
-Энэ жилийн “Гэгээн Муза”-д нэг дэвшиж, өрсөлдөхөөр бүртгүүлсэн бүтээлүүдийн жагсаалтыг хартал танай театрын их олон бүтээл байна. Драмын жүжгийн төрөлд дөрөв, нэг хүний моно жүжгийн төрөлд долоон бүтээл сойх гэж байгаа юм байна. Ёстой л нэг хүч түрэн орж ирж байх шиг санагдлаа.
-Би бас тэр мэдээллийг харсан. Хараад айсан. Гэхдээ хүн том зорилго тавих тусам, ялангуяа уран бүтээлч хүн амжилтад хүрдэг. Сонгож байгаа зохиолоос л тухайн уран бүтээлчийн ур чадвар харагддаг. Манай театрын утга зохиолын ажилтан маань зохиолоо сонгочихоод жүжигчдээсээ асуудаг. “Үүнийг тоглож чадах уу?” гэж. Тэгэх бүрт жүжигчид маань бодож байгаад “Чадъя” гэж хариулдаг.
-“Чадна” биш “Чадъя” гэж үү?
-Тийм. Сая тэгээд Ионескогийн “Сандлууд” жүжгийг тавьсны дараа чадах юм байна гэдгийг ойлгосон. “Гэгээн Муза”-д өрсөлдөж байгаа жүжгүүдийг хараад айдас төрсөн л дөө. Мундаг жүжгүүд байна. “Дин Кихот” байна. Тэр олон зуун жил театрын тайзанд тавигдаж ирсэн бүтээл. Тэгээд найруулагч Баатар тэрийг тавьсан. Ер нь театрын урын сангийн бодлого их өөрчлөгдөж байна. Цаг үеэ дагаад. Манайх гэхэд лаборатори театр. Тийм болохоор янз бүрийн туршилтуудыг хийж байна. Супер реалист жүжиг тавьсан. “Хүн хүний хайр” гэж. Дараа нь бид абсурд театрын туршилт хийж Ионескогийн “Сандлууд”-ыг тавьсан. Маш амжилттай болсон. Мэргэжлийн театрын хүмүүс, найруулагч, шүүмжлэгч нарын зүгээс өндөр үнэлгээ авсан. Театрын амьдралд хувьсгал гарлаа гэж дүгнэж байгаа. Гэхдээ абсурд жүжгийг аль нэг театрын жүжигтэй харьцуулах аргагүй. Жүжиг бүхэн өөрийн өнгөтэй. Тусдаа амьд бие болж хувирдаг. Жүжиг сайн, муу гэж байдаггүй. Жүжиг амилна, амилахгүй л гэж байна. Гоё жүжиг гэж байхгүй, хөөрхөн жүжиг гэж бүр ч байхгүй. Дараа нь бид Японы Акутагавагийн сюрреалист жүжгийг туршсан. Хүний тархинд маш олон өнцөг байгаа. Тэр өнцөг булан бүрт байгаа хаалга бүхнийг нээж үзэх бүсэлтэй байна, бидэнд.
-Тэр олон хаалгын нэгийг онгойлгох түлхүүр нь “Хирснүүд” жүжиг үү?
-Сүүлийн хоёр, гурван жилээс л бид нөгөө социалист реализмынхаа их давалгаанаас ангижирч байна шүү дээ. Сүрлэг бадрангуй, магтан дуулсан урлагаас татгалзаж, сүбботник хийхээ больж, хувийнхаа уран бүтээлийг хийж эхэллээ. Сүүлийн үед манайд инээдэм их тоглогдож байна. Нэг бол хүн уйлуулсан эмгэнэл. Хүн уйлах, инээхдээ маш амархан. Хальтраад уначихад л инээнэ. Гэвч инээд гэдэг чинь цаанаа гунигтай, тэр гуниг гэдэг цаанаа хорон инээд агуулсан байдаг юм гэдгийг харуулахын тулд Эжен Ионескогийн нэг жүжгийг бүр зайлшгүй тавихгүй бол болохгүй байсан юм. Тэр бол “Хирснүүд”. Нэг зоригтой орчуулагчийн буянаар тэр зохиолоо бэлэн олж авсан л даа. Ер нь би оюун санааны таталцлын онолд итгэдэг. Юу хүснэ тэр маань яг цагтаа цуглаж ирээд байдаг юм. Хүүхэлдэйн кино хийе гэж мөрөөдөж явсан. Хэний ч өмнө нүүр улайхааргүй хоёр, гурван кино хийсэн. Хэнээс ч дутахааргүй компьютер графиктай болохыг мөрөөддөг байсан. Бүтчихсэн. Нэг зүйл хүсэж, мөрөөдөхөд л ивэлсээр байгаад л бүтдэг.
-Тэгвэл ийм театр бас таны мөрөдөл байсан байх нь ээ?
-Тийм шүү. 60 хүрээд ухаан ордог гэдэг шиг одоо бол амьдралын хойноос хөөцөлдөх, өдөр тутмын асуудалд орооцолдох тэр хордлогоос гарчихаж. Өмнө уншсан зүйлүүдээ эргэж хараад бодоод суутал ер нь хэдэн жүжиг хийж үлдээх хэрэгтэй юм байна гэж бодсон Гэхдээ яг одоо. Сэтгэхүйн энэ олон хэлбэр, зарчмуудыг залуу үедээ хэлж өгөхгүй бол өдөр хоногоор хоцроод л байна. Тийм ч учраас бид эхний ээлжинд, абсурд, реалист, сюрреалист гэсэн энэ гурван том хэлбэрийн жүжгийг зэрэгцүүлж тавьсан. Одоо энэ “Хүрснүүд” бол өнөөдөр яг манайд болж байгаа үйл явдлыг ярина. Ярихдаа эмгэнэлт инээдмийн маягаар ярина. Тэр нь дотроо мундаг драмтай. Абсурд жүжиг биш. Тэгж ойлгож болохгүй. Зүгээр л бодит амьдрал. Жаахан хийсвэр сэтгэлгээтэй. Хүн хирс болчихдог. Ер нь бол хирс гэдэг амьтан төрөөд 1-2 жил болоод л үхэхээ байчихдаг. Байгалийн жамаар л, нас нь болохоор л үхнэ. Ер нь хүн төрөлхтөнд ийм хирсжих үзэгдэл явагдаад байгаа. Энэ тухай Ионеско 50-60-ад онд бичиж. Гэвч сэдэв нь шинэ хэвээрээ.
-Хирсжих гэдгийг ямар утгаар хэлж байна?
-Аливаа эрх мэдэл, мөнгөний цаана заавал ямар нэг хамгаалалт давхар явж байдаг. Эд хөрөнгөө, албан тушаалаа алдахүйн тулд нэг л өдөр хамгаалалт хийж эхэлдэг. Хамгаалалтын хамгийн эцсийн шат бол өнөөгийн энэ соёлжсон нийгэмд хууль. Хуулийг өрчилнө гэдэг бол хамгаалалт хийж байна гэсэн үг. Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг бол бүр ч хамгаалалт хийж байна гэсэн үг. Хууль хэний эрх мэдлийн төлөө үйлчилж эхлэв ээ гэдэг дээр асуулт гарч ирнэ. Энэ тухай л жүжиг юм. Би гэхэд одоо ингээд насны нар хэвийж эхлэх үед эргээд харахад амьдралынхаа нэлээд хэдэн жилийг, ид хийж бүтээх үеэ хирсний сүүдэр дор өнгөрөөсөн байна. Би асар их гунигладаг. Тэгэхээр “Хирснүүд” бол миний хашгираан. Өнөөдрийн давхар дээлтнүүдийг дээлээ тайлаач ээ гэж хашгирч байгаа миний хашгираан. Дараа дараачийн жүжгүүдээрээ ч заавал ямар нэг зүйлийг хэлж байж сална. Би хэнийг ч магтан дуулахыг хүсэхгүй байна. Тэр тусмаа өөрийгөө бүр ч магтан дуулмааргүй байна.
-Тэтгэвэртээ гарах бэлтгэлээ хийж байгаа гэсэн үг үү?
-Уран бүтээлч хүн тэтгэвэрт гардаггүй л дээ. Харин ч би өөрийгөө одоо ид хийж бүтээдэг цаг үедээ ирчихэв үү гэж бодож байна. Юу ч хийсэн, хэн нэгэн хэн хажуунаас оролцоод “Чи юу хийгээд байгаа юм?” гэж хэлэхээргүй хэмжээнд хүрчихсэн. Хэнээс ч айхгүй байж чаддаг тийм үедээ ирчихсэн байгаа учраас хүссэнээ хийх бодол байна. Залуу хүнд нэг айдас байдаг. Хүн юу гэх бол гэдэг. Ээж, аав юу гэх бол, эхнэр, нөхөр юу гэх бол гэдэг айдас. Эжен Ионеског уншсанаас хойш надад бүх хүн хирс болж харагдсан. Ямар нэг байдлаар өөрийгөө хамгаалчихсан. Хүний төрөлх чанар байж болох л юм. Гэхдээ зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө түмний эрх ашгийг золиосолж хирсжиж байгаа бол аюул. Эргэн тойрноо хар л даа. Манай хотын төвд саарал ордон дотор хирснүүд. Сайхан сайхан хирснүүд. Өөрийн бэлчээртэй, өөрийн газар нутагтай, өөрийн иддэг хоолтой, жижигхэн хөөрхөн махан идэштэн юм уу, сүүн тэжээлтнийг гишгээд алчихдаг. Гишгэж байгаагаа өөрөө мэддэггүй. Яаж мэдэх юм, тэр аварга том амьтан чинь. Энэ жүжигт хирс нэг муур гишгээд алчихсан тухай яриа болдог юм. Муур гишгэж байгаагаа мэдэхгүй шүү дээ.
-Огт мэдрэхгүй байлгүй.
-Харин тийм. Тэгвэл энэ зовж, зүдэрч байгаа ард түмэн тэр хирснүүдэд мэдрэгдэж байна уу? Бид наанаас нь хашгираад л, тэмцээд л, бүр салаавч хүртэл үзүүлээд байгаа шүү дээ. Нэр бүхий гурван хүн бүр зорьж очиж байгаад мундаг салаавч үзүүлсэн биз дээ. Тэрийг харсан юм уу?
-Бүр хоч авсан биз дээ, түүгээрээ? Зарим нэг хүний овог солигдохоо шахсан.
-Тэгсэн шүү дээ. Тэглээ гээд харсан юу уу? Буу хүртэл дуугарсан. Тэрийг сонссон юм уу? Хирсний мэдрэмж их бүдүүн юм шиг байгаа юм. Гэтэл энэ жүжигт нэг өгүүлбэр бий. “Өө, ямар их мэдрэмжтэй амьтан гээч” гэдэг. Гэтэл тэр хирсжих үзэгдэлдээ маш нарийн мэдрэмжтэй. Өчүүхэн боломжийг ч андахгүй.
-Тэгвэл энэ жүжгийг саарал ордны эрхмүүдэд зориулж гэж ойлгож болох уу?
-Үгүй шүү. Энэ хирсжих гээд мөрөөдөөд байгаа хүмүүст зориулж байгаа юм. Нэгэнт хирсжсэн бол одоо байгалийн жамаараа л үхнэ. Хууль гаргаад хуулиараа хамгаалуулсан, үйлдэл дээрээ баригдахгүй бол хирс хэзээ ч үхэхгүй. Хирс сайд, дээр нь Их хурлын гишүүн байх юм бол хуулийг чөлөөтэй гаргаж болно. Сайн хирс бол Үндсэн хуулийг ч өөрчилж болно. Сайн хирс валютийн ханшийг ч өөрчилж ашиг унагаж чадна. Мундаг сайхан хирснүүд эргэн тойронд олон байна аа.
-Хирсний ухаан гэж бас байх нь ээ?
-Өө байлгүй яахав. Дэндүү нарийн ухаан. Тэр бүдүүн тоймын амьтанг хараад хүмүүс “Эвий энэ муу амьтан яаж амьдардаг юм бол доо” гэж боддог. Яаж амьдарч байгааг нь бид хараад хэзээ ч мэдэхгүй. Бидэнд харагддаггүй. Биднээс хол болоод ч тэр юм уу. Жишээлбэл манайд эх орончид гэж хэдэн нөхдүүд байна. Дээл хувцас өмсөөд, нум сум энэ тэр барьчихсан. Тэд нар хирсжих гээд л яваад байгаа юм. Эх орон гэдэг үг чинь бас зарим хүний хувьд хирсний хуяг дуулганых нь нэг шүү дээ. Хувь хүнд ч байна. Хэн нэгний алдааг олж мэдэж атгачихаад, тэрүүгээр нь мөнгө хийж, тэрүүгээрээ албан тушаалд очно. Энэ чинь хирсжих үзэгдэл. Тухайлбал нам гэдэг бол хирсжих хамгийн том үзэгдэл. Нэг намд орчихвол бүр төмөр ч биш ширмэн дээлтэй болоод авлаа л гэсэн үг. Төмөр дээлийг сум нэвтэлчихэж магадгүй шүү дээ. Тийм ширмэн дээлэн дотор нь нэг муу өөдгүй ялзарсан, нэг эст амёб ч байсан амьдарна. Хэзээ нас нь болж үхэх юм тэр цагтаа л үхнэ. Бөөс бол тэр ширмэн хуяг дотор гайхалтай сайхан амьдарна. Хэн ч тэрийг алахгүй. Иддэгээ иднэ. Сордгоо сорно.
-Хэнд ч гишгэгдэхгүй.
-Хэнд ч гишгэгдэхгүй, тийм хуяган дотор байгаа юм чинь. За даа тэгээд мэдэхгүй, ийм жүжиг хийгээд яваад байдаг зөв ч юм уу, буруу ч юм уу. Бүү мэд дээ.
-Та түрүүнд юу хүссэнээ хэнээс ч айхгүй хийж чадах хэмжээнд хрсэн гэж өөрийгөө тодорхойлсон шүү дээ.
-Би хүссэн уран бүтээлээ хийх хуяг дуулгатай болчихсон. Би бас нэг төрлийн хирс шүү дээ. Одоо намайг ямар ч үзэл суртлын буугаар буудаад дийлэхгүй. “Хирсжих гэдэг ийм муухай юмны тухай, санаагүйг сануулж бидний эсрэг ийм заваан жүжиг хийсэн байна” гэж манай улстөрийн удирдлагуудын хэн нь ч хэлээд, хүн явуулаад би хирсжчихсэн. Ямар ч атомын бөмбөг явуулаад Мягмар гуай үхэхгүй. Яагаад гэвэл энэ нөхдүүдийг би бүгдийг нь танина. Бүгдийнх нь хүсэл мөрөөдлийг би мэднэ. Бидэнд мөнгө тараагаад хирс болох эрхээ худалдаж авсан байхгүй юү. Сальвадор Далигийн “Казаново” гэдэг зураг бий. Хирсний хамар дээр хүүхэн мордчихсон зураг. Тэр бол эмэгтэй хирс. Хирстэй очоод наалдчихсан хүүхэн одоо яах юм бэ. Хирсний зулзаганууд яах юм. Яг үнэндээ хирс бол агуу амьтан. Харин хирсийг бий болгосон бидний хөөрхий хүмүүс хохь нь. Бид өөрсдөө тэднийг төрүүлсэн шүү дээ.
-Иймэрхүү жүжиг тоглоход ер нь үзэгч хэр байх бол?
-Магадгүй энэ театрын байшинг тавилга зардаг дэлгүүр ч юм уу болговол түрээсийн мөнгө аваад мөнгө олоод байж болох юм. Гэтэл тэгэлгүй жүжиг тоглоод байгаа нь өөрөө солиорол байх л даа. Үзэгч цөөтэй байж магадгүй ээ. Гэхдээ ийм байгаагийн шалгаан нь урлагт байгаа хирс Мягмар олигтой ажиллаагүйнх. Их оройтож хийж байгаагийнх. Бид бол 20 жилийг зүгээр л тавиад туучихсан юм билээ. Ганцхан хайрцган дотор, нэг өрөөнд л байсан, бид. Социалист реализм гэдэг өрөөнд. Тэрнээсээ гардаг ч үгүй.
-Гаръя гэж боддог ч үгүй байсан гэж үү?
-Яаж бодох юм? Үүдэн дээр хирснүүд таглаад хэвтчисэн юм чинь яаж гарах юм? Тэгээд л тэр өрөөний мухарт, харанхуйд амьдарч байсан шүү ээ, бид чинь. Арайхийж хаалгаа онгойлгоод гараад ирсэн чинь нөгөө хирснүүд биднийг тэжээхээ больчихсон. Нөгөө социалист хирс маань. Тэгэнгүүт бид амьдралын хойноос тарж одсон. Яг шоргоолж шиг. Үр хүүхдээ өлсгөж алдчихгүйхэн шиг тэр хүнд үеийг давсан. Тэгээд социалист гэдэг хайрцагнаас гараад өөрийн гэсэн үзэл бодолгүй, идеалгүй 20 жилийг ардаа орхисон байна. Одоо бол бид өмсөх хувцас, идэх хоолтой болсон. Одоо бид эргээд харж эхэлж байна.
Ийм л яриа өрнөлөө. “Хирснүүд”-ээр яг энэ өдрүүдэд ид амьсгалж байгаа театр дотор. Хэдхэн хоногийн дараа олон улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд түрүүнээс хойш бидний ярьсан өнөөх хирснүүдийн тухай, хүн төрөлхтний сэтгэлгээний ертөнцийн хурц тод гэрэл гэгээнүүдийн нэг Эжен Ионескогийн шинэ жүжиг нээлтээ хийнэ. Нэр нь “Хирснүүд”. Хирс нь харин хэн ч байж болно. Магадгүй та өөрөө ч байж болно.