“Челси”, “Реал” шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

“Челси”, “Реал” шөвгийн наймд шалгарлаа

Английн хөлбөмбөгийг төлөөлж, Лондонгийн “Челси” Аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөх эхний эрхийг авлаа. Өнгөрсөн шөнө Европын тавцан дахь хамгийн нэр хүндтэй тэмцээний шөвгийн 16-гийн шатны зарим хариу тоглолтууд болсон юм.

Талбайдаа Туркийн “Галатасарай”-г хүлээн авсан “Челси” Самуэль Эту, Гари Кахилл нарын гоолын ачаар өрсөлдөгчөө 2:0-ээр буулган авсан. Туркт болсон эхний тоглолтын үр дүн 1:1 байсан тул Лондонгийн “Цэнхрүүд” хоёр тоглолтын нийлбэрээр 3:1 харьцаатай ялалт байгуулж, дунд шөвөгт өрсөлдөх эрхтэй болж байна. Тоглолтын дөнгөж дөрөв дэх минутад Эту, 42 дахь минутад Кахилл гоолджээ.

Дээрх тоглолттой зэрэгцэн өнгөрсөн шөнө Испанийн нийслэл Мадрид хотноо Эзэн хааны “Реал Мадрид” учраагаа буулган авлаа. Германд хийсэн эхний тоглолтдоо “Шальке”-г талбайд нь 6:1-ээр бут ниргэсэн “Реал” өнгөрсөн шөнө талбайдаа 3:1-ээ ялалт байгуулжээ. Тус тоглолтод Роналду дубль хийж, Мората нэг гоол оруулсан бол “Шальке”-гаас Тим Хоогланд нэр төрийн ганц гоолыг оруулсан байна.

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн шатны сүүлийн хоёр тоглолт өнөө шөнө болно. Тодруулбал, Английн “Манчестер Юнайтед” талбайдаа Грекийн “Олимпиакос”-ыг хүлээн авах бол ОХУ-ын “Зенит” Германы “Боруссия Дортмунд”-ын талбайд зочилно.

С.ЦЭЛМЭГ








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж