Өрсөлдөөн гэдэг зөвхөн тамирчдын дунд яригддаг сэдэв биш. Эдийн засаг, бизнес өрсөлдөөнгүйгээр эрүүл хөгжиж чадахгүй. Геологийн таамаг нөөц нь 173 тэрбум тонноор яригддаг Монгол Улс нүүрсээ зарахгүйгээр мөнгөтэй болж чадахгүй юм. Нийт экспортын гуравны нэгийг эзэлдэг энэхүү ашигт малтмалыг гадаад зах зээлд өрсөлдөх чадвар буурч, Уул уурхайн яам, Сангийн яамнаас хамтран гаргасан том төлөвлөгөө тасалдах нь ойлгомжтой болжээ. Энэ жил Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортолох төлөвлөгөөтэй байгаагаа салбарын сайд нь байсхийгаад хэвлэлийн хурал хийлгэж сануулдаг болсон. Гагцхүү хуурай, хоосон тоо зөвхөн салбарын сайдын сэтгэлийг л цатгаж буй болохоос нийт эдийн засгийг хооллож чадахгүй байна гэдгийг мань хүн ойлгосон эсэх нь эргэлзээтэй.
Зөвхөн монголчууд биш хятадууд Монголын нүүрсний экспортын хэмжээ энэ жил лав өсөхгүй гэдгийг Шансид болж байгаа “Дэлхийн коксжих нүүрсний нөөц ба зах зээл” сэдэвт олон улсын чуулга уулзалтын үеэр баталсан байна.
Тив, дэлхийн нүүрсчид Шанси мужид цугларч, энэ сэдвээр асуудал өрнүүлж байгаа бөгөөд хуралд оролцож байгаа “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Т.Нарангийн дамжуулснаар Хятадын төлөөлөгчид Монголоос импортлох нүүрснийхээ хэмжээг энэ онд нэмж чадахгүй гэдгээ ил шулуухан хэлсэн гэнэ.
Коксжих нүүрсний хувьд Монголынх шиг чанартай нь ховор гэдгийг хятадууд хүлээн зөвшөөрсөн хэдий ч тээвэрлэлтийн асуудал бас бус зардалаас болоод манай улсаас чанартай нүүрс худалдаж авахад бэрхтэй байгаагаа дуулгажээ. Аргагүй биз дээ, нэг тонн нүүрс 35 ам.доллар гэвэл түүний хоёрны нэг буюу 17 ам.долларыг нь зөвхөн тээвэрлэлтийнхээ зардалд зарцуулдаг. Олсон ашгийнх нь тэн хагас нь зөвхөн тээвэрлэлтийн зардалд явчихаар хэн тийм ашиггүй наймаа хийхийг хүсэх билээ.
Монголын нүүрс дэлхийн анхаарлыг татаж, хөрөнгө оруулагчдын шуналыг хөдөлгөж эхлэх үеэс л дэд бүтцийнхээ асуудлыг шийдвэрлэсэн бол гадаад зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхгүй юмаа гэхэд ядаж л хадгалаж үлдэх боломжтой байлаа. Харамсалтай нь, Монголын энэ сул тал манай өрсөлдөгчдөд томоохон боломж олгож буй нь гарцаагүй. Хятадын зах зээлээс Монголын нүүрсийг шахаж, өрсөлдөх чадварыг нь сулруулах замаар өөрсдийнхөө байр суурийг бататгах сонирхол их гүрнүүдэд багагүй бий. Ялангуяа ОХУ сүүлийн хоёр жилийн дотор Хятадын зах зээлд эзлэх байр сууриа томсгохын тулд байдаг арга чаргаа хэрэглэх болсон.
Гэтэл Монгол яаж байна. Хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал хангалтгүй,дэд бүтэц байхгүй, тээврийн тарифын асуудал нь тодорхой бус, нүүрсээ олон улсын зах зээлийн үнээр борлуулж чаддаггүй гэхчилэн түмэн зовлон тоочоод сууж байна даг.
Хятадын эдийн засгийн өсөлт хэдийгээр өргөн жилүүдтэй харьцуулахад саармагжиж буй боловч нүүрсний импортын хэмжээгээ бууруулахгүйгээр 27 хувиар өсгөж, энэ жилдээ 90 гаруй сая тонн нүүрсийг “хав дарах” төлөвлөгөөтэй байгаа билээ. Гэтэл тус улсаас хэдхэн километрын наана оршиж буй Тавантолгойн хамгийн чанартай гэх коксжих нүүрсээ монголчууд энэ жилдээ лав үнэд хүргэж чадахаасаа өнгөрөв бололтой. Хятад улсын импортын нүүрсний хэрэглээ жил бүр нэмэгдсэн. Харин Монголоос Хятад руу нийлүүлж байгаа нүүрсний хэмжээ сүүлийн хоёр жилийн байдлаар бууралттай гарлаа. Өнгөрсөн жил гэхэд арай ядан 18 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил хэдийгээр 30 сая гэсэн том тоо тавьчихаад байгаа ч нүүрсний компанийн санхүүгийн байдлыг харвал тал хагасыг нь эскпортолж чадвал их юм.
Монголын нүүрсний үнэ дэлхийн зах зээлийн ханшаар биш жишиг үнээр тодорхойлогддог. Хичнээн их нүүрс экспортолно. Тэр хэмжээгээр мөнгөтэй болно. Тэгэхээр төлөвлөсөн нүүрсээ экспортолж чадахгүй бол тооцсон мөнгө олж авах бололцоогүй болно. Нүүрсний зах зээл дэх жишиг үнэ улам бүр унах тусам олон жил ярьсан мөнөөх л төмөр замын асуудлыг хөндөхөөс өөр аргагүйд хүрнэ. Дахиад нөгөө улиг болсон асуултууд: Төмөр зам хаана байна, Монголын нүүрс хэзээ үнэд хүрэх вэ?