Төсөв, төслөө хүлээсэн төв бассейн

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Төсөв, төслөө хүлээсэн төв бассейн

-Энгийн бидэнд байтугай, улсаа төлөөлөн гадаадад тэмцээнд явах гэж байгаа шигшээ багийнханд бэлтгэл хийх газар Улаанбаатар хотод байхгүй болсон байна-

“Хэрэв улсаас их засварт шаардлагатай хөрөнгө мөнгөөр туслахгүй бол нурах шахсан бассейныг удирдаад ч яах юм билээ. Нэг сая хүнтэй хотын хамгийн том бассейн 27 дахь жилдээ их засвар хийгдээгүй тул хэчнээн ярьж хэлээд албан бичиг шидээд, “дээрээс” ямар ч хариу алга. Тэр мөнгийг би хувьдаа авахгүй, надад барилгын компани бүү хэл тал лангуу ч байхгүй.  Зөвхөн цэвэршүүлэх байгууламжийг барууны сүүлийн үеийн технологоор өөрчлөхөд 350-450 мянган евро шаардлагатай. Агааржуулалтын системд мөн ойролцоо. Том бассейны дээврийн ган төмөр фермийг бүрэн солих, цахилгаан сантехник монтаж дээврийн бүх хар цаасыг бүрэн солих зэрэгт бараг тэрбум төгрөг шаардлагатай. Их засварын ажилд мөнгө өгөхгүй бол ирэх намраас бассейныг бүрмөсөн хаана. Дээврийн 20-30 хувийн зэврэлтээс шалтгаалаад албан ёсоор Улсын мэргэжлийн хяналтаас сүүлийн дөрвөн жилд гурван удаа бассейны үйл ажиллагааг хорьж зогсоосон байгаа. Би өнөөдөр бассейнаа хаах бүрэн эрхтэй”.

Г.Арслан /УССТ-ийн дарга асан/

Усан спортын шигшээ багийнхан бэлтгэл хийх газаргүй болжээ. Улсын чанартай тэмцээн зохион байгуулах газар байхгүйгээс Орхон аймагт энэ жилийн тэмцээн болж магадгүй. Тамирчдын хувьд бэлтгэл хийчих зориулалтын газар бараг гурван сая хүнтэй улсын сая гаруй хүнтэй нийслэлд нь байхгүй гэхээр даанч харамсалтай. Зориулалтынх нь олдохгүй, дээрээс нь тамирчид хувийн компаниудын бассейнд төлбөр төлж, бэлтгэлээ хийж байгаад олон улсын тэмцээнд амжилттай оролцоно гэдэг даанч санаанд буухгүй нь. Амжилт хүсч л байгаа бол бэлтгэл хийх нөхцөлөөр нь хангах хэрэгтэй.

“Төв бассейндаа бэлтгэлээ хийж болно шүү дээ” гэж бодож байна уу. Тэгвэл үгүй юм аа. Нэгдүгээрт, төв бассейн нь Спортын салбарын яам газруудад огтхон ч хамаагүй,  нийслэлийн мэдэлд байдаг юм байна. Хоёрдугаарт, хамааралтай болгох гээд, дарга цэрэгтэй нь ярилцаж, ороод бэлтгэл хийе гэсэн ч төв бассейн нь огт ажиллагаагүй хэдэн сар өнгөрлөө. Хааяа нэг улсынхаа усан спорт сургалтын төвөөр үйлчлүүлчих юмсан гэж боддог энгийн бидэнд байтугай, улсаа төлөөлөн гадаадад тэмцээнд явах гэж байгаа шигшээ багийнханд ч бэлтгэл хийчих газар Улаанбаатар хотод байхгүй болсон байна. Үнэхээр даргынх нь “зөгнөж” байсан шиг төв бассейн “хаагджээ”.

Төв бассейн буюу Усан спорт сургалтын төвийн үүднээс дээрээс дараах зарлалыг харж болно. Тэнд “Нийт үйлчлүүлэгч, хичээлэгчдийн анхааралд. 2013.11.25-ны өдрөөс эхлэн Усан спорт сургалтын төвийн том бассейн түр хугацаанд ажиллахгүй болсон. Зөвхөн жижиг бассейн ажиллах болно.  Нийт үйлчлүүлэгч, хичээллэгч нараас хүлцэл өчье” гэж бичжээ. Одоо тэнд жижиг буюу аравхан метрийн урттай, зургаан метр өргөн, нэг метрийн гүнтэй нь бассейн дөнгөн данган ажиллаж байгаа аж. Том хүн 8000 төгрөг, хүүхэд 5000 төгрөг. Үнийн хувьд боломжийн ч “Анх удаа сэлж сурч байгаа хүмүүст зориулагдсан” учраас хэмжээний хувьд үнэхээр гологдохоор. Үүнийг мэргэжлийнхэн битгий хэл, хүүхдүүд ч голдог гэх юм билээ. Ийнхүү Төв бассейн огт ажиллаагүй гэж хэлэхэд ч хэцүү, ажиллаж байна гэж хэлэхэд  хүндрэлтэй, зэв, чийг үнэртсэн, хэнд ч хэрэггүй байшин болон хувирчээ.

Юуг хүлээж байгаа юм бэ гэвэл дарга, төсөв, төсөл гэж тодорхойлж болох аж. Том бассейн нь өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 24-нд дээврийн бэхэлгээ нь салж унаснаас хойш ажиллагаагүй, үүнийг их засвар хийх ёстойг сануулсан сануулга хэмээн тайлбарлаж, засгаас санхүүжилт шийдэхгүй бол ажлаа өгнө гэж сүрдүүлж байсан Усан спорт сургалтын төвийн захирал буюу Шударга иргэдийн  фронтын тэргүүн  Г.Арслан ч шинэ оны босгон дээр  үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн аж. Энэ шийдвэрийн талаар Г.Арслан “Энэ жил Төв бассейнд их засвар орж магадгүй.  Өөрийн намын хүнийг  захирлаар тавьж,  засварын  мөнгөнөөс идэх гэсэн арга болов уу” хэмээн гоморхов. Үнэхээр Г.Арслангийн хэлсэнчлэн энэ онд 100 сая төгрөгийг засвар шинэчлэлд зориулахаар болсон байгаа бөгөөд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих шинээр барих барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөв, ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын жагсаалтад багтсан байна. Удахгүй дарга, мөн 100 саяын төсөв ч төв бассейнд ирнэ гэдэгт итгэлтэй байж болох нь. Гэвч тэр засварын дараа зэвгүй, аюулгүй, агааржуулалтын системтэйгээр том бассейн ажиллаж эхлэх болов уу гэдэгт итгэх итгэл алга.

Шигшээ багийнхан чинь, сэлэхийг хүссэн иргэд чинь бассейнаа хүлээсээр байгаа шүү, Э.Бат-Үүл дарга аа. Энэ бассейны хувь заяаг хотын удирдлагууд атгадаг юм гэсэн. Спорт хөгжүүлье, спортын барилга байгууламжийн тоог нэмье гэж дээр, дооргүй хөөрцөглөх мөртлөө одоо байгаа ганц бассейнаа ажиллуулаад явчихаж чадахгүй байгаа нь харамсалтай. Ийм байж усан спортын тамирчдаас амжилт нэхэхээсээ ичих хэрэгтэй.  


Б.ЭНХМАНДАХ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №053


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж