МИАТ-т 135 хамаатан, садан бий гэв

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

МИАТ-т 135 хамаатан, садан бий гэв

Монголын ардчилсан холбооноос авлигын эсрэг тэмцэхээр төрийн өндөрлөгүүдэд шаардлага хүргүүлээд байна. Энэ талаар өчигдөр МоАХ-ны анхдагч гишүүд мэдээлэл хийсэн бөгөөд төрийн том байгууллагуудын авлига, хээл хахууль дэндсэн тул шаардлага хүргүүлж, нийтээрээ тэмцэхийг онцолсон юм. Шаардлагад авлига, хээл хахуулийг таслан зогсоох, олигархуудын эрх ашгийг хязгаарлах, мафи, коррупцийн зохион байгуулалттай бүтцийг устган, шинэтгэлийн бодлогыг хэрэгжүүлэх, эдийн засгийн хувьсгал хийж ард түмний амьдралыг дээшлүүлэх талаар тусгасан байна. Түүнчлэн  УИХ-ын авлига өгсөнийг биш, авсаныг нь шийтгэдэг хуулийг энэ хаврын чуулганаар батлуулж, мөрдүүлэхийг шаардаж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, МоАХ-ны  дарга, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт хүргүүлжээ.

Энэ талаар Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн, “МИАТ” ХК-ийн Бодлого, төвлөвлөлтийн газрын захирал асан С.Билэгсайханаас тодрууллаа.

-Авлигыг арилгах хэрэгтэй талаар үргэлж ярьдаг асуудал хэрнээ биелэлээ олдоггүй. Ийм шаардлагыг хүргүүлээд нэмэргүй бол яах вэ?

-Улсын хэмжээнд төрийн 94 том байгууллага байна. Хуулийн хүрээнд улсын мөнгийг иддэг жишиг байна. Дараагийн нам хүчин гарч ирэхээр “но” нь илэрч захирлууд шорон руу явчихаад байна. Тиймээс төрийн өмчийн компаниудыг нэмэлт хувьцаа гаргаад хувьчлах шаардлагатай. Авлигыг нэг байгууллагад, нэг хэсэгт арилгах гэж зориод хэрэггүй. Хүн бүр дор бүрнээ, нийтээрээ засах хэрэгтэй байна. Тиймээс Ерөнхийлөгчийн ухаалаг төр лүү гэдэг уриалгаар бүгд авлигатай тэмцэх хэрэгтэй. Бид шаардлагаа хүргүүлсэн болохоор биелүүлэхгүй бол улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд шилжих болно.

-Та “МИАТ” ХК-д ажиллаж байсны хувьд энэ дагуу МИАТ-д ямар өөрчлөлт хийх хэрэгтэй вэ. Ямар хууль зөрчсөн ажиллагаа байна вэ?

-МИАТ дээр тодорхой жишээ ярихад, МИАТ бол ард түмний хөрөнгөөр боссон улсын өмчит компани. Яах вэ, мэргэжлийн сайхан баг бүрдсэн байна. Гэтэл энэ дотор хэд хэдэн хүн улсын мөнгийг зувчуулаад байдаг. Энэ бүх авлига, хахуулийг арилгаж, хөрөнгийг зөв газраа оруулвал, дотоодын нийт бүтээгдэхүүнийг 10 хувиар нэмэх судалгаа байдаг.

-Яг ямар шатанд юм бэ. Тодруулаач?

-МИАТ-ын манай захирал Жаргалсайхан хоёр гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Энэ нь онгоцны катерингийн үйлчилгээнийх бөгөөд МИАТ компанид жил бүр хоёр тэрбум төгрөгийн алдагдал учруулдаг. Хэрвээ үүнийгээ оновчтойгоор зохицуулчихвал МИАТ нэг тэрбум төгрөгийн ашигтай ажиллана. Онгоцны хоол, ундны хэрэгцээг хангах, цаагуураа их алдагдалтай энэ гэрээг хүчингүй болгооч гээд жилийн турш хөөцөлдөж, тэмцэхээр намайг мөнгө идлээ гээд эргээд гүтгэж байна. Гэтэл гэрээг ТУЗ-ийн дарга нь баталгаажуулж,  хугацааг нь сунгасан. Эсэргүүцэхээр Төрийн өмчийн хорооны нэг газрын дарга нь халхавч хийгээд, дэмжээд явчихна. Үүнийг хуулийн хүрээнд мөнгө идэх явдал гээд байгаа юм.

-МИАТ-д танилуудын арга хаалга их байдаг гэх юм билээ. Хэр үнэний ортой вэ?

-Монгол Улсын ерөнхийлөгч хэлж байсан. МИАТ-ийн нэг захирлын халаасанд 40 цэцэрлэг барих мөнгө байна гэсэн. Үүгээр барагдахгүй байна. Намайг АТГ-т шалгуулснаас болж ажлаас халсаны дараа 14 хоног над руу дайрч, дарамталсан. Архичин, хүүхэмсэг, согтуу буриад л гэнэ. Бас ална, буудна гэж зөндөө дарамталсан. Гэтэл Билэгсайхан нэг төгрөгийг ч улсаас идсэн гэсэн юм байхгүй. Харин ч улсын мөнгийг битгий идээч гэж тэмцээд байна. МИАТ-д намайг нэг жилийн хугацаанд ажиллахад зургаан хүн ажлаас халагдсан. Компанийн 135 хүн аль нэг том хүний хамаатан, садан байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, наанаа төрийн өмчийнх хэрнээ цаагуураа хувьчлагдсан юм шиг ажиллаж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж