Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн аварга “Хасын хүлгүүд” багийнхан Ерөнхийлөгчтэй уулзжээ. АНУ-д өндөр хөгжсөн сагсан бөмбөг, америк хөлбөмбөг, хоккей, бейсболын лигийн түрүү хүртсэн тамирчдыг улсынх нь Ерөнхийлөгч хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг. Тухайн улирлын аварга багууд Цагаан ордонд зочилж, улсынхаа Ерөнхийлөгчтэй үдийн зоог барьдаг тэр жишгээр Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн тэргүүн баг төрийн тэргүүнтэй уулзлаа. Уулзалтыг “Хасын хүлгүүд”-ийн ерөнхий дасгалжуулагч О.Баярцогт санаачилж, Ерөнхийлөгчид хүсэлт гаргасны дагуу өчигдөр “Хүлгүүд”-ийнхэн Төрийн ордонд зочилжээ. Тэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт дурсгалын зураг татуулж, багийнхаа өмсгөлийг Ерөнхийлөгчид дурсгасан бол Ерөнхийлөгч харин тэдэнд NBA-ын домогт тоглогч Майкл Жорданы гарын үсэгтэй бөмбөг бэлэглэж, сюрприз барьжээ.

АНУ-д нэгэнт тогтсон жишгээр ийнхүү спортын шилдгүүд төрийн тэргүүнтэйгээ албаны бус, халуун дулаан уур амьсгалтай уулзалт хийсэн нь сонирхол татаж байна.  Дэлхийн хамгийн хүчирхэг лиг NBA-тэй зүйрлэх аргагүй ч өдрөөс өдөрт хөгжиж буй Монголын сагсан бөмбөгийн спортод нэвтэрч буй бас нэгэн гоё жишиг энэ байлаа.

Ер нь, Монголын сагсан бөмбөг хөгжиж байна. Тив алгасч тэмцээнд оролцох бүртээ амжилтаа ахиулах болсон сагсан бөмбөгчдийн дотоодын өрсөлдөөн ч улам бүр ширүүсч байгаа. Сагсан бөмбөг сонирхогчдын хэлж заншсанаар дээд лигт гадны шилдэг легионерууд тоглох болж, монгол тоглогчдын ур чадвар тэр хэрээр нэмэгдэж байна. Гал гарсан ширүүн тоглолт, хурц өрсөлдөөн, ээлж дараалсан тохолт гээд лигийн тоглолт үзээд гарсан зрителийн сэтгэл хөдлөлөөс үүнийг хангалттай харж болно.

Саяхан аваргаа тодруулсан "Үндэсний супер лиг"-ийн аваргууд гэхэд л 40 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэв. Монгол орны газрын зургийн хэлбэртэй тун өвөрмөц медаль, аваргын цом, бөгж, цаг, малгай, цамц гээд аварга цолыг дагалдсан дурсгалын зүйлс нь хүртэл өвөрмөц. Түүнчлэн мөнгөн медаль хүртсэн баг 20 сая, хүрэл медалийн эзэд 10 сая төгрөгөөр шагнуулсан. Спортыг ингэж үнэлж байгаа нь хөгжлийн нэг илрэл, тоглолт бүр танхим дүүрэн үзэгчтэй байгаа нь, үзэгчдийг тэгж татаж байгаа нь ч хөгжлийн хувьд шат ахисны илрэл билээ. Мөн гадны чадварлаг легионер тамирчид Монголын лигт уригдах болсон нь ч дэвшил юм.

Сагсан бөмбөгийн спортын нийт тамирчид, спорт холбоод, сагсан бөмбөгийн спортод хайртай үзэгчдэдээ баяр хүргэе. Энэ спорт улам бүр хөгжин хүчирхэгжиг.

С.ЦЭЛМЭГ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж