Жон Терри Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Жон Терри Монголд ирнэ

-Эцэслэн товлоогүй байгаа ч Керри Диксон “Челси” клубт нөлөө бүхий эрхмийн хувьд Жон Терриг Монголд авчрахаа амлалаа-

Хөлбөмбөгийн ертөнцөд клуб байгуулагдаад, түүнд зориулж цэнгэлдэх босгодог нийтлэг нэгэн жишиг байдаг бол эсрэгээрээ цэнгэлдэхэд суурилж клуб байгуулсан урвуу хамааралтай түүхийн эзэд бол “Челси”. Бүтэн зуун жилийн түүхэндээ үргэлж мандаж яваагүй ч сүүлийн 20-иод жилд Европын топ багуудын эгнээнд багтаж, 1997 оноос хойш чансаа өндөр томоохон тэмцээнээс 15 цом хүртсэн “Челси” өнөө цагийн Английн хөлбөмбөгийн өнгө төрхийг тодорхойлолцож яваа. Өнөөдрийн байдлаар 30 тоглолтоос 66 оноо авч, Английн Премьер лигийн хүснэгтийг тэргүүлж яваа ялагчид. Монголд бол хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй гэх албан бус статустай баг.

ТҮҮХ ИНГЭЖ ЭХЭЛСЭН ЮМ

Хенри Мирс гэгч эр 1904 онд Лондонгийн баруун өмнөд хэсгийн Фулхэм дүүрэг дэх “Стэмфорд Бриж”-ийг худалдан авчээ. Тухайн үед “Стэмфорд” хөнгөн атлетикийн спортод зориулсан цэнгэлдэх байв. Мирсийн танил Паркер түүнийг ийм сайхан цэнгэлдэхтэй байж хөлбөмбөгийн баг байгуулаач гэж үргэлж ятгадаг байсан нь хожмын “Челси” клубын эхлэл болжээ. Ингээд 1905 оны гуравдугаар сарын 10-нд Английн хөлбөмбөгт “Челси” гэх нэр бүртгэлтэй боллоо. Эхэн үедээ тэд тийм ч одтой байсангүй. Хамгийн анх 1915 онд анхныхаа шагналд тун ойрхон очсон ч эцсийн мөчид FA Cup-ын финалд “Шефилд Юнайтед”-д ялагдсан юм. Удалгүй “Цэнхрүүд” алдар нэрээ цуурайтуулсан шилдэг хөлбөмбөгчдийг эгнээндээ элсүүлж, хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн боловч дотоодын дайны жилүүдэд Английн хөлбөмбөгт чухал нөлөө үзүүлж чадаагүй юм. Ингээд Тед Дрейк 1952 онд “Челси”-гийн дасгалжуулагчаар томилогдсоноор клубыг шинэчлэх, орчин цагийн хөлбөмбөгтэй хөл нийлүүлэх арга хэмжээ авч эхэлжээ. Тэрбээр “Челси”-гийн хэт хуучинсаг сүлд тэмдгийг халж, залуучуудын багийг бий болгон, бэлтгэл дасгал хийх тогтсон дэглэмтэй болгож, “Челси”-ийг анхны түүхэн амжилт өөд хөтөлсөн эрхэм юм. Ингээд “Цэнхрүүд” 1954-1955 оны улиралд анх удаа Премьер лигт түрүүлэв.

1960, 70-аад оны үед тэд хэд хэдэн цомын тэмцээнд түрүүлсэн боловч 1997 он хүртэл зиндаа өндөр томоохон тэмцээнд өндөр амжилт гаргаж чадаагүй юм. Харин өнгөрсөн 10 жилийн хугацаа “Цэнхрүүд”-ийн хувьд амжилт дагуулсан гайхалтай он жилүүд байлаа. Тэд 2006, 2007 онд дараалан Премьер лигт түрүүлж, 2008 онд анх удаагаа Европын тавцан дахь хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн шигшээд шалгарсан боловч нутаг нэгт “Манчестер Юнайтед”-д торгуулийн цохилтоор ялагдсан билээ. Гэхдээ тэд хүсэн хүлээсэн цомоо хүртэж, 2011-2012 оны улиралд Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигт түрүүлсэн юм. Тэр зам урт байх хэрээр олон шилдэг тоглогч, олон суут дасгалжуулагч “Стэмфорд”-ын хаалгаар ороод гарсан.

Одоо бол тэд Английн төдийгүй Европын топ баг. Орос тэрбумтны удирдлага дор зөвхөн шилдэг байх зорилготой “Челси”-чүүд од тоглогчдыг багтаа урвуулж, дотоодын төдийгүй тивийн өрсөлдөөнд дээгүүрт давхиж байна.

“ЧЕЛСИ” 109 НАС ХҮРЛЭЭ

“Челси” клубын төрсөн өдрийн баяр гуравдугаар сарын 10-нд тохиодог. Энэ жил 109 нас хүрсэн “Челси”-гийн ойн баярыг Монгол дахь хөгжөөн дэмжигчид нь онцгой бэлэгтэй өнгөрүүлэв. Тэр бэлэг нь “Челси”-гийн домогт тоглогч Керри Диксон байлаа. “Челси”-гийн төлөө 193 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтад Фрэнк Лампард, Бобби Тамплин нарын дараа гуравт бичигддэг, 1980-аад оны “Челси”-гийн түүхийн салшгүй хэсэг болсон Керри Диксон гэргийн хамт гуравдугаар сарын 10, 11-нд хоёр өдөр Монголд саатаж, Улаанбаатарт байх хугацаандаа Монголын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд, өвсөрийн хөлбөмбөгчидтэй уулзаж, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны удирдлага, сэтгүүлчидтэй оройн зоог барьж, “Челси” клубын дэмжигчдийн Монгол дахь албан ёсны клубын нээлт, төрсөн өдрийн баярт зочилсон юм. Өмнө нь Малайз, Сингапур гээд хэд хэдэн орны “Челси”-гийн дэмжигчдийн клубын нээлтэд зочилж байсан тэрбээр Монголоос маш өндөр сэтгэгдэлтэй үлдсэн тухайгаа дахин дахин хэлж байлаа.



Керри Диксонтой хамт өнгөрүүлсэн төрсөн өдрийн баяр ч олон сюрпризтэй байсан. Тоглолт бүрийг нь шимтэн үзэж, ялахад нь хамт баярлаж, ялагдахад нь сэтгэл гонсойж суудаг тийм л фенүүд өчигдөр хайртай багийнхаа домогт тоглогчтой хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь авч, хөгжилтэй яриа өрнүүлсэн тийм л үдэш байв. Энэ үеэр Керри Диксон төрсөн өдрийн баярт зочилсон “Челси”-чүүдээс гурван азтан тодруулсан. Эхнийх нь “Челси” клубын лого бүхий ороолт, хоёр дахь нь Керри Диксоны гарын үсэг бүхий бөмбөг, харин гурав дахь нь болох супер азтан Лондон явж “Стэмфорд Бриж”-д болох “Челси”-гийн тоглолтыг үзэх онцгой эрхээр шагнуулсан юм.

СУПЕР БЭЛЭГ: ЖОН ТЕРРИ
МОНГОЛД ИРНЭ

Өдгөө Chelsea TV-гийн тайлбарлагчаар ажиллаж, хөлбөмбөгчийн амьдралаа холбосон багийнхаа төлөө ажиллаж яваа Керри Диксон “Челси”-гийн монгол фенүүдэд гайхалтай амлалт өгсөн нь ирэх зун багийн ахлагч Жон Территэй хамт дахин Монголд ирэх тухай байв. Энэ нь түүний зүгээс монгол фенүүдэд зориулсан супер бэлэг байлаа. Премьер лиг болон Европын бусад тэмцээнүүд завсарлаж, тамирчид түрхэн зуур амардаг тэр үеийг ашиглан “Челси” клубын ахлагч Жон Терри Монголд ирэх нь. Одоогоор бүх зүйлийг эцэслэн товлоогүй байгаа ч Керри Диксон “Челси” клубт нөлөө бүхий эрхмийн хувьд Жон Терриг Монголд авчрахаа амласан. Амлалт удахгүй биеллээ олж, Монголын “Челси”-чүүд энэ зун Жон Территэй уулзах тэр ховор агшинг тэсэн ядан хүлээе.

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №053

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж