Оросын байрыг шилжүүлэх хэлэлцээр мухардалд оржээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Оросын байрыг шилжүүлэх хэлэлцээр мухардалд оржээ

Хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүд амь­дарч байсан найман байрыг Мон­­­голын талд шилжүүлэх ажил юу­наас болж мухардалд орсоныг тод­руулах зорилгоор УИХ-ын гишүүн Д.Ганхуяг,  Гадаад харилцааны сайд Г.Зандан­шатарт хандан асуулга тавьсны хариуг өнгөрсөн баасан гаригийн чуул­ганы нэгдсэн хуралдаанаар сонслоо.

Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн дөрөв, тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  таван орон сууц, Баянгол дүүрэгт орших нэг орон сууц, Дархан-Уул аймагт байрлах хоёр байрыг Монголын талд шилжүүлэх асуудлыг 2008 онд Ерөнхий сайд С.Баяр, ОХУ-ын Засгийн газрын тэр­гүүн В.А.Зубковтой хэлэлцээ хийж, шийдвэрлэхээр болж байсан аж. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж ОХУ-ын ерөнхийлөгч Д.А.Медведевтэй 2009 онд энэ асууд­лыг хөндөж, баталгаажуулж байсан. Гэвч өнөө хэр нь дээрх найман байр Монголын эзэмшилд ирээгүй, түүнд амьдарч буй иргэд түрээсийн мөнгө төлсөөр байгаа ажээ.

Асуудал шийдвэрлэгдэхгүй сунжир­саар байгаа шалтгааныг хайвал Монгол Улсын шүүхээс гаргасан шийдвэр тодорхой хэмжээгээр нөлөөлжээ. Учир нь  Шүүхээс дээрх найман байрыг бичиг баримт нь дутуу байна гэсэн үндэслэлээр ОХУ-ын өмчлөлөөс түд­гэл­­­­зүүлсэнтэй холбоотой аж. Мон­голын талаас байгуулагдсан ажлын хэсгийнхэн ОХУ-ын холбогдох албан тушаалтнуудтай дээрх найман байрыг шилжүүлэх асуудлыг тавихаар “Манай мэдэлд байсан байрны өмчлөлийг танай шүүхээс хүчингүй болгочихсон байхад бид юугаа шилжүүлэх юм” гэсэн хариу барьдаг. Нэг үгээр хэлбэл, энэ асуудал шүүхээс гаргасан шийдвэртэй холбоотойгоор  үндсэндээ мухардалд орчихоод байна гэдгийг чуулганы хурал­даанд оролцсон Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар хэллээ.

Тэгвэл асуудлыг мухардлаас гар­гах гарц юу вэ. Энэ асуудалд Д.Сугар дарга “Дахин улс төрийн дээд төвшинд асуудлыг татаж авчран хэлэлцээрийг дахин хийхээс өөр арга алга” гэсэн тайлбар хийж байна.  Харин асуудлыг шийдтэл иргэд түрээсийн мөнгө төл­сөөр байх уу гэсэн асуултад “Найман байрнаас 1, 7 дугаар орон сууцныхан л түрээсийн мөнгө төлдөг. Бусад зур­гаан байрны оршин суугчдын хувьд түрээсийн төлбөр төлдөггүй” гэсэн нэмэлт тайлбар хийлээ.

Ер нь хоёр орны хувьд өмчийн мар­гаан дагуулах болсон обьект дээрх найман орон сууцаар хязгаарлахгүй Орос гуравдугаар сургууль ч хөндөгдөх болжээ. Учир нь Монгол Улс Орос гуравдугаар сургуулийг өөрийн эзэм­шил хэмээн үзэж байсан ч, найман байрыг шилжүүлэх асуудлыг тавих үед Оросын талаас уг сургуулийн байр, багш мэргэжилтнүүдийн амь­дарч байгаа орон сууцыг өөрийн өмч­лөлд шилжүүлэх шаардлага тавиад амжжээ. Тиймээс хоёр улсын дунд албан тушаалынхны дунд өрнөж бай­гаа дээрх өмчийн маргаан аягүй бол гуравдугаар сургуулийг Оросын өмч­лөлд шилжүүлээд найман орон сууцыг Монголын талд шилжүүлэх. Эс бөгөөс Орос гуравдугаар сургуулийг Монголын эзэмшилд үлдээгээд найман орон сууц Оросын эзэмшилд үлдэх гэсэн “теореомоор” эцэслэж мэдэх л шинжтэй.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын Төрийн өмчийн хорооны даргад хандан тавьсан асуулт ч иймэрхүү өнгө аясыг илтгэв. Тэрбээр “Манай талын шүүх бичиг баримтын бүрдүүлэлт дутуу гэ­дэг үндэслэлээр өмчлөх эрхийн шийд­вэрийг хүчингүй  болгосон юм байна. Хэрвээ дутуу баримт бичгээ бүрдүүлээд ирвэл найман орон сууц хэний өмч болох вэ. Оросын хувьд найман байшин жижиг асуудал. Гэхдээ жижиг асуудал гээд орхиж болохгүй, олон улсын хууль тогтоомжийн дагуу шийдэхгүй бол хоёр улсын харилцаанд сэв суулгаж олон жилээр сунжрах асуудал болохыг үгүйсгэхгүй. Орос гуравдугаар сургуулийг булаацалдаад байгаа юм уу. Монголд Оросын нэг ч гэсэн өмч байхад буруу нь юу байгаа юм бэ” гэлээ. Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар “Шүүх оросын өмч биш гэж хэлээгүй. Оросууд шинэчилсэн бүртгэл хийлгэхдээ бүрдүүлсэн баримт дутуу гэж үзсэн. Орос гуравдугаар сургуулийн хувьд хүлээлгэн өгсөн обьектын жагсаалтад техникийн алдаа гарсанаас орхигдсон байж болох. Гэх­дээ манайх биш гэж хэлэхэд хэцүү” гэсэн хариулт өгсөн юм.

Харин хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асуулгын хариуг дүгнэж хэлэхдээ “Шинэ зуунд хөрш хоёр орны харилцаа олон улсын эрх зүйн хэм хэмжээнд амжилттай үр­гэл­­жилж, өөр өөрийн орны нутаг дэвсгэрт олон улсын гэрээ хэлэлцээрт нийцсэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдэлж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэн харилцаагаа  стратегийн түншлэлийн шинэ шатанд гаргаж байгаа. Тийм учраас хуучин тогтолцооны үеийн эдгээр найман байрыг нэн яаралтай шийдвэрлэх шаард­лагатай байна. Миний бие УИХ-д гуравдах удаагаа энэ асуудлыг тавилаа. Асуудлыг хэн ч хариуцахгүй орхичихдог. Энэ бол Д.Ганхуягийн тойр­гийн асуудал биш, 3000 гаруй иргэн хэзээ байрнаасаа хөөгдөх бол гэсэн айдастай амьдарч байна. Гадаад харилцааны яамны зүгээс асуудлыг шийдвэрлэх хүрээнд олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцүүлэх ажлыг хийгээч ээ гэж хүсэх байна. Үл хөдлөх эд хөрөнгийн хуулийг харвал газаргүй обьект үнэ цэнэгүй байдаг. Тиймээс энэ хэдэн орон сууцыг 3000 иргэнийхээ өмчлөлд шилжүүлэхийн тулд тусгайлан хүн томилж ажиллуулах шаардлагатай байна” гэсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж