөр нэг өндөр тушаалтан Хятадын Ардын чөлөөлөх армийн Арын албаны орлогч дарга, дэслэгч генерал Гу Цюньшанийн хэрэгтэй холбоотой аж. Тодруулбал, Цайхоу нь дэслэгч генералыг “ивээн тэтгэж”, авлигаа хуваалцдаг байсан гэнэ.
Үүний зэрэгцээ, Цайхоу нь Хятадын Нийгмийг аюулаас хамгаалах сайд асан Чоу Юнканы хамсаатан гэнэ. Сайд асан бас л хэрэгт татагдаад байгаа. Мөн Цайхоуг Хятадын бас нэгэн авлигач бөгөөд өнгөрсөн жил бүх насаараа хоригдох ял авсан Бо Силайн талын хүн гэж үздэг ажээ.
Хурандаа генералын биеийн байдал тааруу байсан учир Хятадын сахилга журмын албаныхан 71 настай генералын хэргийг мөрдөхдөө төдийлөн яаравчлаагүй гэнэ. Шүүх түүний гэм буруутайг тогтоовол Хятадын түүхэнд шүүхээс ял сонссон цэргийн хамгийн том тушаалтан болох юм.
Дашрамд, Хятадын авлигын эсрэг кампанийн мөрдөн байцаалтын 40 хувь нь иргэдийн мэдээллийн дагуу хийгддэг тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л хоёр сая хүнийг шалгуулахаар гомдол гаргасан байна. Мөн 180 мянган хүн авлигын хэргээр шийтгүүлжээ.