Сингапур инфляциа барина | News.MN

Сингапур инфляциа барина

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Сингапур инфляциа барина

Сингапурын төв банк инфляцийн дарамтыг бууруулахын тулд мөнгөний бодлогоо чангатгаж байгаагаа зарласан гэж “Wall Street Journal” мэдээллээ. Нэгдүгээр улиралд Сингапурын эдийн засаг хүчтэй өссөн гэж Засгийн газар нь мэдээлсний дараа Төв банк нь ийм мэдээлэл хийсэн байна. Уг мэдээтэй холбоотойгоор сингапур долларын ханш огцом чангарч нэг ам.доллар 1.3785 сингапур доллартай тэнцэж байна.

“Сингапур дэлхийн эдийн засгийн хямралаас гарч ирж байна. Үүний хамт инфляцийн ачаалал өсч байгаа бөгөөд үүнд дэлхийн зах зээлийн бараа бүтээгдэхүүний болон дотоодын зардал өссөн нөхцөл байдал нөлөөлж байна” гэж Сингапурын төв банкнаас гаргасан мэдэгдэлд өгүүлсэн байна. Сингапурын энэ шийдвэр тийм ч гэнэтийн байгаагүй. “Dow Jones Newswires”-ын холбогдсон 10 эдийн засагчийн долоо нь Сингапурыг ийм алхам хийх болно гэж таамаглаж байсан юм.

Энэ оны эхний улиралд Сингапурын дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх улирлын дүнгээс 32.1 хувиар өссөн. Энэ бол тус улсын хувьд 1975 оноос хойших хамгийн хурдтай өсөлт гэж эдийн засагчид тооцоолж байна. Энэ онд Сингапурын дотоодын нийт бүтээгдэхүүн 7-9 хувиар өсөх болно гэж тооцоолж байна. Энэ жил дэлхийн худалдааны эргэлт 9.5 хувиар өсөх болно гэж Дэлхийн худалдааны байгууллага тооцоолж байгаа юм.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж