Б.Билэгтийн асуудлыг оруулах уу?

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Б.Билэгтийн асуудлыг оруулах уу?

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагджээ. Намрын чуулган завсарласны дараагаас долоо хоног бүрийн баасан гаригт ээлжит хуралдаанаа хийх болсон Засгийн газрын хувьд энэ өдөр хоёр дуулиантай асуудлыг хэлэлцэж мэдэхээр байна.

Эхнийх нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх үү?. Хоёр дахь нь, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Боомтын захиргааны даргаар томилогдох уу гэх асуулт юм.

Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтийн суудал ганхаж эхэлсэн нь хууль зүйн салбарт хийж буй шинэчлэлтэй холбоотой байж мэдэх тухай гаргалгаа анх гарсан ч тэр нь эцэстээ Хууль зүйн сайддаа гүйцэтгэх ажиллагаа явуулсан болж хувираад байна. Хамгийн ноцтой нь энэхүү гүйцэтгэх ажиллагаа зөвшөөрөлгүй хийгдсэн. Мөн Хууль зүйн сайдын мэдэлд байдаг цагдаагийн байгууллага нь яагаад сайдыгаа чагнаж, мөрдөх болов гэх асуултыг тавьж буй. Гэвч цагдаагийн байгууллагаас энэ талаар албан ёсны байр суурийг илэрхийлээгүй байгаа юм.

Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Хуулийн байгууллагад шаардлагатай байгаа шинэтгэлийг хийнэ. Магадгүй бодлогоо хамт боловсруулж, шинэтгэлээ хамтран хэрэгжүүлнэ гэх итгэл үнэмшилгүй хүнийг энэ газрын даргаар томилсон нь миний алдаа байж мэднэ. Гэхдээ асуудлыг Засгийн газраар оруулж шийдэх ч энэ хүнийг хэрхэхээ шийдээгүй байна” хэмээн гурав хоногийн өмнө мэдэгдсэн. Тэгэхээр өнөөдөр эл асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн нэг тийш болж мэдэшгүй байна.

Хил, гаалийн үйл ажиллагааг чирэгдэлгүй, давхардалгүй болгох зорилгоор УИХ-аас Хилийн боомтын тухай хуулийг шинэчлсэн баталсан юм. Хууль ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ. Үүнтэй холбоотойгоор Боомтын захиргаа хэмээх шинэ байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Тус боомтын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ажиллах болсон тухай Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг уржигдархан зарласан. Гэвч асуудал Засгийн газрын хуралдаанаар орж албажаагүй  учраас уу, тэрээр “Би Боомтын захиргааны дарга болоогүй байгаа” хэмээн үгүйсгээд байна.

Хэзээ мөдгүй хууль нь хэрэгжих учраас Боомтын захиргаа ажлаа эхлүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, түүнээс урьтаж Засгийн газар Боомтын захиргааны удирдлагыг томилох шаардлагатай тул тэрээр шинэ албанд томилогдох магадлал өндөр байна.

Хэдийгээр олны анхаарал татаж буй энэхүү хоёр асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй боловч иймэрхүү асуудлыг аль ч Засгийн газар “нууц”-ын зэрэглэлд хамруулах шахан шийдэж ирсэн урьдын туршлага бас бий.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг доорх хүснэгтээс сонирхоно уу.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.     

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан
Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд
Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

2.     

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Хөдөлмөрийн
тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас
өгөх санал, дүгнэлтийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

3.     

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын санаачлан боловсруулсан
“Төрөөс хүнд үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их
Хурлын тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

4.     

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан
Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн
даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах
тухай, Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн
төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

5.     

“Цагдаагийн албан хаагчид мөнгөн урамшил олгох журам”
батлах тухай

Х.ТЭМҮҮЖИН

6.     

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын санаачлан боловсруулсан “Ашигт
малтмалын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх
санал, дүгнэлтийн тухай

Х.ТЭМҮҮЖИН

7.     

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай*

Ч.САЙХАНБИЛЭГ

8.     

Төсөвт зохицуулалт хийх, хөрөнгө шилжүүлэх тухай

Ч.САЙХАНБИЛЭГ

9.     

Хамтарсан компани байгуулах тухай 

Ч.САЙХАНБИЛЭГ

10. 

Барилга захиалагчийн албаны талаар авах арга хэмжээний
тухай

Ц.БАЯРСАЙХАН

11. 

Татвар төлөх хугацааг сунгах тухай 

А.ГАНСҮХ

12. 

Жагсаалтад өөрчлөлт оруулах тухай

М.СОНОМПИЛ

13. 

Журам батлах тухай 

М.СОНОМПИЛ

14. 

“Гудамж төсөл”-ийг батлах тухай Засгийн газрын 2013 оны 46
дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай*

Н.БАТБАЯР

15. 

Нууцын асуудал*

Ч.УЛААН

16. 

Нууцын асуудал*

Ч.УЛААН

17. 

Бусад асуудал*

Н.АЛТАНХУЯГ

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж