Энхийг сахиулагчдын гэргий нарын хүсэлт

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Энхийг сахиулагчдын гэргий нарын хүсэлт

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар болон энхийг сахиулагчдын гэргий нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Зэвсэгт хүчин Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 10 гаруй жилийг үджээ. Энэ хугацаанд долоон оронд давхардсан тоогоор 6000 гаруй дайчдаа илгээж, энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан байна. Одоогоор 1300 гаруй цэргийн албан хаагч олон улсын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж яваа гэж Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид илтгэлээ.

Энхийг сахиулагчийн ар гэрийг авч явна гэдэг эмэгтэй хүний хувьд тэсвэр тэвчээр заахаас эхлээд олон зүйлийг бие даан хийх шаардлагатай болдог тухайгаа Энхийг сахиулагчдын холбооны тэргүүн Д.Соёлоо хэлж, нийгмийн асуудалд анхаарахыг хүсэв. Тухайлбал, эр нөхрийнх нь эзгүйд гэр бүлийнх нь гишүүд өвдөж эмнэлгийн тусламж авах шаардлагатай болох тохиолдол цөөнгүй. Ийм үед Цэргийн эмнэлэгт шууд хандан үйлчлүүлдэг болох нь чухал байгаагаа хүсэв.

Үүнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч санал нэг байгаагаа илтгээд хүүхэд өвдөж сандаргахад эцэг нь эзгүй хойгуур ээж л эмнэлэгт хандахаас аргагүй. Ийм үед өрхийн эмнэлгээс гадна өөр нэг хандах эмнэлэг байх нь зөв хэмээсэн юм. Мөн дайчдын хувьд энхийг сахиулах ажиллагаанд оролцоно гэдэг эр зориг, тэсвэр тэвчээр хатуужилтай байхаас гадна төрөөс нь анхаарах асуудлууд байдгыг тодотголоо. Дүрэмт хувцсыг нь халуун орны нөхцөлд тохируулж, ялаа шумуул нэвтрэхээргүй материалаар хийхээс гадна хоёр ээлжийн болгох. Зэвсэг, техник нь олон улсын шаардлага хангасан байх ёстойг өнгөрсөн жил Суданд айлчлах үеэрээ төрийн тэргүүн анзаараад авчээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Энхийг сахиулаад ирсэн дайчдаа бид Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр хүлээн авч, медаль гардуулснаар болчихлоо гэж үздэг.  Гэтэл бусад улс орон энхийг сахиулаад ирсэн дайчнаа сэтгэл зүйг нь засахын тулд жилийн турш эмчилгээ сувилгаа хийдэг, нөхөн сэргээх төвдөө гэр бүлтэй нь цуг хүлээн авч сувилдаг гээд санаа авах хэрэгжүүлэх давуу талууд олон байна.  Монгол Улс үүн рүү тэмүүлэх ёстой. Энхийг сахиулагчид бол улс орны батлан хамгаалах, аюулгүй байдлын баталгаа, сурч мэдсэнийг эх орон нь бас ашиглах ёстой.  Цэргийн эмнэлэг нь олон улсын төвшинд хүрч хамгийн орчин үеийн техник технологиор тоноглогдож,  хамгийн чадвартай эмч, боловсон хүчнүүдээр хангагдах ёстой. Ийм болгохын төлөө хийж байгаа ажлууд бий” хэмээн хэлсэн юм.

Мөн энхийг сахиулагчдын түшиг тулгуур нь болж ар гэрийг нь найдвартай авч яваа бүсгүйчүүдэд бүгдэд нь талархаж байгаагаа илэрхийлж уулзалтаа өндөрлөсөн юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж