Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Сэтгэлийн зул

Хайрт эгч, хамтран зүтгэгч Жадамын Отгонцэцэг
Таны гэгээн дурсгалд

Хүмүүний амьдрал гэдэг хичнээн богинохон. Саяхан л утсаар ярин тас тас инээж, тасралтгүй үргэлжлэх яриагаа дуржигнуулж байсан эгч маань Бурханы оронд одсон тухай гунигтай мэдээг дуулаад ийн халаглахад хүрлээ. Богинохон амьдрал шүү гэдгийг мэдсээр байж, гайгүйдээ тэгэж байгаад уулзана гэж явсаар байгаад уулзаж амжилгүй алсад одуулчихлаа. Дотны хүмүүстэйгээ санасан үедээ ярьж, бодсон даруйдаа зав гарган уулзаж байхгүй бол дуудаад дуу хүрэхгүй болсон хойно дэмий л халаглах юм даа.

Жадамбын Отгонцэцэг нь 1974 онд Сайд нарын Зөвлөлөөс ажлын гараагаа эхэлж 2012 онд гавъяаны амралтаа авах хүртлээ тасралтгүй 38 жил төрийн албанд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэдэг ганцхан байгууллагад ажиллаж байсан  төрийн жинхэнэ албан хаагч байлаа.  Хууль тогтоомжийн лавлагааны санг эрхлэх хэн хүний хийгээд байж чадахгүй, нарийн ур чадвар, нямбай ажиллагаа шаардсан ажлыг нэр төртэй, нүүр бардам гүйцэтгэдэг ясны сайн хуульч байлаа. Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, захирамж зэрэг олон тооны хууль тогтоомж, эрхийн актууд батлагдсан даруйдаа энэ хүний гараар орж эмхлэгдэн цэгцлэгдэж, дагаж мөрдөгдөхөд бэлэн болдог байлаа. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, эрхийн актын дугаар, огноог цээжээрээ хэлдэг амьд лавлагааны фонд төдийгүй Засгийн газрын хуралдаанд болон аппаратын удирдлага, албан хаагчдыг хуулийн лавлагаагаар шуурхай хангадаг, энэ ажилдаа жинхэнэ мэргэшсэн, зуун жилд ч ховор тохиох авъяаслаг төрийн зүтгэлтэн байлаа.

Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан, Төрийн албаны Тэргүүний ажилтан, “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, ойн бусад медалиудаар шагнаж урамшуулсан нь түүний нөр хичээнгүй зүтгэлийг төр, засаг, хамт олноос өндрөөр үнэлж байсны нотолгоо юм.

Отгоо эгч маань ажил мэргэжилдээ тун дуртай, ажлаасаа аз жаргалыг авч чаддаг, хамт олондоо хайртай, олон арван залуусыг ажил хөдөлмөрийн гараанд сургаж дадлагажуулсан буянтай сайн хүн байсан юм шүү.  Хэлтсийн хамт олноо бүгдийг нь гэртээ цуглуулан тас тас инээж,  дууны олон дэвтэрээ дэлгээд дуулалддаг байсан мөч, хүүхэд шиг гэнэн цагаахан  дүр төрх Тань бидний зүрх сэтгэлд тод томруунаар хоногшин үлдэх болноо.

Өнөр өтгөн айлын үр хүүхэд нь болж эргэн төрөөрэй. Ум сайн амгалан болтугай.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын
Хуулийн хэлтсийн хамт олoн
ЭМГЭНЭЛ
Жадамын Отгонцэцэг
/1952-2014/

Бидний хамтран зүтгэгч Жадамбын Отгонцэцэг нь хүнд өвчний улмаас 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж, эгч дүүс, төрөл төрөгсөд, анд нөхөд бидэнд хүнд гарз тохиолоо.

Ж.Отгонцэцэг нь 1952 онд Хэнтий аймагт төрсөн бөгөөд 1974-1991 онд БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлд бичээч, туслах ажилтан, зааварлагч, 1991-1993 онд Засгийн газрын Тамгын газарт зааварлагч, 1993-2012онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж байлаа.

Ж.Отгонцэцэг нь өөрийн ухамсарт бүхий л амьдрал, бие сэтгэлээ Монгол төрийн төлөө харамгүй зориулсан, төрийн жинхэнэ албан хаагч байлаа. Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, захирамж бүхий Хууль тогтоомжийн лавлагааны санг эрхлэх,  байгууллага, албан хаагчдыг хуулийн лавлагаагаар хангах хариуцлагатай ажлыг нэр төртэй гүйцэтгэдэг, хамт олондоо нэр хүндтэй хүн байлаа.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Алтан гадас” одон, Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан, Төрийн албаны Тэргүүний ажилтан, ойн бусад медалиудаар шагнаж урамшуулсан юм.

Ж.Отгонцэцэг Таны хөдөлмөрч хичээнгүй, нөхөрсөг нандин чанар, эгэл даруу гэгээн дүр бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.

Ум сайн амгалан болтугай.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын
Хамт олoн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж