
ОХУ-ын Гадаад хэргийн сайдын орлогч Сергей Рябков “Украинаас Крымыг буцаан авснаас үүдэн Москвагийн эсрэг барууныхан хориг тавих нь эргээд маш том аюул авчрах болно” хэмээн мэдэгджээ. Ийнхүү ОХУ-ын зүгээс барууныхны эсрэг ширүүн заналхийллээр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх уулзалт өндөрлөсөн байна. Гэхдээ уулзалтын дараа АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Женнифер Псаки ОХУ нь Ираны асуудлаар яриа хэлэлцээрийн идэвхитэй хамтрагч хэвээр байгааг онцлон мэдэгджээ.
ОХУ нь удаан үргэлжилж буй Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалд Тегераныг ятгах гол орон билээ. Үүний зэрэгцээ Ираны цөмийн хөтөлбөрийг хумих асуудалд АНУ, ОХУ нь ялгаатай байр суурь баримталсаар ирсэн бөгөөд үүнийг Тегераны эрх баригчид ашиглахыг оролддог юм.