Н.Төгсцогт ямар шийдвэр гаргах бол?

Хуучирсан мэдээ: 2014.03.19-нд нийтлэгдсэн

Н.Төгсцогт ямар шийдвэр гаргах бол?

Мухаммад Али, Майк Тайсон, Эвандер Холифилд, Мэнни Пэкьяо, Флойд Мейвезер… Мэргэжлийн боксын рингэнд нэр алдраа цуурайтуулж, зөвхөн спорт төдийгүй бизнесийн утгаар нь боксын спортыг дэлхий нийтийн анхаарлын төвд аваачиж чаддаг шилдэг тулаанчдын жагсаалт удахгүй Нямбаярын Төгсцогт хэмээх монгол нэрээр үргэлжлэх бололтой. Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн бокст хөл тавихаар хэдхэн хоногийн өмнө АНУ-ыг зориод байна. Гэхдээ одоогоор энэ асуудал албан ёсны гэрээ үзэглэж, баталгаажуулсан зүйл байхгүй, яриа хэлцлийн төвшинд байгаа юм. Товчхондоо бол Н.Төгсцогт эцсийн шийдвэрээ хараахан гаргаагүй байна.

Мэргэжлийн боксын ертөнцөд “промоутер” гэх чухал орон зай бий. Энтертайнментийн аль ч салбарт гол үүрэг гүйцэтгэдэг “промоутер” тухайн тамирчны амжилттай салшгүй холбоотой. Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксынхны хүрээнд нэр хүнд, чансаа өндөр, зөвхөн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэсэн “Top Rank” хэмээх компанитай холбоо тогтоожээ. Тус компанийн эзэн, боксын шилдэг промоутер Боб Арумтай харилцан тохиролцсоны дагуу Н.Төгсцогт гуравдугаар сарын эхээр АНУ-ыг зорьсон юм. Одоогоор тэр Лас Вегаст байрлаж, тэндхийн клубт бэлтгэл сургуулилтаа хийж байна.

Нөхцөл байдалтай танилцаж, мэргэжлийн боксын ертөнцийг биеэр мэдэрснийхээ дараа Н.Төгсцогт яриа хэлэлцээ төдий байгаа асуудлыг нэг мөр шийдэж, “Top Rank” промоушн компанитай гэрээ байгуулах эсэхээ шийдэх бололтой. Асуудлыг нэг тийш болгох хугацаа дөрөвдүгээр сард дуусна. Нэгэнт гэрээгээ байгуулчихвал ирэх зургадугаар сараас мэргэжлийн рингэнд гарах эхний тулааныг нь “Top Rank” зохион байгуулах юм. Энэ тохиолдолд Н.Төгсцогт Лондонгийн олимпийн өмнө боксын хагас мэргэжлийн лиг болох “World Series”-т Азербайжаны “Баку Файерс”-ийг төлөөлж байсан super bantamweight жингийнхээ ангилалд мэргэжлийн рингэнд хүч сорих болно.

17-хон настайдаа дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, Монголын боксын спортын брэнд болсон тэрбээр Лондонгийн олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгө, оюутны дэлхийн аварга, Химийн цом, Чехийн гран-при тэмцээний аварга, улсын насанд хүрэгчдийн таван удаагийн аварга гээд сонирхогчдын боксын рингэнд гаргасан амжилтаараа цоллуулах гуншин ихтэй. Нас залуу хэдий ч чамлахааргүй амжилт гаргасан түүнийг 22 настайдаа мэргэжлийн боксын рингэнд тулалдах сонголт хийж буйг шүүмжлэх хүн спортын хүрээнд цөөнгүй байна. Н.Төгсцогт 2016 оны Риогийн олимпиос алтан медаль хүртэх боломж өндөр гэдгийг Монголын төдийгүй гадны экспертүүд хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ мэргэжлийн боксыг сонгосон ч түүнд эргэж ирэх боломж бий. Мэргэжлийн бокст тулалдсан бол хэсэг хугацаанд сонирхогчдын рингэнд гарах эрхийг нь хязгаарладаг дүрэмтэй ч тухайн тамирчны бэлтгэл, форм, сэтгэлзүй, дээр нь дасгалжуулагчийн ур чадвар олимпийн мөрөөдлийг биелүүлэх боломжтой билээ.

С.ЦЭЛМЭГ


Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №053


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж