Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Сандал сөнөтүгэй

Хамаг хэрэг ердөө сандлаас эхэлсэн юм. Муусайн сандлууд хүмүүн бидний амьдралд ямар их гай тарьснаа өөрсдөө мэддэг болов уу?  Андрей Мироновын тоглосон “Арван хоёр сандал” шиг тийм матмал, үхрийн ширэн бүрээстэй, зөөлөн артай сандлуудаас болж бид ямар ихээр хохиров. Гамлет сандлаас, Эдип ч сандлаас, Макбет, Ричард, Лир ван бүгд л сандлаас. Эртний  Ромоос өнөөгийн Украин хүртэлх бүх хэрэг явдал зөвхөн дөрвөн хөлтэй зөөлөн сандлаас. Манайд ч гэсэндээ Тогоонтөмөр, Элбэг хаанаас эхлээд Энхбаяр, Элбэгдорж бүгд сандлаас болжээ. Анх энэ сандлыг бүтээсэн хүн эрх мэдэлтэн бүхэн эсвэл эрх мэдлийг хүсэн дурлагчид бүхэн сандлаас болж хэмлэлдэх болтугай хэмээн хараасан мэт санагдана. Өөр бас нэг “айхтар” сандал бий. Суулгаж байгаад өндөр хүчдэлтэй цахилгаан гүйлгэж цаазыг гүйцэтгэдэг. Яагаав өнөө Стивен Кингийн романаас сэдэвлэж хийсэн “Ногоон бүс” кино. Тэр сандал үнэхээр зэвүүн сандал даа.

Харин бодоод байхнээ бас сандал бүхэн ч буруугүй юм байна. Хаа  сайгүй гэрийн хаяанд хэвтэж байдаг явган сандал дээр ямар ч асуудалгүй хэн дуртай нь “заларч” болдог биз дээ? Тэгэхээр энэ ертөнцийг бүтээгч сандлыг хүртэл дээд доод зэрэг дэвтэй бүтээснийг бодоход үнэхээр агуу “нөхөр” юм шүү. Бас сандалд нэг гайхамшигтай чанар байгаа юм. Хэзээ ч нэг сандал дээр хоёр бөгс багтахгүй ээ. Хүмүүс бид нар ихэвчлин тоогойгоо бус эхлээд бөгсөө боддог учраас л хамаг зөрчил “бөгсөө” юун дээр ивэх вэ гэдгээс эхэлдэг билээ. Нэг үгээр маш товчхондоо эндээс л хамаг түүх эхэлсэн байгаа юм даа? Жамухын “нэг тэнгэрт хоёр нар мандахгүй” гэдэг шиг. Нэг сандал дээр хоёр бөгсөө гэж…

Дуулиан шуугиантай 1990-ээд оны эхэн үед хамаг бүхэн хагаран задарч байлаа. Агуу их Зөвлөлтийн эзэнт гүрэн задарч байхад жижигхэн Монголд зохиолчид хэдэн хэсэг болох юу ч биш байжээ. Сэтгүүлчид бол арай л илүү нарийн ухаантай улсууд. Эхлээд нэг хэсэг хийрхэж задраад эргээд эвлэчихсэн байгаа юм. Тэд ашиг сонирхлын төлөө нэгдэж чаддаг хүмүүс юм. Үнэндээ арай илүү амьдралын ухаантай гэх юм уу даа. Эсвэл цаг үеэ илүү мэдэрдэг. Харин зохиолчдод бол тийм алсын хараа, оюун санааны “Алсын удирдлага” байсангүй. Хийрхээд л хэмлэлдсээр байлаа. Тэр үеийн “Хүрээ хөвгүүд” бүлэг одоогийн “Кhuree bros” нэгдлийн бид нар их сургуулийн дугуйланд сууж байгаад тэр хэрэг явдлын эхлэлийг нүдээрээ харсан гэж байгаа. Зохиолч ах нар минь туг лоозон барьчихсан гүйлдэж байв шүү дээ? Тэнд ямар нэгэн туйлын эсрэг тэсрэг  үзэл санааны зөрчил явагдаж байна гэж бодоод эрхэм хүндэтгэлт зохиолч ах нарыгаа нэн бишрэнгүйгээр харж суув шүү дээ. Хоорондоо үгийн хурцаар үзэлцэж, арай л барилцаж авах дээрээ тулж байхад нь бид хоорондоо “энэ л жинхэнэ ардчилал”, “утга зохиолын жинхэнэ хөгжил одоо эхлэх нь” гэж ярилцаад хөөр баяртай хөөрцөглөн байсан юмсан. Одоо эргээд харсан чинь ердөө муу сандал байж. “Хүрээ хөвгүүд” гэснээс бид Монголын утга зохиолын зарим хэрэг явдалд арван хэдэн наснаасаа огт санамсаргүй хутгалдсан бөгөөд тэр үед чухам юу болоод байгааг сайн ухаж ойлгоогүй байж мэдэх тул зарим нэг баримтыг эргэн толилуулж байна.

Жишээ нь :
Өнөөдөр манай зохиолчид бүлэг маягтай болчихоод байгаа юм. Хагарал гэмээр ч юм уу даа. Манай утга зохиолд саад болж байгаа нэг гол зүйл бол энэ. Зохиолчдын хорооны удирдлагаас явуулсан бодлогын уршиг… зохиолчид гурав хуваагдлаа. Манайх жижиг улс цөөхөн зохиолчидтой байтал гурав хуваагдвал эцэст нь нүгэл болно. …Чи бол эдгээр бүлгүүдийн алийг ч барихгүй, дунд нь зогсож нийлүүлэх бодлого баримтлах хэрэгтэй гэсэн… /Д.Пүрэвдорж ”Тамын жаргал”, Н.Донид, Н.Лхагва “Сэтгэлийн есөн цацал” 1990,158/ гэсэн 24 жилийн өмнөх баримт байна. Би юуг батлах гээд байгаа юм. Маш өчүүхэн зүйлийг. Тэр цагт монголын зохиолчид чухам юунаас болж хуваагдав. Үзэл санааны зөрчил үү? Туурвин бүтээхийн ялгаа онцлогоос гарсан зөрчил үү? Тийм зүйл огт харагдахгүй. Ердөө нэг муу сандал. Зарим сандалд нэг тийм гайхшруулагч, соронздон татагч чанар байна аа. Могойд ховсдуулсан оготно шиг л “юмнууд” түүний төлөө улайсан нүдтэй гүйлдээд байжээ. Тийм ховсдогч чанартай сандлуудын цаана хэдхэн зүйл байх юм. МӨНГӨ, ЭРХ МЭДЭЛ, ШАГНАЛ, АЛДАР. Энэ бүхэн одоо ч хэвээрээ тиймээс л сандлын төлөө хэмлэлдсээр. Тэр цагт “зохиолчдын хувьд энэ бага асуудал гэж үү? Хамгийн жижиг ан цав л их эвдрэлийн шалтгаан болдог. Бидэнд жижиг асуудал байх ёсгүй. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг, нэг зохиолчийн нэрийг хугалахад бүх зохиолчид эмзэглэдэг юм. Энэ бол утга зохиолдоо хайртай сэтгэл, ээ. Цөөн хүний нүглийг бусад нь үүрч, нийт зохиолчдод буруу тохогдох ёсгүй. /О.Дашбалбар “Хүн ертанц” 2003,416/ гэсэн бас 24 жилийн өмнөх баримт байна. Би юуг батлах гээд арга ядаад байна вэ? Зүгээр л нэг явган хэрүүл, хов жив тэднийг минь хоёр хуваачихаж. Яагаад. Үнэндээ өнгөрсөн нийгмийнх нь гомдол, өсөрхлийн бугалаа хагараад тэднийг ийм байдалд хүргэсэн байна. Гэтэл цаг үе өөрчлөгдөж, хамаг юмс хувиран хувьсаад байна. Тэдний минь хатиг одоо хүртэл буглаад бидний “хатиг” хэвээр  үргэлжилсээр байх уу? Асар том үйл хэргийн төлөө нэгдэх цаг болоогүй гэж үү? МӨНГӨ олдоно, ЭРХ МЭДЭЛ хүсвэл олдоно, ШАГНАЛ ч олдоно. АЛДАР нэр ч олдоно. Харин нэгэнт алдвал эх хэл, утга зохиол, соёл, өв уламжлал, газар шороо, эх орон олдохгүй. Одоо амаа жимиийсэндээ хожим харамсахгүй байх, одоо үйл хэргийн төлөө нэгдээгүйдээ маргааш харамсахгүй байхын тулд…

Гэтэл энэ бүхэн үнэндээ утга зохиолын амьдралд ирээдүйд ямар хэрэгтэй байсан юм бол. Зохиолчдод гурван том зорилго бий гэж бидэнд тэд өөрсдөө байнга номлодог байлаа. Нэгдүгээрт, сайн зохиол бичих, хоёрдугаарт, эх хэлнийхээ өмнө хариуцлага хүлээх, гуравдугаарт, үндэснийхээ оюун санааны “манаанд” шударга сэтгэлээр зүтгэх гэдэг байлаа. Гэтэл тэр сайхан хүсэл эрмэлзлийн өөдгүй нэг муу сандал л баллаж орхисон юм даа гэж бодохоор л тэр цагийн хэрэг явдлыг нүдээр харсаны хувьд тэдэндээ заримдаа гомдох шиг болно. Тэгээд ч тэр цагийн “гомдол” одоогийн бидэнд удамших ёсгүй. Тэр бидний гомдол биш, тэдний гомдол.

Хэрэв "сандлаас" болж хоёр хуваагдаж, хойд, өмнөд Солонгос шиг болчихоогүй бол өдийд бид илүү хүчтэй байх байлаа. Бид гэж хэн бэ? Ар, өвөр монгол биш, ээ ар халхын зохиолчид. Багш нар, ах нар минь тэр үед яг юунаас болж хагаралдсаныг эргээд санацгаая. Дахиад л гор зурсан энэ муу сандлууд. Одоо бид яагаад Насанбаяртангуудад дээрэлхүүлээд байна. Бас л сандлаас. Нэг намын "олуулаа" сурталчилгаа одоо бидэнд хэрэгтэй байна. "Орон бүхний пролетари нар нэгдэхтүн" гэдэг дээ. Түүнтэй адил одоо л Монголын зохиолчид нэгдэх цаг болсон. Гэхдээ сандлуудаа мартаад, болж өгвөл түүнийг сөнөөгөөд…Зөвхөн үндэсний эрх ашиг, хэл соёл, өв уламжлалынхаа төлөө. Тусгаар тогтнол, ирээдүй хойчийнхоо төлөө. Үндэсний уран зохиол, уран зохиолын боловсролын төлөө. Монголын утга зохиолоо дэлхийд таниулахын төлөө. Монгол зохиолчид оюунаа шударгаар үнэлүүлж, төрийн зарим луйварчдын гар хөл болохгүй, үнэн шударгын талд үгээ хэлэх зоригтой байхын төлөө. НЭГДЭХТҮН. Энэ бүхний дэргэд хувийн өчүүхэн шунал хүсэл юу юм бэ? Намын ивээл, даргын гуншин юу юм бэ? Үхсэн хойноо, энэ муу сандал юу юм бэ?

Болно л доо, болно. Энгэр дүүрэн одон шагнал зүүгээд алдар сууг хүртэж, өөрийн жаргалаар жаргаж болно. Тэр хүний эрх. Харин ухаж төнхүүлсэн газар шороо, урантай хөрс, утаатай хот, уран зохиолгүй боловсрол, сэтгэл зүрхгүй ирээдүй. Энэ бүхнийг сонсоод таны зүрхэнд ямар нэгэн юм “тон” хийхгүй бол таныг монгол гэдэгт эргэлзэх, монгол зохиолч гэхэд түдгэлзүүлэхээс өөр аргагүй болж байна. Нээрээ, хамгийн чухал зүйлээ мартах шахаж эцсийн эцэст САНДАЛ СӨНӨТҮГЭЙ.

Гарцаагүй Пүрэвхүүгийн Батхуяг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж