Олимпийн отгон аварга ДАШТ-ийг өнжинө

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Олимпийн отгон аварга ДАШТ-ийг өнжинө

Олимпийн уран гулгалтын аварга Аделина Сотникова удахгүй эхлэх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өнжихөөр болжээ. Сочийн олимпийн мөсөн талбайд “мэндэлсэн” ОХУ-ын 17 настай залуу аваргын оронд харин ОХУ-ыг төлөөлж Юлия Липницкая, Анна Погорилая нар дэлхийн аваргад оролцохоор багийн бүрэлдэхүүнд багтсан байна.

Уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 24-30-нд Японы Сайтама хотод болно. Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд аваргуудыг тодруулах юм. 

Уран гулгалтын тамирчдын хувьд олимпийн дараа зодог тайлах, олимпиос медаль хүртсэний дараа тухайн жилийн дэлхийн аваргыг өнжих тохиолдол цөөнгүй байдаг. Тэр жишгээр Сотникова дэлхийн аваргад оролцохгүй байхаар шийдсэн бололтой. Гэхдээ одоогоор чухам ямар шалтгаантай болохыг тэрбээр өөрөө ч, түүний дасгалжуулагч, багш нар, ОХУ-ын уран гулгалтын холбооноос ч ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Сотниковагаас гадна Сочийн олимпиос бүжгийн хосын төрөлд алт, мөнгөн медаль хүртсэн Мерил Дэвис, Чарли Уайт болон Тесса Вирти, Скотт Мойр нар мөн энэ удаагийн дэлхийн аваргыг өнжих ажээ. Канадын хос Мерил Дэвис, Чарли Уайт нарын тухайд өнгөрсөн жилийн дэлхийн аваргууд. Ер нь 2013 оны дэлхийн аваргын алтан медальтнууд бүгд энэ жилийн тэмцээнийг өнжиж байна. Тодруулбал, эрэгтэй ганцаарчилсан төрөлд түрүүлсэн Патрик Чан Сочийн олимпиос мөнгөн медаль хүртсэн бөгөөд олимпийн дараах хэвлэлийн бага хурлын үеэр энэ жилийн дэлхийн аваргад оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. Хосын төрөлд түрүүлсэн ОХУ-ын Татьяна Волосожар, Максим Транков нар ч энэ жилийн тэмцээнд оролцохгүй гэжээ.

Энэ удаагийн ДАШТ-ий өрсөлдөөний талбарт Ким Юна мөн байхгүй. Мөсөн талбайд ноёрхож, “Мөсөн хатан” хэмээн цоллуулж явсан тэрбээр Сочийн олимпийн өмнөөс л зодог тайлах тухайгаа мэдэгдэж, олимпийн наадамд чөлөөт үзүүлбэрээ үзүүлсэн тэр оройдоо зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан билээ. Түүний оронд БНСУ-ыг төлөөлж Ким Хэ Жин, Пак Су Ён нар дэлхийн аваргад өрсөлдөх юм байна.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж