Б.Ган-Очир: Форум “Монголдоо бүтээцгээе” уриан дор болно

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Б.Ган-Очир: Форум “Монголдоо бүтээцгээе” уриан дор болно

Б.Ган-Очир: Энэ жилийн эдийн засгийн форум “Монголдоо бүтээцгээе” уриан дор явагдана

“Монголын Эдийн засгийн форум-2014”-ийн талаар Монголын Эдийн Засгийн Форум-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ган-Очиртой ярилцлаа.

-Монголын Эдийн засгийн чуулган энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулганы онцлог нь юу вэ?

-Энэ жилийн Эдийн засгийн форумын ерөнхий уриа нь “Монголдоо бүтээцгээе”. Чуулганд оролцож байгаа 800 гаруй хүн хоёр өдрийн турш салбар салбараар нь ангилсан 30 гаруй сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр бэлдээд байна.

-“Монголдоо бүтээцгээе” уриаг хэрэгжүүлэхэд Эдийн засгийн чуулган ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Таны энэ асуултад хариулахын тулд Бүтээнэ гэж чухам юу вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай байх . Бид өнөөдөр яг юу бүтээж байна вэ. Манай улсын гаднаас импортоор авч байгаа нийт барааны 90 хувь нь эцсийн бүтээгдэхүүн байна. Бас гадагшаа экспортоор гаргаж байгаа бараа, бүтээгдэхүүний 99 хувийг түүхийгээр нь гаргаж байна. Энгийнээр хэлэхэд өөрсдөө бэлэн болчихсон юм авчихаад байхаар бидэнд ер нь бүтээж байгаа зүйл байна уу. Бидний бахархаад, маргаад байдаг уул уурхайн ордуудыг ч гэсэн хайхад, олоход, олборлоход бидний бүтээлч оролцоо байгаагүй болов уу. Хэрэв бид дотооддоо л бүтээж эхлэхгүй бол бүх л хямрал бидний мөнхийн хамтран амьдрагч байх юм биш үү. Тиймээс бүтээнэ гэж чухам юу болохыг хэлэлцэж ойлголцох ёстой гэж үзэн уг сэдвийг орууллаа. Дүгнэж хэлэхэд, бүтээнэ гэдэг бүтээлч санааг бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх гэж ойлгох болов уу.

-Энэ жилийн форумд хэдэн дэд сэдэв хөндөгдөх вэ. Өнгөрсөн жилийнхээс юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ жил салбар хуралдааны сэдэв өмнөх жилүүдтэй харьцуулвал хоёр дахин их болсон. Нийт 30 гаруй сэдэв байгаа. Энэ нь шалтгаантай. Нэгдүгээрт, Дэлхийн эдийн засгийн форумын ерөнхий загварыг авч байна. Хоёрдугаарт, сэдэв болгоноор нь нарийвчилж үзэхээр оролцогчдын чанарт анхаарч байгаа юм. Нэг сэдвээр л гэхэд 30-40 хүн хэлэлцүүлэгт оролцох болно. Өмнө нь бол нэг сэдвийн хэлэлцүүлэгт 100-200 хүн оролцохоор хүн болгон саналаа хэлж чадахгүй, харин арай идэвхтэй 10-аад хүн нь үг хэлээд л дуусчихдаг байсан. Энэ жилийн хувьд сэдвүүдээ нарийвчлаад задлахаар тэр сэдэв рүү орж байгаа хүмүүсийн тоо чанаржаад, гарч байгаа зөвлөмж нь илүү үнэ цэнтэй болно гэж харж байгаа. Түүнчлэн салбар хуралдаан дээр ямар нэгэн хэвлэл, мэдээллийг оруулахгүй. Харин хуралдаан дууссаны дараа хангалттай мэдээлэл өгнө. Ингэхээр уулзалт илүү бодитой, ажил хэрэгч өрнөнө гэж ойлгож байгаа.

-Өнгөрсөн жилийн Монголын эдийн засгийн чуулган болон Монголын Эдийн Засгийн форум байгууллагын ажлын үр дүнгийн талаар?

-Би таны асуултад гурван сэдвийг хөндөж хариулах шаардлагтай байх. Нэгдүгээрт, Монголын эдийн засгийн форум гэж арга хэмжээний мөн чанар юу вэ. Хоёрдугаарт, Монголын Эдийн засгийн форум ТББ чухам юу хийв. Гуравдугаарт, өнгөрсөн жилийн форумын сэдэв, түүний үр дүн ямар байв гэж. “Монголын эдийн засгийн форум гэж юу вэ. Товчхондоо эдийн засагт шийдвэр гаргадаг төр, зах зээлийн ертөнцөд өрсөлдөж, босож, тэмцэж яваа хувийн хэвшлийнхэн, эдийн засгийн судлаачид, дуу хоолойгоо олон нийтэд хүргэдэг ТББ-уудын төлөөлөгчид жилд нэг удаа нэг танхимд цуглуулаад улс орныхоо энэ жилийн эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлага, шийдвэрлэх асуудлуудыг хэлэлцэж ухаанаа уралдуулах боломжийг өгч байгаа талбар юм. Ингэснээр эдгээр оролцогчид нэг ойлголт, мэдээлэлтэй болох улмаар зөвлөмж гаргаж, түүнийг нь олон нийтэд хүргэх. Энэ ч утгаараа Монголын эдийн засгийн форум бол Монголын ард түмний өөрсдийнх нь бүтээсэн баялаг гэж би хувьдаа боддог. Одоо бол чуулган маань бүх хүн анхаарал хандуулдаг, эдийн засгийн асуудлаарх Монголын хамгийн том арга хэмжээ болсон байна. Өнгөрсөн жил Монголын эдийн засгийн форум томоохон ажлуудыг хийсэн. Нэгдүгээрт, Дэлхийн эдийн засгийн форумын дугуй ширээний ярилцлагыг анх удаа Монголдоо зохион байгууллаа. Дэлхийн эдийн засгийн форумын тэргүүлэгч болон гишүүд ирлээ. Монголын эдийн засгийн хөгжлийн зураглалын талаар ярилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдад хэрхэн ээлтэй орон болж байгаа талаар, Монгол Улсын Ерөнхий сайд Монголын хөрөнгө оруулалтын шинэ агентлаг хэрхэн байгуулагдаж байгаа талаар олон зүйлийг ярьсан. Дараа нь Дэлхийн эдийн засгийн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон мөн “Mongolian Night” арга хэмжээг маш амжилттай зохион байгуулсан. Ер нь энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форум Монголоор нэлээд амьсгалсан нь дэлхий дахинд улс орноо сурталчлах маш том боломж боллоо. Эцэст нь, өнгөрсөн жилийн эдийн засгийн чуулганаар монгол брэнд, ноос, ноолуур, оёдол, аялал жуулчлалын салбаруудыг хөндсөн. Гарцаагүй л хөндөх ёстой сэдэв. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй энэ үед эдийн засгаа төрөлжүүлье гэж хүн болгон ярьж байна. Тэгвэл төрөлжүүлэх гээд байгаа тэр зүйл нь бодит байдал дээр юу юм. Хаана байгаа юм. Хэрхэн, яаж хийх юм гэдэг дээр маш олон хүн хоорондоо хэлэлцэж, зөв мэдээллүүдийг солилцсон. Нөгөөтэйгүүр эдийн засгийг төрөлжүүлье, брэнд гаргая гэж байгаа үед дахиад л эдийн засгийн бүтээмжтэй холбоотой асуудлуудыг дурдах хэрэгтэй болж байгаа юм. Энэ жилийн сэдэв шүү дээ.

-Нийт 800 гаруй хүн оролцоно гэж байна. Оролцогчдын хувьд урьд өмнөх жилүүдийнхээс ялгаатай зүйл юу байна. Шинэ оролцогчид хэр олон байгаа вэ?

-Өнгөрсөн жилүүдийг ажиглахад гадны оролцогчдын ихэнх нь судлаачид байсан. Харин энэ жилийн хувьд байгууллагууд их хандаж байна. Одоогоор 30 гаруй байгууллагыг бүртгэсэн байгаа. Эндээс шууд бизнес хийхээр эрэлхийлж байгаа хүмүүс бидэнд хандаж байнаа гэсэн үг. Нөгөө талаасаа Монголчуудын Дэлхийн эдийн засгийн форумд оролцсон амжилт, шинэ хууль эрх зүйн орчин, шинэ хөрөнгө оруулалтын агентлагтай холбож ойлгож болох байх. Гэхдээ бидний хийж байгаа ажил бодит амьдрал дээр хэрхэн тусаж байна гэдгийг гадныхан өөрсдөө ирээд хараад үзээд дүнгээ тавиг. Ер нь бол судлаачдын хөндөж байгаа асуудал нэг өөр, байгууллагуудын асуудаг төвшин бас нэг өөр байдаг. Байгууллагууд бол хамгийн эхэнд зөвшөөрөл авах гээд бодит амьдрал ярьж эхэлдэг. Яг энэ асуудлуудыг нэлээд сайн сонсъё гэж бодож байна.

-Ам.долларын ханш чангарлаа, төсөв алдагдал хүлээсэн, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурсан гэх зэрэг сөрөг статистикууд бий. Чуулганыг зохион байгуулснаар энэ бүх асуудлыг шийдэхэд ямар нэгэн гарцыг олох боломжтой юу?

-Энэ жилийн форумын гол хүсээд байгаа зүйл бол таны хөндөж байгаа асуудал. Бид өөрсдөө бүтээж, дотооддоо үйлдвэрлэх боломжийг ярихгүй л бол энэ хямралууд байсаар л байна. 100 хувь гаднаас хамааралтай эдийн засагтай үед хэзээ ч тогтворгүй байдал арилахгүй. Бодоод үз л дээ. Өөрсдийнхөө олж байгаа зүйл дээр нэг ширхэг нэмүү өртөг шингээхгүй. 100 хувь бэлэн юмыг шууд худалдаж аваад байхаар чинь гаднаас хамааралтай байхаас өөр яах юм бэ. Тэгэхээр оролцогчдын маань ярих зүйл энэ жил илүүтэйгээр Монголдоо бүтээцгээе сэдвийг хөндөөсэй. Дахин дурьдахад бүтээнэ гэдэг нь Бүтээлч санааг бүтээмжтэйгээр хэрэгжүүлэх гэсэн агуулага юм болов уу.

-Салбар хуралдааны ямар ямар сэдвүүд байна вэ?

-Сэдвүүд website-д дээр гарсан байгаа . Жишээлбэл хөдөлмөртэй холбоотой “Ажилгүй юу, чадваргүй юу” гэдэг сэдэв байна. Үүнээс л гэхэд олон асуудлууд гарч ирэх байх. Зарлаж байгаа ажлын байранд тэнцэх хүн байдаг юм уу, үгүй юм уу. Ажил горилж байгаа хүмүүсийн чадвар ямар төвшинд байдаг юм. Ер нь ажиллах гээд байгаа хүмүүсийн хандлага, ёс зүйн төлөвшил ямар байна. Ажил олгогчид ажлын байранд тавигдах шаардлагаа зөв тодорхойлж чаддаг юм уу, үгүй юм уу. Ажлын байрны чанар, ажлын ачаалалд таарсан цалин, урамшууллын шударга систем Монголд байна уу. Ажлын байран дээрх сургалтын систем хэр юм. Мөн дээд боловсролын систем маань ямар байна вэ гээд олон асуудал “Ажилгүй юу, чадваргүй юу” хэлэлцүүлгээс гарч ирнэ. Бас “Санхүүгийн зах зээл ба шинэ тоглогчид” гээд сэдэв байна . Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд ямар арга хэмжээ авах ёстой юм. Урт, богино хугацаанд яах ёстой юм. Мөн шинэ тоглогчид, сангуудын талаар, зээлжих зэрэглэлийг хэрхэн ахиулах талаар хэлэлцэнэ. Жил бүр ярьдаг байгаль орчинтой холбоотой сэдвүүд ч байгаа.

-Эрүүл мэндийн салбарыг анх удаа онцолж байгаа гэсэн үү?

-Тийм. Эдийн засгийн форумтай холбоотой бүх мэдээллийг www.meforum.mn гэдэг хаягаас авч болно. Шаардлагатай гэж үзсэн бүхий л сэдвүүдийг хөндсөн байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Л.ЭНХДЭЛГЭР

Эх сурвалж: www.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж