Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Одод чуулсан үдэш

“Анх би “Гранд” сэтгүүлийг гадаадад байгаа Монгол айлын гэрт харж, нутгаа санасан монголчууд энэ сайхан сэтгүүлийг харж, бас энэ сэтгүүлд гарсан хүмүүс шиг сайн сайхан явах эрмэлзлэлээр тэтгэгдэж байдаг юм байна даа гэж бодсон. Түүнээс ч хойш энэ арга хэмжээнд хэдэнтээ оролцож байна даа” гэж их хамба Д.Чойжамц хэзээний зөөлөн хоолойгоороо эерүүхэн хэлэх.

Монголын хамаг л гоо бүсгүйчүүд, амжилт дүүрэн, анхаарал татам эрсийн цугласан “Grand people 2013” ёслолын тайзнаас Монголын бурхны шашны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамж вээр буй биеэрээ энэрэн нигүүлсэхийн дүр болохоор Монголын хүмүүнлэгийн үйлсэд тэргүүлэгчдийг тодруулах ёслолын ажиллагаанд ийн уригдах нь гайхалтай бус. Хэвлэгдээд удаагүй ч олны анхаарлыг сэртхийтэл татаж чадсан “Гранд” сэтгүүл дөрвөн жилийн өмнө анх Grand lady шалгаруулах ёслолын ажиллагаа санаачлан зохион байгуулсан. Нүдээ олсон сонголттой тэдний шалгаруулалт олон нийтэд таалагдаж, “Grand people” болон өргөжсөн. ”Анх хүмүүнлэгийн чиглэлээр ямар зүйл хийвэл олонд илүү хүртээмжтэй байх бол хэмээн сэтгэлээ шингээж санаачлан зохион байгуулсан ажил маань жил ирэх тутам өргөжин, олон нийтэд хүрсэн арга хэмжээ болсонд би их баяртай байдаг” гэж Гранд сэтгүүлийн эрхлэгч, хатагтай М.Уранчимэг даруухнаа өгүүлэх.

Урлаг, соёлын одод, улстөрчид, бизнесмэн, нийгмийн зүтгэлтнүүдийг хоймортоо урьж, тэдний талаарх хамгийн сонор, соргог мэдээллийг хүргэж байдаг “Гранд” сэтгүүлийн үдшийн зочид ч хэн байх нь тодорхой. Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, яруу найраг Ц.Хулан, зохиолч Б.Шүүдэрцэцэг, найруулагч Н.Наранбаатар, “Боролдой” студийн захирал С.Мягмар, “Харанга”-ын Лхагваа,  поп хатагтай Б.Сарантуяа гээд энэ үдшийн зочид олонд хүндтэй эрхмүүд.
Мэдээж хэрэг ийм нэр хүндтэй сэтгүүлээс санал болгож, олон нийтийн санал асуулгаар тодруулсан эрхмүүд ч Монголын сор болсон хүлээн зөвшөөрөхөөс ч өөр аргагүй алдартнууд.   

Энэ жилийн Гранд-эрхмүүдээр 

Хүмүүнлэгийн салбарт: “Grand Man”-“Наранцацралт” сангийн тэргүүн Н.Соёмбо


“Grand Lady”-“Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Хүүхдийн хөгжил, хамгаалал хөтөлбөр”-ийн үндэсний зохицуулагч Д.Оюунчимэг


Нийгэм соёлын салбарт:“Grand Man”-Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо


“Grand Lady”-“Монгол костюмс” төвийн захирал Б.Сувд


Урлагийн салбарт: “Grand Man”-ҮДБЭЧ-ын ерөнхий захирал, Соёлын тэргүүний ажилтан Г.Цоггэрэл


“Grand Lady”- Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа


Спортын салбарт: “Grand Man”- Гавьяат тамирчин Д.Амартүвшин


“Grand Lady”- Гавьяат тамирчин М.Уранцэцэг


Бизнесийн салбарт: “Grand Man”- “UFC” гурппийн ерөнхийлөгч О.Амартүвшин


“Grand Lady”- “Хар хорин хүрээ” ХХК-ийн ерөнхий захирал Б.Отгонгэрэл


Улс төрийн салбарт: “Grand Man”- УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

“Grand Lady”- УИХ-ын гишүүн М.Батчимэг нар тодорсон юм.

Энэ бүх нэрсийг харахад нээрээ л бусдын төлөө өөрсдийгөө зольж, бүхнээс илүү амжилт гаргасан нь яалт ч үгүй хүлээн зөвшөөрөгдсөн эрхмүүд гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх байх. Тэдэнтэй өрсөлдсөн эрхмүүд ч гэсэн дуу алдан хүлээн зөвшөөрөхөөр мундагчууд. Энэ олон сайхан хүмүүсийг нэгтгэж чадна гэдэг бас гайхамшиг. Дээрээс нь бас өмнөх жилийн Гранд эрхмүүд “Гранд” сэтгүүлийн урилгыг хүлээн авч энэ үдэш зочилдог болохоор одоо чуулсан үдэш гэж тодотгож болохоор.

Амьдрал баян, гэхдээ бусдын төлөө хариуцлага үүрч, хүмүүнлэгийн үйлсийг түүчээлнэ гэдэг хэн бүхний чадах зүйл, бас тохиох тавилан биш байж болно. Тийм ч учраас Монгол Улсын хоёр сая гаруй хүмүүсийн дундаас жинхэнэ Гранд байж чадах эрхмүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг. Харин гагц “Гранд” сэтгүүлийн хамт олон толгой мэдэн, бардмаар шалгаруулдаг өргөмжлөл бол Хүндэт “Гранд”-ийн шагнал. Бүтэн жилийн турш урлаг, соёл, улс төр, бизнесийн хүрээнийхний хамгийн шинэ соргог мэдээллийг хүргэж,  хамгийн сонин содон бөгөөд эрхэм зочдыг сэтгүүлийнхээ хойморт урин залдаг нийгэмд нөлөө бүхий сэтгүүлийн хувьд тэдний нэрлэсэн эрхэм үнэхээр Гранд байх нь тодорхой.

Энэ жилийн хувьд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба лам Д.Чойжамц абугайг Хүндэт “Grand man”-ээр өргөмжилсөн нь үнэхээр олны талархал төрүүлж, хүндлэл хүлээсэн шагнал боллоо. Тиймдээ ч энэ эрхмийн сэтгэл шингэсэн үгээр сурвалжлагаа эхлүүлсэн билээ. Харин энэ жилийн Хүндэт “Grand Lady” бол “Perfect” эмнэлгийн их эмч Н.Оюун. Монголд пластик хагалгааны эхлэлийг тавьж, эдүгээ эрүү нүүрний засал, эмгэг судлалын Монголын топ гэж хүлээн зөвшөөрөгдсөн дайчин хатагтай Н.Оюун тэртээх  социализмын үед л Монголд пластик хагалгааны эхийг тавьсан төдийгүй, төрөлхийн эмгэгтэй олон хүүхэд, хүнийг эмчилж эдгээсэн ачтан. Зөвхөн өөрийнхөө зардлаар буяны үйлс болгож 500 гаруй хүүхдэд 600 гаруй сая төгрөгийн хагалгаа хийсэн гэсэн тоо нэгийг өгүүлэх биз ээ. Ийм л ачтай буянтай бөгөөд амжилт бүтээл өөдрөг байгаа эрхмүүдийг “Гранд” сэтгүүл Грандаар өргөмжиллөө. Сайн үйлс бүхэн өөдлөн дэвжих болтугай. 

Сурвалжилсан А.АЛТАНТУЯА 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж