Одоо бол өөр. Тэнд ажиллаж хөдөлмөрлөж, сурч боловсорч байгаа хүмүүсийн зорилгыг шулуухан хэлэхэд техник, технологийн дэвшлийг "хулгайлж" эх орондоо авчрах, Солонгосыг зоригсдын зорилгын шат ахисныг олон баримтаар дурдаж болно. УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийгийн урилгаар очсон албан ёсны айлчлалын философи ч энэ байх. Тэрбээр Солонгосын сайн техник, технологиудыг эх орондоо авчрахыг монголчууддаа уриалах, тийм нөхцөлийг нь хууль эрх зүйн хүрээнд хоёр улс хэрхэн бүрдүүлэх талаар Их хурлын даргатай нь ярьж тохирох, дээр нь өөрийн биеэр БНСУ-ын аж үйлдвэрийн комплексийн корпорацид зочилж өндөр технологийн кластер хөгжүүлж буй туршлага, үйл ажиллагаатай танилцах, Шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгээр нь зочлох, Солонгос-Монголын бизнес форумд оролцох, Пусан-Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажилтай танилцах, Солонгост ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэйгээ уулзах, БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д бараалхах зэрэг шил шилээ дарсан ажилтай.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд айлчлалын бүрэлдэхүүндээ Солонгост ажил хөдөлмөр эрхэлж хуримтлуулсан мөнгөөрөө үйлдвэрийн тоног төхөөрөмж эх орондоо авчран амжилттай ажиллаж буй залуусаас авч явсан юм. Тэдний нэг нь Улаанбаатар дахь мебелийн үйлдвэрийн захирал З.Баттулга байлаа. Тэрбээр 1999 онд Солонгост гэрээгээр ирж мебелийн үйлдвэрт ажиллахдаа захирлынхаа итгэлийг олж, улмаар эх орондоо ирж Хөдөлмөрийн яамны жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл авч тоног төхөөрөмжөө оруулж иржээ. Одоо Монголдоо амжилттай бизнес эрхэлж буй нэгэн юм. З.Баттулга Пусаны монголчууддаа эх орондоо очиж ажиллахыг уриалж, ямар боломжууд байгааг хэлж, өөрийнхөө туршлагаас ярьсан нь Их хурлын даргын монголчуудтай хийсэн уулзалтын хамгийн сонирхолтой хэсэг байлаа. З.Энхболд дарга "Та нар сонссон байх Монгол дахь "Янмал" гэж оймсны үйлдвэрийг. Захирал нь Лхагважав гэж залуу та нартай адил энд оймсны үйлдвэрт ажиллаж байгаад буцахдаа техник технологийг нь аваад буцсан юм. Одоо монголчуудын Эрээнээс хятад оймс зөөдөг наймаа багасаж байна. Цагаан сараар Лхагважавын үйлдвэрийн оймсыг монголчууд нэгэндээ бэлэглэдэг болсон. Чанартай сайн оймс. Та нар дутах юм байхгүй. Эх оронд чинь энэ мэт ажиллах боломж байна. Лхагважавыг авчирч та нартай уулзуулах гэтэл мань эр харлаж байгаад очсон юм байна. Тэгээд виз нь бүтсэнгүй" гэлээ. Энэ үеэр Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, "Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль гарсан ч энэ хуулийг том компаниуд ашиглаад эхэлсэн учраас дахин сайжруулж одоо та бүхэн тоног төхөөрөмж аваад очвол саадгүй орох хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн" гээд та бүхэн Монголдоо очвол үнэт капитал шүү гэдгийг онцолсон юм. Мөн тэрбээр мэргэжил боловсрол эзэмшиж амжилгүй гэрээгээр ирсэн монголчууд Солонгост хийж байсан ажлаараа Монголдоо очоод МСҮТ-өөс мэргэжлийн үнэмлэхтэй болох боломж бүрдэж байгааг хэлсэн юм. Пусаны уулзалтад эрчим хүч, зам гүүр, анагаахын чиглэлээр сурч, бүр доктор хамгаалж байгаа залуус нэлээд иржээ. Тэдэнд хандаж Их хурлын дарга З.Энхболд "Та нарын сурч байгаа салбарын ажил Монгол Улсад хангалттай их болж байна. Эх орондоо очиж ажилла" гэсэн юм. Монголчууд энэ удаад визний асуудлыг тавьдгаараа тавилаа. Их Хурлын дарга З.Энхболд "Урьд бол визний асуудлыг дунд түвшинд ярьж байсан бол энэ удаагийн айлчлалаар дээд түвшинд нь ярилцлаа. Ганцхан бэрхшээл байна. Та бүхэн Монголдоо байгаа шигээ архи дарс ууж, нэгэнтэйгээ зодоон цохио хийж явдгаа боль. Дээр нь хууль бус буюу хараар амьдрагсад цөөнгүй байна. Энэ бүх сөрөг асуудал зогсвол визгүй зорчих хууль эрх зүйн боломж бүрдэнэ гэдгийг хэлсэн юм. Ер нь би Үндэсний Ассамблейн даргатай уулзах бүртээ энэ асуудлаар чихнээс нь хонх уяж байгаа" гэдгээ хэлсэн юм. Тус улсын Ассамблейгээр зайлшгүй хуулийн өөрчлөлт орж байж энэ асуудал шийдэгдэх юм. Чихнээс нь хонх уяж байгаа гэснээс энд нэг зүйлийг дурдахад З.Энхболд дарга монгол иргэдтэй хийсэн уулзалт дээр "Би Солонгосын Элчин сайдын өмнөөс ярьж болохгүй, чи буруу ярьж байна, Солонгосын хуулийг би өөрчлөх юм уу" гэх мэт үгийг хэлж байсан нь магадгүй зарим хүнд хатуувтар сонсогдсон байх. УИХ-ын дарга З.Энхболд БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хийтэй ойрхон гурав дахиа уулзаж байгаа юм билээ. Уулзалтад оролцож байгаа Ассамблейн гишүүдийн заримтай нь Их хурлын дарга дөрөв дэхээ уулзаж байгаагаа хэлж байсан. Айлчлалын эхний өдрийн уулзалт дээр УИХ-ын дарга З.Энхболд албан ёсны дипломат яриа хөөрөө, харилцан ашигтай хамтын ажиллагааны талаарх яриагаа өрнүүлсний дараа шууд л "Хоёр улсын хооронд ижил тэгш, иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах гэрээ" байгуулсан. Гэтэл Улаанбаатар хот дахь танай Элчин сайдын яамнаас манай иргэдийг дансандаа 7-12 сая төгрөг байршуулах шаардлага тавьж байна. Өнөө хоёр орны иргэдийн ижил тэгш харилцан зорчих гэрээ яасан бэ. Танайх гэрээгээ зөрчиж байна шүү дээ" хэмээн тулгуухан, шазруун хэлж байгаа нь хэнд ч анзаарагдам байсан билээ. Хариуд нь Үндэсний ассамблейн дарга Кан Чан Хий "Танай иргэдийн зарим нь нийгмийн даатгал байдаггүй зэргээс шалтгаалж манайхаас тийм шаардлага тавьсан юм билээ. Үүн дээр манай Элчин сайдын яамнаас алдаа гаргасан бололтой. Үүнийг бид Гадаад харилцааны яам, Хууль зүйн яамтайгаа ярилцаж үнийн дүнг одоо байгаагаас нь харьцангуй доод түвшинд болгох, боломжтой бол бүр байхгүй болгох асуудлыг хэлэлцэнэ" гэсэн нь энэ асуудлыг бид цэгцэлье гэж ойлгогдсон. Эндээс харахад иргэдийнхээ асуудлыг нааштайгаар шийдүүлэхийн төлөө Их хурлын дарга хатуу, зарчмын байр сууринаас ханддаг хэрнээ иргэдтэйгээ уулзахаараа төрийн төмөр нүүрийг харуулдаг юм билээ. Уулзалтын үеэр Их хурлын дарга "Далайд ажилладаг, ялангуяа далайн хөлөг онгоцонд ажилладаг монголчууд байгаа эсэхийг хэдэнтээ асуусан ч тийм хүмүүсээс уулзалтад хараахан ирж амжаагүй бололтой. Энэ нь ямар учиртай гэхээр удахгүй Монгол Улсаас далайн тээвэрт өөрийн усан онгоцыг албан ёсоор явуулах гэж байгаа аж. Энэ онгоцонд Солонгост байгаа ажиллах хүчээ ашиглахыг хүсчээ. Мөн Пусан хотод өөрийн консулын газраа ажиллуулах Их хурлын шийдвэр гарч бэлтгэл ажил хангагджээ. Энэ тухай Их хурлын дарга хэлэхдээ "Пусаны консулд ажиллах боловсон хүчний эхнийх нь болох Бат-Эрдэнэ гэж залуу эндээс томилогдсон байна. Солонгост суугаа Элчин сайддаа та нарын өмнө албан ёсоор үүрэг болгож хэлэхэд бусад боловсон хүчнээ Солонгост байгаа хүмүүсээсээ бэлд. Нэгд энд боловсрол эзэмшсэн, хэлний бэрхшээл байхгүй хүмүүс энд бэлэн байна. Байр сууц, нийгмийн асуудлын хувьд ч хамаагүй зардал багатай шийдэх боломжтой. Хамгийн гол нь энд байгаа асуудлаа хамгийн сайн мэдэх хүмүүс байгаа. Тийм болохоор Гадаад харилцааны яамтай ярилцаж Солонгост ажиллаж, сурч байгаа иргэдээсээ сонгон шалгаруулалт хийгээрэй" гэсэн юм.
Пусан-Жинхэ эдийн засгийн чөлөөт бүсэд УИХ-ын дарга З.Энхболд зочлох үеэр тус бүсийн захиргааны дарга Со Сек Сүн ажлаа танилцуулж олон сайхныг ярьсан. Тэрбээр Монгол Улсын хойд, урд хил дээр байгаа чөлөөт бүсийн талаар саналаа хэлэхдээ "Танайд хөрөнгө оруулагчид ашиг харж очно. Ашиг харагдахгүйгээр хичнээн сайхан үйлчилгээ, газар орон, амгалан тайван орчин байгаад нэмэргүй" гэдгийг хэлсэн. Пусан хот нь чөлөөт худалдааны бүс болж, хөрөнгө оруулалтыг татан, ложистик, ачаа тээврийн төв болох мөрөөдөлтэй ч эцэстээ газрын асуудал хүнд байгаагаа нуугаагүй юм.
БНСУ-ын хөгжлийн загвар, эдийн засгийн гол төв нь болсон Пусаны захиргааны даргын ярианаас юу мэдрэгдэж байна гэхээр Монголын хөрөнгө оруулалтын орчны талаарх мэдээлэл, олон улсад сурталчилгаа нь муу хүрч байна хэмээн шүүмжлэгдэж байгаа хөрөнгө оруулалтын шинэ хуулийн талаарх мэдээлэл тэнд лав хангалттай хүрчээ. Со Сөк Сүн гэж тэр нөхөр Монголд хоёр удаа очиж үзсэн гэж байгаа ч 20 удаа ирсэн хүний хэртэй ярьж байгаа нь ингэж ойлгоход хүрсэн юм.
Солонгост байгаа монголчуудын тоо 33 000 хүрч байсан ч өнөөдөр 24000 гаруй болсон тухай албаныхан хэлж байна. Цөөрч л байгаа бололтой. Солонгосын хотуудад өдөрт нэг хүн 2000 орчим камерт дүрс нь бүртгэгддэг болохоор хулгай хийх, хууран мэхлэх, хуумгай явах боломж тун бага. Тийм атал манайхан сиймхийгээр нь юм хусаад л байдаг гэнэ. Энэ нь Элчин сайдын яамныханд ажил тарьж, амьсгаа дээртэй байлгахад хүргэдэг тухай элчингийнхэн ярьж байна. Саяхан Монголын таван иргэн томоохон хулгай хийсэн нь камерт үлджээ. Хулгай хийсэн цэгээс нь камерийн бичлэгээр хөөхөд машинтай яваад хаана буугаад, хаана хооллоод, хаана унтаад явааг нь хараад таниад байгаа атал хилээр гаргаад алдчихаж. Ингээд нислэгийн маршрутаар нь хөөсөөр Филиппин улсаас олсон байна. Камерийн хяналт өндөр хөгжсөн энэ улсад цагдаа, мөрдөн байцаагчийн адал явдал бидний үзэж буй кинон дээр л үлдсэнээс бус бодит байдал дээр өнөөдөр бараг байхгүйтэй ижил болжээ. Орчин нөхцөл нь ийм болсон Солонгос улсад өнөөдөр хууль бус байх боломж улам бүр хумигдаж байгаа нь нэг талаас монголчуудад минь хэрэгтэй аж. Их хурлын даргын хүсээд байгаа "Та нар элдэв хэл ам, хэрэг түвэгт орооцолдохгүйхэн шиг байгаад өгөөч ээ, тэгэх юм бол Солонгосын хуульд өөрчлөлт оруулж визгүй зорчих нөхцөл бүрдэх гээд байна" гэсэн хүсэл хурдан биелэх боломж ойртож л байгаа бололтой.
БНСУ-ын аж үйлдвэрийн комплексийн корпораци, Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн дээр хэлсэн Улсын Их хурлын дарга З.Энхболдын хэлсэн үг бол "Бид Шинжлэх ухаандаа мөнгө хаядаггүй улс. Одоо хөрөнгө мөнгө зарах ёстой. Хуучин бид 70 жил шинжлэх ухааны салбар бүрт хүчээ зарсан бол одоо бид зөвхөн эх орондоо хэрэгтэй шинжлэх ухааны салбаруудад хөрөнгө зарах ёстой" гэсэн юм. Монгол Улсын Их хурлын даргын энэ үгийг төрөөс щинжлэх ухааны салбарт баримтлах бодлого гэж ойлголоо. Монгол Улс нь ноолуур, арьс шир, Сайншандын аж үйлдвэрийн парк гуравт кластерыг ашиглах нь уул уурхайн хараат байдлаас гарах боломж гэж Их хурлын дарга үзэж байгааг солонгосчууд хүлээн авсан. Жишээ нь Солонгост манай ноолууран бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой хэрэглээ болдог байна. Монголоос дэлхийд зарагдах бараа энэ мэт байгаа нь тэндээс харагдах аж. Солонгосын Аж үйлдвэрийн комплексийн корпораци нь үнэндээ жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ эрхлүүлчихсэн газар юм билээ. Хөрөнгө мөнгө, орчин үеийн технологиор жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ хангалттай угждаг бөгөөд хөл дээрээ тогтсон бол зээлээ тодорхой үечлэлтэй төлдөг. Дампуурсан бол төр нь зээлүүлсэн ч хөрөнгөө авдаггүй орхидог тухай яриа тэнд өрнөсөн.
Эдгээр олон арга хэмжээнүүд дотор хоёр талын анхаарал татсан уулзалт бол УИХ-ын дарга З.Энхболдын БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ хатагтайд бараалхсан нь байлаа. Өглөөний 10.00 цагт цэлгэр танхимын том хаалгаар жижигхэн биетэй эмэгтэй гаицаараа орж ирэн хэвлэлийнхэнд дөхөж танхимын голд манай Их хурлын даргыг хүлээн хэсэг хором зогссон нь Азид зочилсон улс орны төрийн тэргүүн бүр уулзаж ярилцахыг хүсдэг Пак Гын Хэ хатагтай байлаа.
Дипломат инээмсэглэлтэй, намуухан дуутай тэр эмэгтэйн З.Энхболд даргатай ярилцахыг ойроос анзаарвал ямар ч нерв, стрессээс өөрийгөө суллаж чаддаг байх гэж бодогдоно. Түүнд эмэгтэй хүн бүрт байдаг ээмэг бөгж, элдэв зүүсгэл алга, тэр бүү хэл нүүрэндээ ямар ч энгэсэг будаггүй. Босоо захтай цагаан цамц, хар туфельтэй түүний гоёл гэвэл энгэрт нь харагдах жижиг хар чимэглэл байлаа. Тэрбээр хамгийн хаалттай ертөнц болсон Хойд Солонгост Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлахдаа Их сургууль дээр нь тийм чөлөөтэй, ардчиллыг дээдэлсэн илтгэл тавьсан нь гайхалтай үйл явдал болсон гэж үзжээ. Тухайн үед нь БНСУ-ын бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд танай Ерөнхийлөгчийн тэр илтгэлийг уралдан цацсан. Тийм хаалттай ертөнцөд ардчиллын тухай лекц уншсан төрийн тэргүүн танай Ерөнхийлөгч байсанд би баярлаж байна хэмээн ярьсан. Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболдын зүгээс БНСУ-ын Ерөнхийлөгч эрхэмсэг хатагтай Пак Гын Хэ-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг хүргэж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд идэвхтэй байр суурьтай оролцдогт нь талархал илэрхийлсэн юм.