Монголчуудад дээдлэх зүйл байна уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Монголчуудад дээдлэх зүйл байна уу?

Монголчууд сэжгээр өвдөж сүжгээр эдгэрдэг гэлцдэг. Тэр тусмаа Монголын бизнесменүүд сүсэг бишрэл ихтэй хүмүүс. Ямар сайндаа л Монголд томдоо ордог бизнесийнхэн говийн нэгэн ламд хацраа хорстол алгадуулах билээ. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Чойрын хийдэд 30 орчим насны Осгонбаяр гэгч залуу 50 сар бясалгал  хийгээд гарч ирэхдээ АПУ-гийн хэдэн захирлуудыг өмнөө суулгаж байгаад “Бод бод, сайн бод” хэмээн сайхан алгадаж байгаа бичлэг одоо ч YouTube -д бий. Тухайн үед Осгонбаяр баян ядуугийн ялгаа эрс мэдрэгдсэн, мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс нь тэнгэрээс буугаад ирсэн мэт амьдралаас тасарсан, дээрэнгүй омогтой болсон талаар сануулах гэсэндээ ийнхүү аягласан гэдгээ тайлбарласан билээ.

Бөө, удганд мөргөж, бумбын тахил өргүүлж, уул овоо тахиж, элдэв янзын суварга босгох болохоороо Монголын бизнесменүүд шиг сүсэгтэй хүмүүс цөөхөн. Харамсалтай нь, тийм мундаг сүсэгтэй хүмүүс үү гэвэл бас үгүй. Мөнгөний төлөө эцэг өвгөдийнхөө бууриар оролдож, өв соёлоо өлхөн зарчихаж чадахаар хүмүүс гэдгийг олон жишээнээс харахад ингэж дүгнэгдэж байна. Их хэлмэгдүүлэлтийн үеийг тэсч гаран, өнөөдрийн ардчилсан нийгэмтэй золгосон цөөхөн хэдэн өв соёлын нэг бол Богд хааны ордон музей. Монголын уламжлал, түүх соёлын өлгий болсон их мэргэдийн энерги шингэсэн энэ газар хайя гэх хүнгүй, хүүе гэх эзэнгүй мэт шинэ цагийн баячуудын хөлд ширвээтэж байна. Монголчууд өөрсдийн түүх, өв соёлоо хайрлан хамгаалахаас илүү харлуулан устгахдаа гарамгай хүмүүс. Үүнийг ч нотлох жишээнүүд цөөнгүй.

Дэлхийн жишигт хүрсэн, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг эх нутагтаа бий болголоо гэсэн гоё сурталчилгаатай “Интермед” эмнэлэг Богдын музейтэй хаяа залган орших боллоо. Нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлаж, монголчуудын эрүүл мэндийг хамгаалахад хувь нэмрээ оруулахыг хүсч байгааг нь буруутгахгүй. Гэхдээ Монголын өв соёл, тусгаар тогтнолын баталгаа болсон түүхийн салшгүй нэг хэсэг болох Богдын ордонг хэлмэгдүүлэх шаардлагатай байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан Богд хааны музейн дэргэд эмнэлэг барина гэдэг зохимжгүй. Үүх түүх, сүсэг бишрэл, бэлгэ дэмбэрлээ бодсон ч тэр Богдын музейн дэргэд эмнэлэг барина гэдэг яавч зөв санаа биш.  Хуучны учир мэдэх хүмүүс Төрийн ордон, Богдын музей, Зайсан толгой гурав хоорондоо ямар нэгэн сэжмээр холбоотой, энэ нь Монголын өөдрөн дэвжихийн бэлгэдэл болж байдаг гэдгийг ярьдаг. Богд хааны музей байрлаж байгаа энэ газрыг “Өндгөн сүргийн нутаг” /Дунд гол, Туул голын хооронд орших сав газар/ гэж нэрлэдэг байсан бөгөөд учир нь хоёр гол нийлсэн хэсэг “эхийн хэвлий” шиг хэлбэртэйгээс гадна монголчууд ариун дагшин “газар эх” гэж дээдэлдэг үзэл, санаатай холбоотой гэнэ лээ. Энэ ордонд Богд хаан 20 жил амьдарсан юм байна. Богдын хааны ордоны хаалга тус бүр өөрийн бэлгэдэлтэй. Энэ музейн газар бол ариун дагшин газар, тиймээс богдын ордны ойролцоо ямар нэгэн барилга барихыг хориглож ирсэн байдаг ч сүүлийн жилүүдэд “мөнгө цагаан нүд улаан” болсон баячуудын балаг тус ордон музейг хэлмэгдүүлсээр байна.

Эмнэлэг гэснээс Богдын өвлийн ордонтой залгаад “АПУ”-гийнхан намрын намар задгай асар барьж шар айрагны баяр хийдэг болоод удаж байгаа. Согтуу хөлчүү хүмүүсийн элдэв янзын үнэртэй “шингэн”-ээр улсынхаа өв соёл, үүх түүхийг доромжлуулж байгаа АПУ-гийнхан шүтээн лам Осгонбаярынхаа захиасыг мартчихав уу эсвэл тэр их сүсэг бишрэлээ мөнгөнөөс сольчихов уу гэдэг нь сонирхол татаж байна. Их богдынхоо амьдарч байсан энерги шингэсэн газрыг нь бохирдуулах нь ядаж л өөрсдөд болоод үр хойчид нь нүгэл болно гэж боддоггүй л юм байх даа.

Монголд мөнгөтэй хүн эцэг, өвгөдийнхөө булшийг тоносон ч хамаагүй болсон бололтой. Тиймээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших Богд хааны ордон музей АПУ-гийн охин компани болох “Ван трейд”-д газраа булаалгаад нэлээд хэдэн жилийн нүүрийг үзлээ. Богд хааны ордон музей нь 5.7 га газар эзэмших эрхтэй гэдгээ Засгийн газар тогтоолоороо батлаад өгчихсөн. Гэтэл 1.6 га газраа УИХ-ын гишүүн Г.Батхүүд булаалгачихаад сууж байна. Баян хүн лаагаа идсэн ч хамаагүй гэгчээр Богд хааны музейг баячууд бараг л “жорлон”-гоо болгох нь холгүй аашилж  байна.  Ямар сайндаа л тэднийг багш лам хэмээн мөргөж, шүтэж ирсэн Осгонбаяр нь олны өмнө “Юу вэ, юу хийх вэ гэдгээ сайн бод. Сайн бодох хэрэгтэй. Юм унш. Юм унших хэрэгтэй, сайн бодох хэрэгтэй. Нэг л их омогтой улс байх юм. Та бид хоёр цөмийн зэвсэгийн өмнө юу вэ. Нэгхэн цөмийн цэнэгтэй хушууны өмнө бид юу вэ. Сайн бод. Энэ хүмүүст үүнийг сонсгох ёстой юм. Тэгэхгүй бол энэ хүмүүс цадигаа алдаад байна. Нэг л их омогтой улсууд яваад байгаа юм” гэж бүлтийтэл загнаж, зодох билээ.

Н.ЕРӨӨЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж