
-Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газар эдийн засагт чухал бодлого шийдвэрүүдийг гаргаж, идэвх санаачлагатай ажиллаж байгаад талархаж байна. 2014 онд Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг УИХ-аар хэлэлцэж, 2.5 хувь болгон бууруулсан нь цаашдаа Монголын алтны олборлолтыг нэмэгдүүлэх, төв банкны Эрднэсийн санд төвлөрөх алтны нөөцийг өсгөхөд асар их дэмжлэг болно гэдэгт би эргэлзэхгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ татварыг өөрчилснөөр алт үйлдвэрлэгчдийн хувьд татварын таатай орчин бий болсон. Компаниудын олборлолт явуулах чадавхийг нэмэгдүүлж, санхүүжүүлтэнд эерэгээр нөлөөлнө. Нөгөө талаар шинээр хэрэгжих “Алт” хөтөлбөрөөр алт үйлдвэрлэгчдийн богинох хугацааны санхүүжилтийг шийдвэрлэж байгаа нь улирлын чанартай ажилладаг бидний үйл ажиллагаанд том дэмжлэг болж буйг хэлэх хэрэгтэй. Урин дулаан цагт амжуулж үйлдвэрлэлээ явуулах нь улсад ч, үйлдвэрлэгчид ч хэрэгтэй байдаг. Иймээс энэхүү хөтөлбөрийн үр ашиг олон зүйлд тусгалаа өгнө гэж бодож байна. Тухайлбал, алт үйлдвэрлэгчдийн орлогоор дамжин ДНБ өсч, алтны орлого эргээд эдийн засгийн эргэлтэд орох, бусад салбарын хөгжил, түүнд оролцогч компаниудын үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Энэхүү эргэлтээр улсад төвлөрөх татварын орлого нэмэгдэх юм.
-Монголын алтны үйлдвэрлэл дэлхийн жишгээр хөгжиж чадаж байна уу. Тухайлбал, манай алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг оператор компаниудын мэргэжлийн чадавх хэр байдаг бол?
-Монголын оператор компаниуд чиглэл чиглэлээрээ мэргэшиж байна. Алтны салбарт салбарт нарийн мэргэшсэн цөөн хэдэн компани бий. Ур чадвар, мэргэжил, техник, технологийн хувьд манай оператор компаниуд гадныхнаас дутахгүй. Ер нь Монголд алтны үйлдвэрлэл дэлхийн жишгээр хөгжиж, уул уурхайн салбарт нарийн төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг үндэсний компаниуд бий болж, чадавх нь сайжирч, хөгжиж байна. Тэдгээр компаниуд байгаль орчинд ээлтэй, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг бүрэн хангаж, олборлолт баяжуулалтыг хамгийн үр ашигтайгаар явуулдаг. Тэдний нэг” Уул уурхайн үндэсний олборлогч” гэхэд бидэнтэй гурван жилийн өмнөөс хамтарч ажилласан. “Мондулаан трейд” компани 2000 оноос эхлэн 14 жил алтны салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн гурван жил олборлолтын үйл ажиллагаагаа “Уул уурхайн үндэсний олборлогч” компаниар амжилттай гүйцэтгүүлж ирлээ. Уул уурхайн ямар ч ажлыг гүйцэтгэх техникийн бааз суурьтай, дадлага туршлагатай,нарийн мэргэшсэн инженер техникийн хүний нөөцтэй, компанийн засаглал удирдлагын зохион байгуулалт сайтай Монголын шилдэг оператор компани. Энэ гурван жилийн хугацаанд тус компани нийт 20.3 сая шоо метр уулын цулын ажил, 61 га талбайд техникинй нөхөн сэргээлт, 42.4 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж улсад хүлээлгэн өгсөн. Алт үйлдвэрлэгчид ийм л чадвартай мэргэшсэн үндсэний компаниудтай хамтран ажиллахад хэзээд бэлэн байх болно. Нөгөө талаар үндэсний томоохон олборлогч компаниудыг бий болгосноор гадагшилах валютын урсгалыг царцаах нэг арга болно гэж боддог. Монголын мөнгө Монголдоо шингэж, монгол хүмүүсийн ажлын байр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ бүхэнулсын эдийн засагт дэмжлэг болох нь ойлгомжтой.
-Уул уурхайн салбарыг эдийн засгийг тэргүүлэгч салбар гэдгийг монголчууд хүлээн зөвшөөрсөн шүү дээ?
-Монгол Улс байгалийн баялаг ихтэй. Тиймээс энэхүү баялгийг эргэлтэнд оруулахад үндэсний хүчирхэг уул уурхайн компаниуд хэрэгтэй. Иймд салбартаа бизнесийн туршлагатай, аюулгүй ажиллагаа, байгаль орчны хууль дүрэм стандартыг эрхэмлэн, түүнийг үйл ажиллагаандаа тууштай баримталдаг, шаардлагыг бүрэн хангасан компаниудаа Монгол Улс бодлогоор дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа.
-Уул уурхайн компаниудын хувьд нийгмийн хариуцлагын асуудал байнга хөндөгддөг сэдэв. Алт үйлдвэрлэгчид нийгмийн хариуцлагаа хэр биелүүлдэг хүмүүс вэ?
– Бид олборлох үйлдвэрлэлийн ил тод байдал, хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг. Олборлосон алтаа Монголбанкны Эрднэсийн санд байнга хүлээлгэн өгдөг. Алт үйлдвэрлэгч компаниудыг би нийгмийн хариуцлага сайтай гэж хэлж чадна. Сум орон нутгийнхантай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж ажилладаг. Нийгмийн чиглэлээр гэвэл сум орон нутгийг хөгжүүлэх, тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалах, сурч боловсроход нь дэмжлэг үзүүлэх зэргээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж өгч байна. Энэ бол алт үйлдвэрлэгчдийн зүгээс Монголын нийгмийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт юм. Мөн малчдад худаг гаргаж өгөх, сүү, тараг, махыг нь худалдан авах замаар амьжиргааг нь дээшлүүлэхэд анхаарч ажилладаг.
-Нөхөн сэргээлтийн асуудал нийгэмд хурцаар тавигддаг. Энэ асуудалд монголчууд хоёр талтай ханддаг шүү дээ. Тэгэхээр алтны салбарынхан нөхөн сэргээлтийн асуудалд хэр анхаардаг вэ?
-Алт үйлдвэрлэгчдийн хувьд нөхөн сэргээлтийн ажил нэгдүгээрт тавигддаг асуудал. Нөхөн сэргээлтийн хувьд манай салбарынхан Монголын хууль дүрмийг чандлан биелүүлдэг гэдгийг хэлмээр байна. Бид байгаль орчинд ээлтэй технологи хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашиглаж байгаагаа хэлсэн. Шороон ордын алтыг авахад ямар ч химийн урвалж явуулдаггүйгээрээ байгаль орчинд хамгийн ээлтэй мөн үйлдвэрлэлийн усыг тунаах нуураар дамжуулан цэвэршүүлж дахиг хэрэглэдэг. Шороон ордын олборлолтын нэг онцлог нь техникийн нөхөн сэргээлтийн ажлыг уулын ажилтай хослуулан гүйцэтгэдэг давуу талтай. Өөрөөр хэлбэл, нөхөн сэргээлт, олборлолт, баяжуулалтын үйл ажиллагаа нэгэн зэрэг хийгддэг гэсэн үг.
– Алт үйлдвэрлэгч компаниуд хувиараа ашигт малтмал олборлогчидтой хэр хэл амаа ололцдог вэ?
– Бичил уурхайчидтай гэрээ байгуулж ажилладаг. Байгальд хуримтлагдсан шижирмэг алтыг олборлох явцад ул чулуулагт төрц алт үлдэж хаягдах магадлалтай байдаг. Ашигт малтмалыг бүрэн олборлохын тулд тэдэнтэй хамтарч ажиллах нь аль аль талдаа ашигтай байдаг. Ингэснээрээ бичил уурхайчид, компаниудтай хамтарснаар татвар төлөлтөд хамрагдах болсон. Энэ бүхний эцсийн үр ашиг нь улс орны эдийн засагт эерэгээр нөлөөлж байгаа шүү дээ.
-Шороон ордын алтны нөөц дуусч байгаа талаар зарим хүмүүс ярьдаг. Энэ үнэн үү?
-Геологи-хайгуулын ажил зогсонги байдалд орсон. Өмнө нь геологи хайгуулын судалгаа, зураглалын ажлаар олж тогтоосон шороон ордуудын нөөцийг ашиглаад дуусч байна. Геологи хайгуулын үйл ажиллагаа нь олборлолтоос 10-20 жилийн өмнө явагдаж байх ёстой. Иймд алтны хайгуулын ажилд төр онцгой анхаарах ёстой. Монголд өмнө, баруун, хойд бүс нутгуудад ихээхэн сонирхолтой, боломжтой талбайнууд олон бий. Геологийн зураглал судалгаа шинжилгээний ажлуудыг идэвхжүүлж, улсын эрдэнэсийн сан хөмрөгийг нэмэгдүүлж байвал олборлолт тэр хэмжээгээр өсч, Монгол Улсын Эрдэнэсийн санд төвлөрөх, төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад чухал ач холбогдолтой. Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг төр засаг анхааралдаа авч Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн горьдлоготой байна. Эцэст нь алт олборлогч биднийг дэмжиж ажиллаж байгаа төр засагт талархаж байгаагаа хэлье.