
-Үндэсний супер лигийн тэмцээн заал дүүрэн зрительтэй, гал гарсан ширүүн өрсөлдөөн дунд болж өнгөрлөө. Гадны легионер тоглогчид ихтэй, шагналын сан өндөр гээд онцлох зүйл цөөнгүй байлаа?
-МҮСБХ-ноос Үндэсний супер лигийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Энэ жилийн тэмцээнд долоон баг өрсөлдөж, “Хасын хүлгүүд” аваргалсан. АНУ, Нигери гээд сагсан бөмбөг өндөр хөгжсөн орнуудаас 20 гаруй легионер тоглогчид ирж тоглосон. Монголд хамгийн өндөр буюу 80 сая төгрөгийн шагналын сантай, дээр нь аваргын малгай, футболк, бөгж NBA-ын жишиг, басхүү цаг, медаль гардуулдаг FIBA-гийн жишгийг дагаж, аваргуудыг урамшуулсан. ДАШТ-ийг шүүж байсан Мексикийн иргэн, хоёр шүүгч Монголд ирж, финалын цувралыг шүүсэн. Тиймдээ ч шувтаргын тоглолтууд маргаангүй сайхан болж өнгөрлөө.
Ямартай ч сагсан бөмбөг сонирхогчдын хувьд мөрөөдөж явдаг лигийн тэмцээн амжилттай боллоо. Монголд хүн сагсан бөмбөгөөр амьдарч болдог юм байна гэдгийг харуулж чадлаа. Сагсан бөмбөг уналтад орж эхэлсэн тэр үеэс л бодож, төлөвлөж, мөрөөдөж байсан зүйл маань ингээд 10 жилийн дараа биеллээ олж байна. Сагсан бөмбөгийн хөгжлийн галт тэрэг эрчээ аваад хөдөллөө.
-Багууд бүгд 3-4 легионер тоглогч авчирсан байсан. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн орноос тамирчид авчирсан нь Монголын сагсан бөмбөгчдийн ур чадварт ч эерэг нөлөө үзүүлж байгаа. Тэр хэрээр өрсөлдөөн ширүүсч, үзэгчдийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч байгаа нь харагдаж байсан…
-Дэлхийн шилдэг тамирчид, NBA-ын драфтад нэрээ дэвшүүлж байсан, NBA-ын Хөгжлийн лигт тоглож байсан олон шилдэг тамирчид Монголын лигт ирж тоглолоо. Тэд Монголын сагсан бөмбөгийг өндөр үнэлээд буцсан. Дараа жил ирэх хүсэлтээ илэрхийлсэн легионерууд ч олон байна.
-“Танан гарьд” багийн легионер тоглогч Монголын иргэншилтэй болох хүсэлтээ гаргасан гэлүү?
-“Танан гарьд” багийн тоглогч Фредди Вудс Монголын иргэн болох хүсэлтээ илэрхийлсэн. Монгол Улс бол дан иргэншилтэй байхыг хүлээн зөвшөөрдөг. Фредди өөрөө АНУ-ын иргэн. Гэхдээ АНУ-ын иргэншлээс татгалзаад, Монголын иргэн болохыг хүссэн. Хоёр жил Монголын лигт тоглоод ийм шийдвэр гаргахад хүрсэн нь сагсан бөмбөгийн спорттой холбоотой. Фредди Вудсын хувьд NCAA-ын I дивизонд тоглож байсан, өнгөрсөн жил “Танан гарьд”-ын бүрэлдэхүүнд Үндэсний супер лигийн аварга болсон. Энэ жил харин баг нь жаахан тааруу тоглолоо. Гэхдээ Фредди бол Азийн сагсан бөмбөгийн өрсөлдөөнд хамгийн тохирох хүн. 202 см өндөр, урд холбогч дээр, ард төвийн тоглогчийн байрлалд тоглодог.
-МҮСБХ Үндэсний супер лигийг зохион байгуулж, нэг том ажлын ард гарлаа. Дараагийн төлөвлөгөө юу байна вэ?
-МҮСБХ-ноос Монголд сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх 10 жилийн бодлого, төлөвлөгөө гаргасан байгаа. Мөн удахгүй өсвөрийн тамирчдыг АНУ-д тэмцээнд оролцуулна. 13 насны эрэгтэй, 15, 18 насны эрэгтэй, эмэгтэй нийт таван багийн 80 гаруй хүүхэд долдугаар сарын 5-9-нд Кливлэнд хотод очиж, “Кливлэнд Кавальерс”-ын талбайд олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байна.
-Сагсан бөмбөгийг хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөөнд ямар ажил багтсан байгаа вэ?
-Сагсан бөмбөг бол багийн спортын төрлүүдээс олон улсын тавцанд амжилт гаргах хамгийн боломжтой спорт. 10 жилийн өмнө энэ тухай ярихад хүмүүс шоолдог байсан бол одоо бодит хэрэг болоод эхэлчихлээ.
Шинэ үеийн сагсан бөмбөгчдийг төрүүлэхээр бага наснаас нь эхлэн бэлтгэх зорилт тавиад байна. Миний хэлэх дуртай нэг үг байдаг юм, “Монгол хүн онцгой нэгэн генитэй” гэж. Хүүхэд наснаасаа эхлэн зөв системтэй, зөв бодлоготой, академийн сургалт хийгээд явбал монголчууд олон улс, тив, дэлхийд өндөр амжилт гаргах боломжтой. Япон, Өмнөд Солонгос, Хятад гээд хүн ам ихтэй, хангалт ихтэй, тамирчдаа багаас нь бэлтгэж, материаллаг баазаар хангадаг улс Азид олон бий. Гэтэл монголчууд ажлаа хийж яваад тэмцээн эхлэхээс ганц сарын өмнө бэлтгэлд гараад олон улсын тэмцээнд оролцоод боломжийн тоглодог болчихлоо. Өнгөрсөн онд болсон Универсиад наадамд залуучуудын баг Япон, Филиппиний багийг хожоод шөвгийн 16-д шалгарсан байгаа. Азийн бүсээс БНСУ, Монгол хоёр л хасагдах шатанд шалгарсан шүү дээ. Ийм л онцгой генитэй хүмүүс анхнаасаа зөв бодлоготой, зөв системтэй хөгжих юм бол багийн спортоор, сагсан бөмбөгөөр маш хурдацтай өндөр амжилтад хүрэх боломжтой.
Сагсан бөмбөгийг хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөөнд ганцхан эрэгтэй баг бус эмэгтэй, өсвөр үе, хүүхдүүд, шүүгч, боловсон хүчин гээд спорттой холбоотой бүгдийг хамруулсан байгаа. МҮСБХ-ноос олон ажил хийхээр төлөвлөөд, ажлаа эхлүүлээд явж байна. Ямартай ч Монголын сагсан бөмбөгийн спорт хөгжлийн замдаа орлоо. Сагсан бөмбөг үнэхээр уналтад орсон үе бий. Хүүхдийн тэмцээн гурван жил завсарлаж, дээд лиг маань хүртэл завсарлаж байлаа шүү дээ. Одоо бол бүх юм эргээд сэргэлтэд орж байна.
-Хандгайтад сагсан бөмбөгийн бэлтгэлийн төв, спортын ордон барих гэж байгаа гэж сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Үндэсний супер лигийн финалын тоглолтыг үзэх гээд Спортын төв ордонд багтахгүй 1000 гаруй үзэгч гадаа нь хоцорч байна. Тэгэхээр спортын хөгжил дагаад заал, талбай, материаллаг баазын асуудлыг шийдэх зайлшгүй хэрэгтэй байна.
МҮСБХ-ноос Хандгайтын аманд 50 өрөөтэй Спортын бэлтгэлийн заал барьж байгаа. Барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна. Ирэх зургадугаар сард хүлээн авна. Хандгайт нэлээд өндөрлөг газарт байдаг, далайн төвшнөөс дээш 1200 орчим метрт. Тамирчдын хувьд өндөрлөгт газарт бэлтгэл хийх нь илүү үр дүнтэй байдаг. Сагсан бөмбөгчид маань өөрийн гэсэн гэр оронтой болох гэж байна. Мөн 3000 хүний суудалтай Спортын ордон Хандгайтад барьж байгаа. Ирэх намар ашиглалтад орно. Тэгэхээр ирэх жилээс амралтын өдрүүдэд хотын түгжрэл, утаанаас гарч, Хандгайтад очиж, цэвэр агаарт, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөдтэйгээ дуртай спортоо үзэж, цана чаргаар гулгаж, давхар амрах боломжийг бүрдүүлэх юм.
Түүнчлэн сагсан бөмбөгийн төрөлжсөн телевизтэй болсон. Спрайт лиг, Спрайт хөгжлийн лиг, Үндэсний супер лиг, хүүхдийн лиг, сонирхогчдын тэмцээн гээд Монголд болж байгаа сагсан бөмбөгийн бүхий л тэмцээнийг дамжуулах юм.
-Ингэхэд Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг аль холбооны харьяанд байгаа вэ. МСБХ, МҮСБХ гээд хоёр холбооны хоорондын үл ойлголцлын дунд тамирчид хохирч байгаа тал бий шүү дээ?
-МҮОХ-ноос албан бичиг ирсэн байгаа. Түүнд МСБХ, МҮСБХ хоёрын үйл ажиллагаагаа аль илүү идэвхтэй явуулж байгаа, аль илүү ажил хийж байгаад нь шигшээ багийг хариуцуулах тухай дурдсан байгаа. Дэлхийн аль ч оронд тийм жишиг үйлчилдэг. Гэхдээ сагсан бөмбөгийн хоёр холбооны тухайд үл ойлголцолтой байсан энэ асуудал цэгцрэх байх гэж харж байгаа.
-Хоёр холбоо гэснээс Монголын сагсан бөмбөгийн холбоо гуравдугаар сарын 23-нд буюу ирэх ням гаригт ээлжит бус их хурлаа хийх гэж байна. Энэ хурлаас МСБХ болон МҮСБХ нэгдэж, цаашид нэгдмэл байдлаар ажиллах шийдвэр гаргана гэсэн хүлээлт байна?
-МҮСБХ-ноос жилдээ 35 үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ бүх арга хэмжээг зохион байгуулахдаа МСБХ болон МҮСБХ хамтарч, нэг зорилгын төлөө хамтарч ажиллах ёстой гэдэг байр суурьтай байгаа учраас МҮСБХ-ноос уриалга гаргаж, МСБХ-нд мэдэгдэл хүргүүлсэн байгаа. МСБХ-ны ерөнхийлөгч Ч.Ганхуяг өөрийн хүсэлтээр ажлаа өгөх хүсэлтээ илэрхийлсэн. 23-нд болох их хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ.
-МҮСБХ-ны төлөөлөл их хуралд оролцох уу?
-Юун түрүүнд бид нэгдэж, нийлэх процесс хийж байгаа. Манай холбооны зүгээс зарим нэг асуудлаар их хуралд оролцох саналаа илэрхийлсэн байгаа. Удирдлагын төвшинд зарим нэг хүн МСБХ-ны их хуралд оролцоно.
-МҮСБХ-ноос ямар байр суурьтай байна вэ?
-Хоёр холбоо нэг байж, нэг чиг зорилготой ажиллана гэдэг хамгийн зөв гарц гэж харж байгаа. Federation хэлбэрээр олон холбоодын нэгдэл болоод, дээрээ нэг зангидагддаг байх нь хамгийн зохистой хэлбэр. Олон улсын жишиг ийм л байна. Түүнээс биш 50 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийг холбоог үгүйсгэж, нураах гээд байгаа хэрэг ердөө ч биш. С.Тулга шинэ холбооны генсек болох гээд зүтгээд байгаа хэрэг бүр ч биш. Би хариуцлагатайгаар хэлэхэд, хоёр холбоо нэгдэж ажиллах шийдвэрт хүрвэл би ерөнхий нарийн бичгийн дарга болохгүй.
-Тэгвэл С.Тулгын цаашдын төлөвлөгөө юу байна?
-Сагсан бөмбөгт хийх ажил их байна. Миний хувьд тийм амбиц байхгүй ээ. Шаардлагатай бол би Спортын төв ордныхоо шалыг будчихаж чаддаг, ус дусвал үед очоод арччихаж чаддаг тийм л хүн. Ажил хийж байгаа миний цаад зорилго, чин хүсэл бол Монголын сагсан бөмбөгчид олон улсын тавцанд ялагчид болох. Ийм томоос том мөрөөдөл тээж яваа. Одоо бас ч гэж зорилгынхоо 30-40 хувьд хүрчихээд байна. Лигийн аварга болсон баг Ерөнхийлөгчтэй уулзаж байна, лигийн тэмцээн нь Монголд өөр хаана ч байхгүй тийм өндөр шагналын сантай боллоо. Эцэст нь хэлэхэд, Монголын сагсан бөмбөг нэг л чиг зорилготой хөгжих хэрэгтэй. Мэдээж надад алдаа, оноо байсан. Алдаатай зүйлийг маань дэндүү хурцаар, анхаарлын төвд аваачиж, хурцадмал байдлаар шүүмжлээд, онож байгаа зүйлийг бүдгэрүүлж байгаа хүмүүс ч байна. Гэхдээ Монголын сагсан бөмбөг ямар хэмжээнд хүрсэн байгааг үзэгчид, сагсан бөмбөгчид харж байгаа. Ямартай ч Монголд сагсан бөмбөгийн спорт үндэсний хэмжээнд хөгжинө гэдэгт итгэлтэй байдаг.
Эцэст нь хэлэхэд, спорт бол маш том бизнес. Багууд бүгд бизнес зарчимд орох хэрэгтэй. Малгай, футболкоо зараад мөнгө олдог, түүнээсээ тодорхой хэмжээний санхүүжилт бүрдүүлчихдэг, тамирчид нь ч сагсан бөмбөгөөр хоолоо олж иддэг болдог байх ёстой. Дэлхий яаж хөгжиж байна. Яг энэ хөгжлийг хамгийн хурднаар Монголын хөрсөнд буулгах хэрэгтэй байна.