Путин: Крым ОХУ-ын салшгүй хэсэг байсан

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Путин: Крым ОХУ-ын салшгүй хэсэг байсан

Мягмар гаригт болсон ОХУ-ын төрийн Думын хамтарсан хуралдаан дээр Ерөнхийлөгч Владимир Путин “Бидний сэтгэл зүрхэнд Крым бол Оросын салшгүй нэг хэсэг байсан гэдгийг бид мэднэ” хэмээн хэлсэн байна. Өнгөрсөн Ням гаригт Крымд болсон бүх нийтийн санал асуулгаар крымчүүдийн 97 хувь нь буцаан Орост нэгдэхээ илэрхийлсэний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Крымийг ОХУ-д нэгтгэх зарлигт гарын үсэг зурсан билээ.

Думын хуралдаан дээр хэлсэн үгэндээ Путин АНУ тэргүүтэй барууны орнуудыг тусгаар улсын дотоод хэрэгт байнга оролцдог хэмээн буруутгажээ. “Ямар ч юманд хэмжээ хязгаар бий. Барууныхан тэр хязгаарыг зөрчлөө. Маш бүдүүлгээр” хэмээн Путин хэлсэн байна. Мөн тэрбээр ОХУ Крымын асуудалд цэргийн хүчийг ашиглаагүй гэдгээ хэлсэн байна. ОХУ-ын 22 мянган цэрэг Крымын хямралын үеэр Крымд цөмөрч ороогүй, харин “олон улсын гэрээний дагуу Крымд байж байсан” гэсэн байна.

Харин Крымын хойгийг 1956 оноос хойш эзэмшиж байгаа Украины Ерөнхий сайд Арсений Яценюк энэ үйл явдлыш “олон улсын хэмжээний дээрэм” хэмээн нэрлээд Киев үүнтэй хэзээ ч санал нийлэхгүй гэдгээ мэдэгдлээ. “Нэг улс ирээд нөгөө нэг тусгаар улсын газар нутгаас хулгайллаа. Энэ асуудлыг шийдэх амаргүй байх болно. Гэхдээ ОХУ одоо дэлхийн хамтын нийгэмлэгээс онцгойрлоо” гэсэн байна.

Өчигдөр Симферополь хотын цэргийн баазад багтай хүмүүс дайран орж, харилцан буудалцаан болж, нэг цэрэг амь үрэгдсэн тухай мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Үүнийг Яценюк “хямрал улс төрийн өнгө аясаас цэргийн шинжтэй болж хувирлаа, энэ бол ОХУ-ын буруу” хэмээн мэдэгджээ.

АНУ тэргүүтэй барууныхны дэмжлэгийг авч байгаа Украины шинэ удирдлага “төрийн эрхийг аллага, террорын замаар булаан авсан. Тэдний санааг үндсэрхэг үзэлтнүүд гүйцэлдүүлсэн” гэдгийг Путин Думын хуралдаан дээр цохон тэмдэглэсэн байна.

Украины Ерөнхийлөгч Александр Турчинов “Путин өнгөрсөн зууны фашистуудыг санагдуулж байна. Манай улсад үйлдэж байгаа гэмт хэргийнхээ төлөө ОХУ-ын улс төрийн удирдлага хариуцлага хүлээх болно” гэж мэдэгдлээ.


А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж