Хууль зүйн сайдын тэсэлсэн “бөмбөг”

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Хууль зүйн сайдын тэсэлсэн “бөмбөг”

УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөрхөн салбарынхныхаа дунд нэгэн “бөмбөг” тэсэлж орхив. Сайдын амнаас санаандгүй үг унана гэж юу байх вэ. “Бөмбөг тэслэх” энэ тэр гэж сүржигнэхийн учир юун хэмээвэл түүний удирдлагад ажилладаг цагдаагийн байгууллагынхан салбарынхаа сайдын эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Гүйцэтгэх ажиллагаа гэдэг нь хэн нэгэн болон аль нэг хуулийн этгээдийн талаар мэдээлэл цуглуулахаар тагнуулын үйл ажиллагаа явуулахыг хэлдэг. Утасных нь яриаг чагнах, мөрдөж мөшгих, нууцаар мэдээлэл цуглуулах гэх мэтээр. Нэг үгээр хэлбэл, Х.Тэмүүжин сайд өөрөө энэ удаа өөрийнхөө удирддаг цагдаагийн байгууллагын хууль бус ажиллагааны хохирогч болжээ.

Уг нь Монголд Гүйцэтгэх ажиллагааны тухай хууль гэж бий. Энд зааснаар эрх бүхий байгууллага /тагнуул, цагдаа гэх мэт/ хэн нэг иргэн, хуулийн этгээдийн эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсан байх учиртай. Энэ зөвшөөрлөө авахын тулд “Иргэн тэр эсвэл ийм нэртэй хуулийн этгээд Монгол Улсын хуулийг ингэж зөрчиж, эрүүгийн гэмт хэрэг өдүүлсэн, энэ нь хуулийн этгээд болон хувь хүнд, эсвэл төрд ийм хэмжээний хохирол учруулсных нь төлөө эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа тул уг хэргийг нотлохын тулд ийм төрлийн гүйцэтгэх ажиллагааг энэ хүрээнд ийм хугацаанд явуулахыг зөвшөөрнө үү” гэдэг үндэслэл бүхий хүсэлтээ прокурорын байгуулагад гаргаж өгөх учиртай. Прокурор нь үүнийх нь үндэслэлтэй эсэхийг шалгасны дараа гүйцэтгэх ажиллагаа явуулах зөвшөөрөл өгдөг. Эсвэл зөвшөөрөл өгдөггүй, гаргаж байгаа үндэслэл нь хангалтгүй гэж үзвэл. Хоёрдугаарт эрх бүхий байгууллагад иргэд, байгууллагаас ирсэн мэдээллийн дагуу мөн гүйцэтгэх ажиллагаа явуулж болдог.

Харин Х.Тэмүүжин сайдын талаар ямар нэг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар цагдаагаас ч, тагнуулаас ч тийм мэдээлэл гараагүй. Тиймээс мэдээж гүйцэтгэх ажиллагаа явуулах талаар прокурорт ч хүсэлт ирээгүй, зөвшөөрөл өгөөгүй гэдгийг албаны эх сурвалж хэлж байна.

Тэгэхээр Хууль зүйн сайдын эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулсан /өөрийнх нь хэлснээр/ энэ хэрэг хууль бус үйлдэл болж таарлаа. Хэрвээ хэн нэг иргэн түүнийг эрүүгийн гэмт хэрэг хийсэн талаар цагдаад мэдээлэл, цагдаа түүнийх нь араас чулуу хөөгөөд явчихаагүй л юм бол. Уг нь тийм мэдээлэл ирсэн байлаа ч цагдаагийнхан салбарынхаа сайд дээр гүйцэтгэх ажиллагаа явуултлаа үгүй мөн удна биз дээ. Ер нь цагдаагийн байгууллага хэн нэгэн УИХ-ын гишүүний, тэр тусмаа Хууль зүйн сайдынхаа эсрэг тодорхой бус мэдээллийн мөрөөр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ гэж бид урьд өмнө нь сонсч байсан уу? Харин АТГ-ын хоёр дарга доор нь ажилладаг хүмүүсээ хууль бусаар тагнаж чагнасныхаа төлөө албан тушаалаасаа огцорч, хуулийн хариуцлага хүлээж байсан түүх бол бий.

Тэгэхээр цагдаагийнхны салбарынхаа сайдын эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулахад гаднаас нөлөөлсөн гэхээсээ илүү дотоодын сонирхол байсан бололтой. Сайд өөрөө ч хэлсэн байна лээ. “ЦЕГ-ын дарга нь ийм үл бүтэх хүн байгаа учраас дор ажиллаж байгаа хүмүүс нь сайдынхаа эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” гэж. УИХ-аар баталсан цагдаагийн албаны тухай хуулийн дагуу цагдаад хийж байгаа шинэчлэлийг хамгийн их эсэргүүцэж байгаа хүмүүс нь цагдаагийн дээд албаныхан. Тэр дундаа өмнөх хуулийн үед ЭЦГ болон УМБГ-т удирдах албан тушаал хашиж байсан нөхдүүд гэдгийг тэр хэлсэн байна. Шинэ хуулиар энэ хоёр газрыг нэгтгэж Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар болгон өөрчилснөөс болж албан тушаал, эрх мэдлээсээ салсан нөхдүүд бөөн гомдол болж байгаа бололтой юм. Тэгээд л сайдаасаа өшөө авахын тулд өөрийг нь болон гэр бүл, найз нөхөд, эргэн тойрных нь хүмүүсийг судалж, мэдээлэл цуглуулж эхэлсэн байна. Үүнд УИХ-ын зарим нэг гишүүд ч гар бие оролцож, хоёр талаасаа өөр өөрийн сувгаар мэдээллүүдээ цацаж эхэлсэн гэлтэй.

Саяхан УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хууль зүйн сайдыг УИХ-ын Ёс зүйн хороонд өглөө. Хэрвээ хариуцлага тооцохгүй бол дахиад ч олон мэдээлэл дэлгэх болно” хэмээн хэвлэлээр хэдэнтээ чанга хашгираад амжсан. Учир шалтгааны хувьд хөөж үзвэл энэ мэдээллийн цаана цагдаагийн дарга нар байсан гэх хардлагбг төрүүлж байна. Цагдаагийн дарга нарын албан тушаал эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн сонирхол дээр УИХ-ын зарим гишүүд хувийн хувийн тоглолтоо хийхээр санаа нэгдэж. Нөхдүүд хүч хавсарч байгаад хаврын чуулган эхэлмэгц Хууль зүйн сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулахаар “дарь”-аа нухаж байгаа сураг чих дэлсээд байна. Дээрх цуглуулсан баримтуудаа цагдаагийнхан УИХ-ын нэр бүхий зарим гишүүдийн гарт атгуулсан бололтой юм.

О.Баасанхүү бол угаасаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Х.Тэмүүжингээс нэг ангийн дээр төгссөн гэдгээ байнга сануулж, шаралхаж явдаг хүн. Цагдаагийн дарга нар бол “Хэрвээ Х.Тэмүүжин огцорчихвол Ардчилсан нам Хууль зүйн сайдыг танай намд өгч таарна. Чи зүгээр бат” хэмээн баадууг нь чангалахаа мэднэ. Ж.Батзандан ч гэсэн Унгарт хуульчийн мэргэжил эзэмшсэн /гэхдээ энэ мэргэжлийнхээ ид шидийг УИХ-д орж ирсэн хойноо лав үзүүлээгүй/ гэдэгтээ найдаад “Би бол нам дотроо дараачийн Хууль зүйн сайд” гээд итгэчихсэн явахыг хэн мэдлээ. Харин Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж тэнд юу хийж явааг ёстой чөтгөр л мэддэг байх даа. Эчнээгээр хуульчийн диплом авсан хүн шүү дээ.

Өөрсдөө бол хэлэх л байх л даа, “улс төр бол улс төр” гэж. Тэгэхээр улстөрчдийн гарт орсон баримт болоод түүний үр дагаврын талаар түр хойш тавья. Харин Монголын цагдаа өнөөдөр юу болоод байна вэ? Алдагдсан өчүүхэн эрх мэдлийнхээ төлөө салбарынхаа сайдын эсрэг гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа цагдаагийн байгууллагад /гэхдээ үүнд нийт бие бүрэлдэхүүнийг хамаатуулж болохгүй гэдгийг дээр хэлсэн/ ард иргэд итгэл үзүүлж чадах уу? УИХ-ын гишүүний халдашгүй байдал, сайдын эрх мэдлээр халхлагдсан жирийн бус хүний өөдөөс хуульгүй загнаж чадаж байгаа нөхдүүд жирийн нэг иргэний өөдөөс өөр ямар сүр хүчийг үзүүлэх бол. Монголын цагдаа үнэхээр Монголын хуулиас гадуур тусдаа вант улс болчихсон юм биш биз?

Ямар ч байсан Хууль зүйн сайд хоёр жилийн өмнө цагдаагийн байгууллагад хийсэн томилгоондоо эргэлзэж эхэлсэн гэдгээ өөрийн биеэр хэллээ. Энэ эргэлзээг тайлах хүн нь Б.Билэгт. Харин тэр хүн энэ явдлын хариуцлагыг өөр дээрээ авах уу, эсвэл өмнөх шигээ өөр хэн нэгэнд наагаад өнгөрөх үү гэдгийг цаг хугацаа харуулна.

"Монголын үнэн" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж