
-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар саад тулгарч байна вэ?
-Сүү, сүүн бүтээгдэхүүнийг нэгдсэн зохион байгуулалтаар хөгжүүлье гэхээр фермерүүдийг нэгтгэх хэрэгтэй болно. Фермерүүд бэлчээрийн маллагаа бус эрчимжүүлсэн байдлаар ажиллая гэхээр газар нутаг байдаггүй юм. Бэлчээрлэх газрын үржил шим муудсан, дэд бүтцээ шийдээд, ферм байгуулна гэсэн тодорхой чиг үүрэг байдаггүй. Мөн малчдын сүүг маш хямдаар авч байна шүү дээ. Энэ жилийн хувьд, ам.долларын ханш өсөөд хуурай сүү импортлохгүй байх чиглэлтэй ч байсан юм уу, үйлдвэрүүд хуурай сүү биш түүхий сүүг малчдаас авах сонирхол нь нэмэгдэж байна. Өчнөөн жил тэмцсэний дүнд сүүний том үйлдвэрүүдийн чих нь зөөлөрсөн ч юм уу, малчдыг гэрээ хийхийг уриалдаг болчихож.
-Ферм байдлаар хөгжүүлнэ гэдгийг тодруулаач?
-Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сайжруулахын тулд саалийн ферм байгуулж, тэжээл тариалах, үнээ бэлчээх газрын асуудлыг цогцолбороор шийдэх хэрэгтэй юм. Дээр хэлсэнчлэн бэлчээр, талбайн асуудлыг ингэж шийдэхээс гадна бэлтгэсэн сүүгээ малчдаас ченжийн дамжлагаар явуулалгүйгээр шууд үйлдвэрт тушаах замыг засах нь зөв. Ингэхийн тулд л саалийн ферм гэж тусдаа байх ёстой бөгөөд үйлдвэрүүд фермээс л сүүгээ авна шүү дээ.
-Хуурай сүүний импорт үргэлж илүү гэдэг шүү дээ. Гэтэл импортолсоор байдаг. Үүнийг яаж зохицуулбал зөв бол?
-Төр засаг хуурай сүүний импортыг бүр мөсөн зогсоох хэрэгтэй. Фермерүүд сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадна. Нөөц бололцоогоо сайжруулаад ажиллавал малчдын орлого ч тогтворжино, гадны импортыг халах боломжтой.
-Анхны дамжлагаас буюу малчны хотноос сүүг хэдэн төгрөгөөр худалдаж байна вэ?
-Одоо эрчимжсэн буюу байран маллагаатай үхрийн болон малчны хотноос гарсан сүүний үнэ өөр л дөө. Ер нь дунджаар нэг литр сүүг 700-800 төгрөгөөр нийлүүлж байна. Үүн дээр ченжүүд, дэлгүүрүүд үнэ өртөг нэмээд, одоо 1200 төгрөгөөр иргэдийн гарт хүрч байгаа. Дулаараад ирэхээр сүүний үнэ унаж 300-400 төгрөг болдог. Өвлийн цагаар бол сүүний гарц муудаж малчны хотноос нэг литр сүүг 1000 төгрөгөөр гаргадаг бол хэрэглэгчдэд хүрэхдээ 1600 төгрөг болдог. Тиймээс сүүний үнэ өндөр байна гэж нийтээрээ шүүмжлэхээсээ өмнө ченжийн дамжлагыг халах хэрэгтэй. Малчид сүүгээ юу ч үгүй гашилчихна гээд ченжүүдэд зарахаас яахав. Малчны хотноос бэлтгэсэн бүх сүүг шууд үйлдвэрт авдаг болмоор байна.
Үүнийг яг дэмжих урамшууллын тогтолцоо уг нь гаргана гэж байсан бүтэхгүй байна.
Мал, сүүний урамшуулал буюу үндэсний үйлдвэрт тушаасан сүүний литр тутамд тухайн малчинд мөнгөн урамшуулал өгвөл ченжийн дамжлага аяндаа арилна шүү дээ. Үүнийг төр засаг цаг алдалгүй шийдэж өгмөөр байгаа юм.