
2013 оны мал тооллогын нэгдсэн дүн гарсны дараахан “Монгол Улс түүхэндээ анх удаа 45 сая толгой малтай боллоо, удахгүй 50 сая хүрнэ” гэж дээр дооргүй нэг хэсэг шуугив. “Ийм их малтай мөртлөө махны үнэ тэнгэрт хадлаа” гэх бас нэгэн ярианы сэдэв өрнөж тэр нь одоо ч яригдсан хэвээр… Тэгвэл дээрхи сэдвийн аль алиных нь агуулгад малчин хүний тухай огт хөндөгдсөнгүй. Гэтэл мал сүрэг өсөхийн хэрээр малчдын тоо эрчимтэй буурч эхэлсэн дүр зураг амьдрал дээр малчны хотонд, албаны цагаан цаасан дээр тоон үзүүлэлтээр харагдаж эхлэв. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 41320-иор малчдын тоо буурчээ. Үүний 80 хувь нь залуу малчид.
Залуу малчдын тоо буурч байгаа шалтгаан, нөхцөл, гарах үр дагавар, шийдэл гээд тойрсон олон асуудлын хүрээнд бидний хэсэг нөхөд Хэнтий аймгийн Батноров, Өвөрхангай аймгийн Бүрд сумын залуу малчидтай уулзан тэдний санаа бодлыг сонссон юм.
Хэдийгээр ид мал төллөх үетэй таарсан ч гэсэн бидний өрнүүлсэн хэлэлцүүлэгт хоёр сумын 200 гаруй малчин залуус ирж оролцсон бөгөөд үүнийг бичигч би бээр энэ тухай бус харин ажлын далимд буугаад мордсон нэгэн залуу малчны тухайд төрсөн сэтгэгдлээ хуваалцахыг хүссэн юм.
Урам багаддаггүй
2012 оны Улсын сайн малчин Өвөрхангай аймгийн Бүрд сумын III багийн малчин Г.Золжаргал нас дөнгөж 30 гарч яваа аж.
1990 онд үеийнхнийхээ нэгэн адил мал дээр гарч, тэр цагаас хойш 20 гаруй жил мал маллаж байгаа нь бусдын адил “байдаг л нэг” түүх мэт боловч түүний бодож, зорьж яваа нь арай л өөр.
Түүнийг анх 2003 онд өрх тусгаарлахад эцэг эх нь 305 толгой мал тасдаж өгсөн нь өдгөө хүний өөрийн нийлсэн 2300 толгой мал болтлоо өсчээ. Өрх тусгаарласанаасаа хойш гурван жилийн дараа сумынхаа "Сайн малчин"-ы болзлыг хангасан тэрбээр дараа жил нь аймгийн "Сайн малчин" болж улмаар өнгөрсөн жил “Улсын сайн малчин” гэсэн эрхэм алдрыг хүртсэн аж. Тэрбээр энэ тухайгаа “Анх сумын сайн малчин болоод их урам авсан. Төв газрын хүмүүс шагналыг тоодоггүй байж магадгүй. Гэхдээ хөдөөний бид нарт тэр шагнал чинь их том урам өгдөг юм ш дээ. Магадгүй сумын сайн малчин гэдэг шагналыг авч тэгж их урамшаагүй бол өнгөрсөн жил Улсын сайн малчин болоо ч бил үү дээ гэж хааяа боддог юм хэмээн хуучлах.
Туслах малчин зарц биш
Бидний яриа туслах малчны тухай яриагаар цааш өрнөлөө. Энэ олон малыг тэгээд ганцаараа маллана гэж байхгүй биз дээ гэсэн бидний сониучирхалд “Манайх дөрвөөс зургаан туслах малчин авч ажилладаг. Малаа ангилаад туслах малчиддаа хуваагаад өгчихдөг болохоор хүндээ ч, малдаа ч амар байдаг юм. Хургалах хонийг нэг тусдаа, сувай хонийг өөр нэг туслах малчин, адуу үхрээ ч гэсэн өөр өөр малчин хариулдаг” гэлээ. Золжаргал туслах малчиндаа сард 400-600 мянган төгрөгийн цалин өгч, өвлийн идшийг нь даадаг аж. “Хүмүүс намайг туслах малчдын цалингийн ханшийг өсгөлөө гээд байгаа юм. Сураг сонсоход 150 орчим мянган төгрөгөөр цалинжуулаад байх шиг байгаа юм” гэв. Нэг үе туслах малчин гэхээр тэгж айлын зарц хийхгүй гэдэг үеэ бодвол хүмүүсийн ухамсар ажил гэж ойлгож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ туслах малчныг ажлын байр болгох, зарц шиг байлгах хоёр эзэн малчнаас их хамаараад байна. Юу гэхээр гурил, будаахан гээд ойр зуур юмаар аргалчихаад ажлаа хийлгээд байдаг хүмүүс байна. Энэ бол зарцалж байгаагаас өөрцгүй. Харин эхнээсээ цалин хөлсөө тохироод нийгмийн даатгал юмыг нь төлөөд явчихвал тэр бол ажлын байр гэж малчны хөдөлмөрийн харилцааг яамны муухан мэргэжилтнээс илүү тодорхойлов.
Малаа би 5000 толгойд хүргэнэ
Хүн бүрийн амнаас шахуу бэлчээрийн даац хэтэрлээ, малын тоо толгойг цөөлж чанарт анхаарах хэрэгтэй гэх болсон цаг үед Г.Золжаргалын хэлсэн энэ үг их л “эсэргүү” сонсогдов.
“2300 толгой мал гэдэг бас чамгүй тоо. Бэлчээрийн даац бусад юмаа бодоод үзэхэд их байж магадгүй. Хүмүүс эргэлтэд оруул гэдэг л юм. Өсөх малыг битгий дар гэдэг дээ. Би малаа 5000 хүргэнэ. Тоонд нь бариулна гэхээр нэг л зорилгогүй болчих юм шиг санагдаад байдын. Хангайн дэлхийн хишиг их, муу амалмааргүй байна. Сүүлийн хэдэн жил Булганы нутагт отроор өвөлжиж хаваржсан. Хүмүүс гадуурхахгүй байна уу гэж их асуух юм. Бид чинь нэг л монгол шүү дээ. Нутгийн хүмүүстэй гэмгүй сайхан харилцаатай, нутаг оронд хандив туслалцаа боломжоороо үзүүлээд болоод л явна.
Мал маллах арга ухааны хувьд яахав дээ би өөртөө нэг л зарчим барьж ажилладаг юм. Нүүвэл сайн нүү гэж. Гэхдээ миний сум дамжсан нүүдэл аймаг алгасч отор хийдэг Дундговийн Лууссумын Эрдэнэчулуун гавъяатын дэргэд юу ч биш л дээ.
Цагийн сайханд бүгд мянгат…
Сүүлийн хэдэн жил цаг сайхан байна, 1000-т малчид ч олон болж байна. Бид бардаж болохгүй. Муу амалж байгаа юм биш. Хоёр оны дараа нөгөө айхтар бичин жил айсуй. Малчид, ялангуяа залуу малчид бид үүнд эртнээс бэлдэх хэрэгтэй. Тэгэхгүй цагийн сайханд 1000-т гэж цээжээ дэлдээд цасны үзүүр төдийд малаа барчихаад бүх бурууг газар дэлхийд чихдэг байж болохгүй. Амархан ажил гэж хаа ч байхгүй шүү дээ гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.