Хэрэм рүү дайрсан баавгайн талд Х.Баттулга

Хуучирсан мэдээ: 2014.03.20-нд нийтлэгдсэн

Хэрэм рүү дайрсан баавгайн талд Х.Баттулга

Оросын www.firstnews.ru сайтад МоАХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Крымын асуудлаар ярилцлага өгч “Мэдээж бид их хөрш Оросыг дэмжиж байна” гэжээ. Үнэндээ түүний “бид” гэж хэн бэ. МОАХ юу, монголчууд уу гэх асуултыг эрхгүй тавихад хүргэв. Хэн дуртай нь санаан зоргоор улсыг төлөөлөөд байр сууриа илэрхийлчихдэг гэж боддог хүмүүст бол тэр “зөв л юм хэлсэн” байх. Хятад хүртэл энэ талаар албан ёсоор байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байна. Зарим судлаачийн тайлбарладгаар Москва /Мушгиа голын нэр/, Крым /Хэрэм гэсэн үг Монгол үг/-ийн талаар байр сууриа бид их л болгоомжтой хэлмээр санагдах юм. БНХАУ-ын Үйлдвэр, худалдаа хариуцсан дэд сайд нь “Бид Монголыг бие даан хөгжөөсэй гэсэндээ тусламж үзүүлж байгаа” гэхийг хоёр дэлдэнгээрээ сонсохдоо “Энэ биднийг өөрөөсөө хараат улс гэж хэлээд байна” гээд бухимдаж байсан ч эдийн засгийн хувьд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй зүйл л дээ. Бид хойд хөршөөсөө нефть, урд хөршөөсөө худалдаа, эдийн засгийн хувьд шууд хамааралтай. Тэр ч утгаараа Оросыг Европ төдийгүй Ази, Африктай ч холбож болох энэ түшиц нутгийн асуудал бидэнд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг сайтар бодож, болгоомжтойхон хандах учиртай.

Түүх сөхвөл, худалдаа наймааны гол гарц болгож болох учраас Крымыг байнга л өөрийн эрхэндээ оруулахаар Европын улсууд, Турк, Орос хоорондоо дайтаж ирж. Харин монголчуудын хувьд, нийтийн тооллоос өмнө Хүн гүрний үед эзэлж байсан бол хожим Бат хааны үед эзэлж байжээ. Алтан ордын үед Владимир, Ростов, Угмич, Ярославль, Юрьев-Польский, Переярславль, Жнятин, Кошүн, Тверь, Торжак, Дмитров, Волоколамск, Городец, Костром, Галич-Мерский зэрэг хотыг эзлэн авчээ. Алтан ордны улс зүүн тал нь Эрчис мөрнөөс баруун тал нь Днепр мөрөн хүрч, зүүн хойш Болгарт хүрч, умарт тал нь Крым ба Кавказад хүрсэн өргөн уудам нутгийг бид эзлэж байв. Тэр үед Х.Баттулгын “их хөрш” гээд буй Орос ч биднээс хараат байж, алба гувчуур өгөн цэрэг, зэвсгийн тусламж авч дайснаа даруулдаг байсан талаар ч илэрхий баримт бий. Харин бид бол өнгөрсөн зууны 70-аад жилд нь Оросоос хамааралтай байснаас биш хэзээ ч эзлүүлж явсангүй.

Гэтэл эрхэм сайд “Оросын холбоонд нэгдэхийн төлөө хүн амын 95 хувь нь санал өгчээ. Монголчууд ч гэсэн 1945 оны арваннэгдүгээр сарын 20-нд бүх нийтийн санал асуулга явуулж өөрийнхөө тусгаар тогтнолыг сэргээсэн” гэж ирээд л тодотгон дэмжиж. Дээр нь сүүлийн хэдэн жил өөрийнхөөрөө зүтгүүлж байгаа төмөр замын талаар дурдаад хоёр талын хамтын ажиллагаанд сэтгэл дундуур яваагаа хэлсэн байх юм. Харин ч газар зүйн таатай байрлал, нефтийн орд зэрэгт нь шунан буй их гүрнийг дэмжихээс илүүтэй бидний эдийн засагт энэ асуудал ямар байдлаар нөлөөлөхийг нарийн тооцох ёстой.

Түүний дэмжээд байгаа санал асуулгын талаар Хятад байр сууриа илэрхийлэхгүй байгаа шалтгаан нь дараагийн удаад түвдүүд ийм санаачилга гаргах вий гэсэн болгоомжлолтой нь холбоотой. Бидэнд ч сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Бид чинь жалганы үзэлтэй улс. Сүүлийн үед Алунгоогоос эхлээд түүхэнд мундаг үүрэг үлдсэн бүх хатад буриад байсан гээд хачин юм яриад байгаа нөхдүүд буриадуудтай, одоо ч улс доторх улс шиг байдаг Баян-Өлгийнхөн Казахстантай нэгдэнэ гэдэггүй юмаа гэхэд бие даана гээд, наадмаар “Увс нуур”-аа дуулж цэнгэлдэхийн нэг талыг нь аймгийн эзэмшлийн бүс болгоод “Увс хүн” гэж үндэсний хийрхэлд автсан нөхдүүд санал асуулга явуулна гээд эхлэхийг үгүйсгэх баталгаа байхгүй шүү. Ер нь ч одоо цухалзаад байгаа. Манайд урваж, шарвадаг дөрөвдүгээр фронтынхон захаасаа аваад олдоно шүү. Тэднийг гаднаас шаахан ноцооход л ямар ч солиоролд автаж мэднэ.

Крымын 1.524.563 хүн саналаа өгснөөс 95.7 хувь нь Оростой нэгдэхийг зөвшөөрч ердөө 3.5 хувь нь л татгалзсан дүн мэдээ гарсан тухай хэвлэлүүд мэдээлж байна. Крымын уугуул оршин суугчид болох татарууд үнэндээ хүн амын нь ердөө 18 хувь нь учраас санал асуулгын дүн ч яаж гарах нь тодорхой. Украин их баавгайн өмнөөс сөрөн зогсохын тулд Европын холбоо, АНУ-ыг түшсэн ч хувьсан өөрчлөгдөж буй дэлхийд Орос геополитикийн бодлогын давамгай байдалтайгаа шинээр сануулав.

Нөгөөтэйгүүр Орос, АНУ тэргүүтэй барууныхан асуудлыг илүү хурцатгаж эдийн засгийн хориг тавьж эхэлбэл Хятадад илүү ашиг ч гарч мэдэх учраас чимээгүйхэн хүлээцтэй хандаж суугаа. Үгүй дээ, БНХАУ Оросыг шууд дэмжвэл өөрсдөө худалдааны хориг тавиулж эдийн засгаа сүйд хийж магадгүй учраас асуудалд цээжээ дэлдэж шүлсээ үсчүүлэх бус харин ч түүнийгээ залгиад анаж суугаа. В.Путин “Европын холбоо хориг тавибал бид ч зөрүүлээд хориг тавина” гэж сүрдүүлсэн. Мэдээж хэрэг энэ тийм амар зүйл биш ч гэлээ, нефть, хийг нь шингээчих зах зээл түүнд олдох учраас өндөр дуугаар дуугарч байна. Үүнээс ч өмнө улс дамнасан хийн хоолойгоо тавихаар ярьж, түүнийгээ Монголоор дамжуулан тавихаар санал болгож байсан. Харин бид зөвшөөрөөгүй. Зөвшөөрөөгүй учраас илүү өртөгөөр ч болтугай холбох нь зайлшгүй учраас хэзээний ажлаа эхэлчихсэн яваа. Өвөлдөө утаагаа дийлэхээ байж үе үехэн сургууль, цэцэрлэгээ хааж, хөл хорио тогтоодог болсон Хятад бол Европоос ч дутахааргүй ашгийг В.Путинд өгнө. Харин түүнд эхэлж даналзсан европын улсууд эсэргээрээ элгээрээ хэвтэж магадгүй шүү. Тиймээс л бид асуудалд бодитоор хандаж, долоо хэмжиж нэг огтлох байдлаар асуудалд хандах нь чухал. Зээл, тусламжаар л гол зогоодгоо мартаад сэтгэгдлээ илэрхийлж байж сүйд болох вий. Тэрэнтэй тэрэнгүй баавгайд бариулж буй хэрмийг хараад балешиглаж суухын оронд өөрт юу унахыг тунгааж суувал бидэнд дээрсэн.

Л.НАРАНТӨГС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж