“Ман Юнайтед”, “Дортмунд” шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

“Ман Юнайтед”, “Дортмунд” шөвгийн наймд шалгарлаа

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн шөвгийн наймд Английн “Манчестер Юнайтед”, Германы “Боруссия Дортмунд” багууд шалгарлаа. Ингэснээр “Аваргуудын лиг”-ийн энэ улирлын дунд шөвөгт өрсөлдөх найман багийн нэр бүрэн тодорч байна.

2013-2014 оны улирлын “Аваргуудын лиг”-ийн шөвгийн дөрөвт Испанийн “Реал Мадрид”, “Барселона”, “Атлетико Мадрид”, Германы “Байерн Мюнхен”, “Боруссия Дортмунд”, Английн “Челси”, “Манчестер Юнайтед”, Францын “Пари Сэйнт Жермен” багууд шалгарсан.

Дөрөвний нэг буюу шөвгийн дөрвийн төлөөх тоглолтод багууд хэрхэн тоглох сугалаа гуравдугаар сарын 21-нд буюу маргааш болно. Европын хөлбөмбөгийн холбооны дүрэм ёсоор энэ шатад нэг улсын багууд хоорондоо учраа таарч болно. Испанийн гурван баг шөвгийн наймд шалгарсан тул хоорондоо учраа таарах магадлал тун өндөр.

Өнгөрсөн шөнө Английн “Манчестер Юнайтед” талбайдаа Грекийн “Олимпиакос” багийг 3:0-ийн харьцаатай хожиж, дараагийн шатад шалгарлаа. Энэхүү тоглолтод “Манчестер Юнайтед” багийн Робин ван Перси гурван гоол оруулж, хэт-трик хийсэн юм.

Өмнөх тоглолт Грекийн “Олимпиакос” багийн талбайд болж, 2:0-ийн харьцаатай “Манчестер Юнайтед” хожигдож, багагүй шүүмжлүүлээд байсан юм. Харин хариу тоглолтод “Манчестер Юнайтед” алдаа гаргалгүй өрсөлдөгчөө хожиж, тоглолтын нийлбэр дүнгээр 3:2-ийн харьцаатай “Олимпиакос”-ыг буулган авлаа. 

Тоглолтын дараа “Манчестер Юнайтед” багийн дасгалжуулагч Дэйвид Мойес:

-Манай багийнхан тун сайн тоглолоо. Бидэнд “Аваргуудын лиг”-т түрүүлэх боломж бий гэж хэлсэн байна.

Энэ тоглолттой зэрэгцэн Германы “Боруссия Дортмунд” талбайдаа ОХУ-ын “Зенит” багийг хүлээн авч, 2:1-ийн харьцаатай хожигдлоо. Гэсэн ч өмнөх тоглолтод “Боруссия Дортмунд” баг өрсөлдөгч “Зенит”-ийг талбайд нь 4:2-ын харьцаатай хожсон. Тиймээс нийлбэр дүнгээр 5:4-ийн харьцаатай Германы “Боруссия Дортмунд” дараагийн шатад шалгарлаа.   

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж