”Бушхүүгийн үлгэр”-ийн шулам хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2011.05.09-нд нийтлэгдсэн

”Бушхүүгийн үлгэр”-ийн шулам хэн бэ?

Ийм асуултыг Монголын үе үеийн үзэгчид өөр зуураа тавьдаг. Ардын жүжигчин Н.Сувдыг гэх нэгэн байхад, адтайгаараа жүжигчин Т.Карма л байж таараа гэх хүн ч гардаг. “Бушхүүгийн үлгэр”-т Улсын заан Д.Долгорсүрэн эсгий гэр дээрээ ээжийгээ суулгаад ажигч үгүй үүрээд явчихдаг бяр чадал дүүрэн, ядуу эрийн дүр бүтээснийг бид мэднэ. Харин тэр шуламд нь хэн тоглосон юм бол?

Боловсрол суваг телевизийн “Кино код” шоуны дараагийн шат буюу зохиолынхоо төрөл жанрыг сонгох үе эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд ер нь Монголын кино урлаг өдий болтол хөгжихдөө хэдэн төрлийн кино бүтээсэн юм бол гэдэг сонин санагдав. Түүхэн сэдэвтэй бүтээл тун олон бий. Гэхдээ бүгд шахуу нэг намын дарангуйллын үед хийгдсэн болохоор үнэнийг гуйвуулсан нь их. Бараг бүх киноны гол баатар нь Д.Сүхбаатар, эсвэл түүнтэй хамт цэргийн алба хаасан нэг эр гол дүр байх нь хууль. Төр байтугай, гэрээ ч засч амжаагүй явсан Д.Сүхбаатар ганцаараа Монголын хувь заяаг бие даагаад шийдчихсэн мэт харуулна. Өдгөө бидэнд нэгэнт тодорхой болсон түүхэн баримттай огт авцалдахгүй ийм бүтээлүүдийг түүхэн гэхэд бас учир дутагдалтай юм. “Өглөө”, “Тэмцэл”-ийг уран бүтээлийн хувьд өөлөх юмгүй, шилдэг бүтээл. Түүхэн үнэн болоод уран сайхан талаасаа сайн бүтээлүүд бий бий, Мандухайгаас аваад.

Уянгын драм. Энэ төрлийн сайн бүтээл манайд харин нэлээд байгаа. “Говийн зэрэглээ”, “Тань руу нүүж явна”, “Илүү сартай зун” гээд ар араасаа хөвөрнө. Дайн тулаантай кино ч мундахгүй. Зөвлөлтийн киночидтой хамтран бүтээсэн “Дайсны цэргүүд ээ сонсоцгоо”, “Говь-Хянганд тулалдсан нь”, манайхан бие дааж хийсэн “Зарлаагүй дайны оршил”… Таны толгойд нэрс нь ар араасаа хөвөрч байгаа биз?
Харин Монгол кинонд ховорхон төрлийн нэг нь аймшгийн кино. Хамгийн анхных нь Төрийн соёрхолт Д.Төрбат зохиолыг нь бичиж, өөрөө бас тоглосон “Алт амилах цагаар”. Сүүлийнхээс нь дурьдвал “Дэв”, мөн тэр бүр хүн мэддэггүй “Улаан ой” ч гэж бий. Аймшгийн кинонд зохиолоос гадна тусгай эффект өргөн ашиглагддаг болохоор энэ төрлийн бүтээл ховор байдаг мэт.

Монголын киночид анх удаа үлгэр домгийн сэдэвт кинонд тусгай эффект ашигласан түүхтэй. Өгүүллийн эхэнд дурьдсан “Бушхүүгийн үлгэр”-ийг Монгол кино үйлдвэр хослол зураг хийж чаддаг болохыг хүлээж, хүлээж хийсэн гэж МУГЗ П.Цогзол гуай хуучилжээ. Тэрээр олон кинонд зураачаар ажилласан гэдгийг бид мэддэг боловч “Бушхүүгийн үлгэр”-ийн зохиолыг бичиж, найруулж бас зураачаар нь ажилласан гэж дуулсан хүн ховор байх. П.Цогзол кино зохиолоо тухайн үеийн Монгол кино үйлдвэрийн техник технологийн боломжид тааруулан бичсэн бөгөөд түүнийгээ ч бүрэн дүүрэн ашигласан аж. Бушхүүгийн морь үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр нисэхээс аваад сүүжний яснаас шулам амилдаг хэсэгт ч тусгай эффект ашиглажээ. Өнөөдрийн “Аватар”-тай зүйрлэх аргагүй ч 1979 оны Монголдоо л давгүй гүйцэтгэл. Харин тэр босч ирсэн шуламд нь жүжигчин Т.Цэмпилмаа тоглосон аж. Нүүр хувиргалт нь ч манайдаа мундаг. Т.Цэмпилмаа гээд нэрийг хэлэхээр хүмүүс дуулсан хэдий ч зүсэлж чадахгүй байж ч мэднэ. Монголчуудын дуртай олон, олон гадаадын кинонд дуу оруулсан энэ жүжигчин тун саяхан Боловсрол сувгаар гарсан “Хайрын эрэлд” олон ангит кинонд эмээгийн дүр бүтээсэн гэвэл танд төрх нь буух байх.

“Кино код” шоуны www.code.news.mn сайтаар дамжуулан үзэгчдээс авч буй санал асуулгаар одоохондоо инээдмийн кино хамгийн олон саналтай байна. Ерөөс сүүлийн жилүүдэд Монголын кино урлаг дан ганц энэ төрлөөр хийгдэж байгаа гэхэд болохоор. Ийм төрлийн хуучны сайн бүтээлээс та “Зэрэг нэмэхийн өмнө”, “Ингэх гээд байсан юм”, “Ховор хүмүүс”, “Хэцүү даалгавар”-ыг санаж байга биз ээ. Уншигч та ч гэсэн “Кино код” төслөөр ямар төрлийн кино бүтээлгэхийг хүсч байгаагаа дээрх сайтаар орж саналаа өгөөрэй.   

Д.Батбаяр
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж