Сүхбаатар дүүргийнхэн хөгжлийн бодлогоо хэлэлцлээ

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийнхэн хөгжлийн бодлогоо хэлэлцлээ

Ардчилсан намаас улс орон даяар зохион байгуулж байгаа “Монгол хүн-2020”  хөгжлийн хөтөлбөрийн хэ­лэл­­­цүүлэг өнгөрсөн баасан гаригт Сүх­баа­тар дүүрэгт үргэлжлэв. Энэхүү хө­төл­бөрөөрөө тус намын удирдлагууд хөдөө, орон нутгаар болоод нийслэлийн дүүргүүдээр ажиллаж ард түмний са­наа бодлыг сонсч ирээдүйн хөгжлийн зорилтоо тодорхойлж байгаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот бол хөгжлийн төв цэг учраас Нийс­лэлийн ардчилсан намынхан дүүр­­гүүдэд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хэрхэн ажил хэрэг болгон шийдвэрлэх эсэх талаар тус бүр хэлэлцүүлэг өр­нүүлж буй. Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Там­гийн газрын дарга Д.Баттулга, НАН-ын дарга Ш.Түвдэндорж, Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга болоод намын хорооны төлөөлөгчид, тус дүүргийн иргэд оролцсон юм. “Монгол хүн-2020” хэлэлцүүлэг үндсэн таван сэдэвт хэлэлцүүлгээ явуулж буй бөгөөд эрх чөлөөтэй, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай орлоготой, аюулгүй орчинтой монгол хүнийг 2020 онд бий болгох үндсэн зорилготой ажиллаж байгаа аж. Хэлэлцүүлгийн үеэр НАН-ын дарга Ш.Түвдэндорж хэлэхдээ “Манай орон улс төрийн шинэчлэлийг сайн хийжээ. Гэтэл ард түмний дунд өдгөө хэр нь ядуу, тарчиг амьдрал байсаар л байна. Тиймээс манай намын зүгээс эдийн засгийн хувьсгалыг хийж иргэн бүрийг сайн сайхан амьдрах нөхцөл, боломжийг бий болгох ёстой хэмээн үзэж байгаа юм. Энэ өөрчлөлтийг хийхийн тулд “Монгол хүн-2020” хэлэлцүүлгийн улс орон даяар өрнүүлж ирэх 2012 он болоод 2016 онд ард түмны мөрийн хөтөлбөрийг гаргах зорилгоор өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” хэмээн онцолсон юм. Сүхбаатар дүүрэг нь 36165 өрх, 136891 хүн амтай бөгөөд тус дүүргийн нийт төсвийн орлого 23.4 тэрбум төгрөг. Харин нийт төсвийн зарлага нь 24.3 тэрбум төгрөг байдаг байна. Түүнчлэн, гэр хороололд 677 мянга гаруй хүн амьдардаг нь Сүхбаатар дүүрэгт агаарын бохирдол, хүн амын суурьшил, дуу чимээ, ус, хөрсний бохидол бий болгоход чамгүй нэмэр болдог байна. Мөн Цахилгаан эрчим хүчний алдагдал 25 хувьтай байдаг зэрэг асуудлууд Сүхбаатар дүүргийн оршин суугчдад тулгардаг ажээ. Нийслэлийн иргэд ийн тулгамдаж буй асуудал хийгээд хөгжлийн бодлогоо АН-ынхантай хэлэлцэв.

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж