цахим төлбөрийн системд шилжүүлэх ажээ-

Нийслэлийн хэмжээнд 24 компанийн 1000 гаруй том оврын, 700 гаруй жижиг оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээний үүрэг гүйцэтгэж байдаг ажээ. Тэгвэл 1700 орчим нийтийн тээврийн хэрэгслийг ухаалаг системд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр болсон тухай таатай мэдээллийг “NEWS WEEK” онцолж байна.
Нийтийн тээврийн хэрэгсэл ухаалаг болсноор цахим тасалбарын картаар зорчиж, гар утас, автобусны буудлын электрон самбарыг ашиглан автобусны цагийн хуваарь, байршлыг харах боломжтой болох юм. Сүүлийн 30 гаруй жилийн турш бараг ямар ч шинэчлэлгүй явж ирсэн нийтийн тээврийн салбарын бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж, түгжрэлгүй, уралддаггүй, зорчигчид нь чихэлдэхгүй, хуваарийн дагуу үйлчилдэг болох гээд олон чухал шинэчлэлийг үндэсний компаниуд хамтран бий болгохоор зоригложээ. Нийтийн тээвэр цэвэрхэн, дулаахан, тохь тухтай, үйлчилгээ сайтай байж гэмээнэ үйлчлүүлэгчдээ татаж, үүнийг дагаад ашиг орлого нь нэмэгдэх учиртай. Энэ сэдэв бол “NEWS” агентлагийн хөндөж, асуудал дэвшүүлэн, үргэлж анхаарал хандуулж ирсэн сэдэв тул хамгийн их асуудал дагуулдаг нийтийн тээврийн “Ухаалаг” болох санаачилгад баяр хүргэмээр байна.
Нөгөө талаар нийтийн тээврийн үйлчилгээ, кондукторуудын харилцаа зэрэг нь олон хүнд таалагдахгүй байх нь нийтийн тээврийн үйлчилгээг муухай харагдуулдаг. Тэгвэл дэлхийн бусад орны жишгийн дагуу манай улсын нийтийн тээвэр ч мөн ухаалаг системд шилжихээр болсон нь маш том алхам юм.
Өнгөрсөн хугацааанд нийтийн тээврийн салбарт ухаалаг систем нэвтрүүлэхэд БНСУ-ын хөрөнгө оруулалттай компаниуд ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байсан удаатай. Гэвч Засгийн газраас үндэсний компаниудаа дэмжих шийдвэр гаргасан нь зөв шийдвэр болжээ. Нийслэлийн нийтийн тээврийн газарт нийтийн тээврийг ухаалаг болгох асуудалд үндэсний хэд хэдэн компаниуд төсөл, саналаа ирүүлээд байгаа бөгөөд одоогоор албан ёсоор сонгоогүй байгаа аж. Тэдгээрийн нэг болох “Слайд” компани гэхэд сүүлийн хоёр жилийн турш нийтийн тээврийн салбарт ухаалаг технологи нэвтрүүлэх талаар өөрсдийн хөрөнгөөр судалгаа хийж, төслөө албан ёсоор хотын удирдлагуудад хүргүүлээд байгаа аж. Одоогоор төсөл хэрэгжүүлэх компаниудыг энэ мэт зөвхөн үндэсний компани байхаар тохироод байгаа бөгөөд техник, технологи болон программ хангамжийн ажлууд үргэлжилж байгааг албаныхан хэллээ.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж байгаа 1700 орчим том болон жижиг оврын автобуснууд бүгд цахим төлбөрийн системд шилжих юм. Өөрөөр хэлбэл, автобус кондукторгүй болж, төлбөрөө шууд цахим картаар уншуулах юм байна. Үүнээс гадна автобусны буудал бүр дээр электрон самбар байрлуулах бөгөөд энэ самбарт автобусны хаана явж байгаа байршил, чиглэл, цагийн хуваарь зэргийг суулгасан байх аж. Зорчигч өөрийн хүлээж буй автобус нь тухай буудал дээр хэдэн минутын дараа ирэх боломжтойг ч самбараас хянах боломжтой. Мөн автобусны байршил, чиглэл, цагийн хуваарь зэрэг системийг гар утас, интернэтээр ашиглах боломжтой болно.
Хотын захиргаа Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр болоод буй нийтийн тээврийг ухаалаг системд шилжүүлэх санаачилгын талаар иргэдийн байр суурийг сонслоо.
Жолооч Л.Дамдинжав
-Хэрвээ цахим хэлбэрт шилжиж, кондукторгүй болчихвол амар байх. Кондуктортой маргалдаж явах шаардлагагүй болно, мөнгө нь очих ёстой газраа очно. Аяндаа хүмүүс хэрэглээд сурчих байх. Илүү соёлтой болох юм шиг санагдаж байна.
Жолооч Г.Базар
-Мэдээлэлгүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан энэ талаар иргэдэд илүү ойлгомжтой мэдээлэл түгээх хэрэгтэй байх. Яг яаж үйлчлүүлэх тал дээр ойлголт хэрэгтэй байна. Тухайлбал, картаар үйлчлүүлбэл картаа хаанаас, хэзээ авах, ер нь энэ шинэчлэл маань хэзээнээс эхлэх вэ гээд мэдээлэл маш муу байна.
Жолооч С.Баяндорж
-Энэ олон автобусыг цахим үйлчилгээтэй болгоно гэхээр нэг л санаанд буухгүй байгаа юм. Одоохондоо сайн ойлголтгүй л байна. Зохицуулалтаа сайн хийгээд явбал болох байх.
Кондуктор М.Алтанцэцэг
-Нийтийн тээврийг ухаалаг системд шилжүүлнэ гэж зурагтаар сонссон. Хэзээ, ямар зохицуулалт хийх талаар мэдээлэл алга байна. Бас автобусны тасалбарын мөнгийг цахим картаар уншуулдаг болно гэсэн. Энэ нь тодорхойгүй, мэдээлэл алга байна.
Жолооч Б.Хувьзаяа
-Кондукторгүй болно гэхээр нэг л санаанд буухгүй байна. Хэрэгжихээ тулбал хэрэгжих байх . Яг өнөөдрийн байдлаар миний хувьд тодорхой мэдээлэл алга байна.
Иргэн Х.Манал
-Автобус цахим карттай болсноор иргэдэд илүү амар болох байх. Тэгэхдээ одоогийн нөхцөлд хэрэгжих боломж хэр байдаг юм бол. Автобусны мөнгөө төлөх чавдаргүй иргэд олон байна. Автобус соёлтой болбол үйлчлүүлэгч ч гэсэн соёлтой болох хэрэгтэй.
Иргэн Х.Баярмаа
-Цахим картаа хүн болгон хэрэглэх байлгүй дээ. Худалдаж авна гэж ойлгож байна. Автобусны кондукторууд соёлгүй, зорчигчидтой муухай харьцдаг байдал алга болно. Энэ талаас нь харвал үйлчлүүлэхэд улам амар болох байх. Гадны оронд хэрэгжээд байгаа юм чинь манайд ч бас хэрэгжинэ гэж найдаж байна.
Иргэн Д.Чулуунбаяр
-Одоохондоо хэрэгжих болоогүй байх. Хүмүүсийн ухамсар ямар төвшинд байгаа билээ. Өнөөдөр 500 төгрөгөө төлж чадахгүй хүмүүс зөндөө байна. Би хуьдаа бол цахим болохыг дэмжиж байгаа ч итгэл муутай л байна. Автобусаа ухамсартай болгоё гэж байгаа бол эхлээд иргэдээ ухамсартай, соёлтой үйлчлүүлдэг болгох хэрэгтэй. Манайд гудамжинд ч тэр, нийтийн тээвэрт ч тэр соёлтой, ухамсартай ханддаг иргэд цөөн шүү дээ.
Иргэн С.Оюунчимэг
-Кондукторгүй болчихвол хэрүүл маргаан арилж, автобусанд суухад амар болох байх гэж бодож байна. Автобуснууд шугам, маршрутын дагуу тодорхой цагаар явж эхэлбэл сайн л байна. Дэмжиж байгаа.
Ш.ЧИМЭГ, Э.АРИУНАА