Намууд ээлжит бус чуулганаас татгалзав

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Намууд ээлжит бус чуулганаас татгалзав

УИХ-ын 2013 оны намрын чуулганаар 2014 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа “авлигажсан” гэх тодотголтой төслүүдийг царцаасан. Царцаасан төсөвт Аудитын ерөнхий газраас шалгалт хийж, энэ сарын 24-нд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар товлоод байсан юм. Цаг нь дөхөөд ирэхээр төсөвт тодотгол хийх мөнгө улсын сан хөмрөгт байхгүй, басхүү Монголын эдийн засгийн чуулгантай давхцаж байгаа гэх шалтгаанаар ээлжит бус чуулганыг цуцлах болсон тухай яриа ч дуулдах болов. Уг нь 2014 оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай, гэхдээ энэ нь аудитын шалгалтын дүнгээс хамаарна гэж байв. Гэтэл УИХ дахь намын бүлгүүдийн зүгээс ээлжит бус чуулганыг зарлах шаардлагагүй гэсэн саналыг УИХ-ын даргад хүргүүлжээ. Тиймээс ээлжит бус чуулганыг хойшлуулж, ирэх сарын 5-нд 2014 оны хаврын чуулганыг шууд эхлүүлэхээр болжээ. 

Уг нь ээлжит бус чуулганыг зарлах олон шалтгаан байсан. 2014 оны хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт, төсвийн тодотгол, “давхар дээл”-ийн төсөл гээд олон чухал асуудал хэлэлцэх учиртай байлаа. Тодруулбал, УИХ-ын чуулганы хаалтын өмнө дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталдаг уламжлалтай. Гэтэл намрын чуулганаар энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталж чадаагүй учраас ийнхүү хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хаврын чуулган хэлэлцэх асуудалгүй болоод буй. Мөн царцаасан төсвийн барилгуудын хэдийг нь үргэлжүүлэх, хэдийг нь царцаах, хэдийг нь бүр зогсоож, дуудлагаар худалдах гээд Аудитын шалтгалтын дүнгээс хамаарч төсөвт тодотгол хийх  байсан. Тэгвэл энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Царцаасан 243 объектийн шалгалтын дүнг нягтлахаар  УИХ-аас гарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Сангийн яаманд царцаасан төсөвт хөрөнгө оруулах  130 орчим тэрбум төгрөг нь бэлэн байгаа.  Гэхдээ төсвийн тодотгол хийхгүйгээр энэ асуудлыг шийдэх боломж байгаа юм. Жишээлбэл, шалгалтын явцад барилга нь дуусаад, ашиглалтад орсон байхад нэмж хэдэн тэрбум төгрөг төсөвт суутгуулах гэсэн долоон барилга, байгууламж байсан. Эдгээрийг зогсооход л өчнөөн мөнгө хасагдана. Энэ мэтчилэн заавал төсвийн тодотгол хийхгүйгээр царцаасан барилгуудаа үргэлжүүлэх байгууламжийнх нь мөнгийг өгөөд, түр зогсоох, дараа жил болгох гээд олон асуудлыг нь шийдвэрлэх боломжтой байгаа юм. Хэрэв 130 орчим тэрбум төгрөгтөө багтвал заавал төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Шалгалтын дүн эцэслээгүй байна” гэсэн юм. Мөн тэрээр хэлэхдээ, ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй байх шаардлагыг УИХ дахь намын бүлгүүд санаачилсан бөгөөд царцаасан объектуудад ч мөн тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтойг сануулсан.

Ээлжит бус чуулганыг хуралдуулахгүй гэх санал намуудаас гарч. УИХ дахь АН, МАН, “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс ийм саналд хүрсэн учраас ийнхүү ээлжит бус чуулганыг хойшлуулж, хаврын чуулганыг шууд эхлүүлэх аж. Тэгвэл хаврын чуулган энэ сарын 5-нд хэлэлцэх асуудалгүйгээр эхлэх болж байна. Тиймээс хэлэлцэх асуудлын жагсаалтыг хамгийн түрүүнд хэлэлцэн батлах учиртай. Хаврын чуулганы хуралдааныг хүлээж буй олон төсөл, хэлэлцэх асуудлын жагсаалт гээд олон зүйл бий. 16 хоногийн дараа эхлэх хаврын чуулган ч асуудал эхтэй эхлэх нь дээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж