Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Эрс тэсийн хот

Фото:Sergio Moraes / Reuters / Vostock photo

2014.03.12. Бразиль. Дэлхийн 2014 оны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ба 2016 оны зуны олимп явагдах Рио-де-Жанейро хотын Турано гэх ядуусын хороолол. Хотыг тойрсон толгодуудад шавааралдсан ядуусын хороолол нь энэ хотод цагаан элсэн шарлагын газрууд тансаг харш, тэнгэр баганадсан орчин үеийн өндөр байр байшингуудтай зэрэгцэн оршино.

Бразилийн том хотуудын ядуусын хорооллуудыг фавела гэж нэрлэдэг ба XVIII зууны сүүлчээр гарч иржээ. Эхлээд ядуу африк гаралтнуудын дүүргүүд байсан бөгөөд боол байсан хүмүүс амьдарч байлаа. “Фавел” гэсэн нэр нь ХIХ зууны сүүлчээр зүүн хойд Баия мужид  1896–1897 онуудад болсон Канудус  гэх дайны дараа үүсчээ. Хорин мянга орчим цэргийнхэн Рио хотод ирлээ. Засгийн газар тэдний цалин хөлсийг өгөөгүй байв. Байр сууц ч үгүй байлаа. Тэгээд тэд нэгэн толгодын чөлөөт газрыг эзлээд түүнийгээ Фавела толгой (Morro de Favela)  гэх болсон байна. Канудусын дайны үеэр тэдний хуаранг тэгж нэрлэдэг байжээ. Мөн ийм нэрээр арьс түлдэг нэгэн ургамлыг нэрлэдэг гэнэ. Удалгүй бусад ядуусын хорооллыг фавела гэх болжээ.

Орчин үеийн фавела нь өнгөрсөн зууны далаад оноос үүссэн байна. Том хотууд хөгжиж, хөдөө аж ахуй нь уналтад байснаас олон хүн хот бараадан хотын ойролцоох ядуусын хорооллыг бараадах болов. Фавела нь онцгой нэгэн ертөнц бөгөөд тэнд мафи бүгдийг нь гартаа оруулсан юм. Цагдаа нар ч тийшээ  бараг очдоггүй.  Энэ хороололд очсон бол нисгэдэг могойг анзаарах хэрэгтэй. Тэр нь зүгээр нэг хүүхдийн тоглоом биш, мафийн сануулга аж. Улаан могой харагдвал зугтах хэрэгтэй. Тэр нь цагдаа нар ирж яваа гэсэн сануулга бөгөөд удалгүй буудалцаан эхэлнэ гэсэн үг ажээ. Ногоон могой нь амар тайван байгааг заадаг аж. 

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж