Мод хууль бусаар бэлтгэж байжээ

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Мод хууль бусаар бэлтгэж байжээ

Сэлэнгэ
аймгийн Ерөө сумын Баяны ар хэмээх ууланд “Хүдэр Өсөх” ХХК 501 ширхэг
нойтон мод хууль бусаар бэлтгэсэн болохыг тогтоогджээ. Энэхүү хэргийг
шалгах явцад Ойн тухай болон бусад хууль, журмыг ноцтойгоор зөрчсөн нь
илэрсэн байна. Гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө
суманд хийсэн хяналт, шалгалтын талаар БОНХЯ-ны Бодлогын хэрэгжилтийн
зохицуулах газрын дарга Б.Гантулга, Улсын мөрдөн байцаах газрын Байгаль
хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн нэгдүгээр тасгийн
дарга, цагдаагийн хошууч Б.Цогтбаатар тэргүүтэй албаны хүмүүс хэвлэлийн
хурал зарлалаа.

-Цагдаагийн байгууллагад “Сэлэнгэ аймгийн Ерөө
сумын хоёрдугаар багийн нутаг Баяны ар хэмээх газар хууль бусаар их
хэмжээний нойтон мод бэлтгэж байна” гэсэн иргэдийн мэдээллийн дагуу
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах
журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилчид, Байгаль орчин, ногоон
хөгжлийн яамны ажилтнуудтай хамтран шалгалт хийлээ.
 
Шалгалтын
Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Баяны ар”
гэх газар мод бэлтгэлийн үйл ажиллагаа явуулж байсан “Хүдэр Өсөх”
ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах явцад  “Хүдэр Өсөх” ХХК нь нийт 501
нойтон мод хууль бусаар бэлтгэсэн нь тогтоогдлоо. Ашиг олох зорилгоор 
нойтон модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байсан  нь тогтоогдсон тул
Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн  211.1-д заасны дагуу эрүүгийн
хуулийн хариуцлага хүлээх болно.

Ойн анги, байгаль орчны хяналтын
улсын байцаагч, байгаль хамгаалагч, Засаг дарга, цагдаагийн ажилтан,
ойн ангийн ажилтан нар нь орон нутагтаа Байгаль хамгаалах тухай, Ойн
тухай хууль болон холбогдох дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж
ажиллахдаа  туйлын  хангалтгүй ажилласан байна.

Сэлэнгэ аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 13
тоот тогтоол гаргажээ. Уг тогтоолоор “Ойгоос түлээний мод бэлтгэх,
тээвэрлэх, хяналт тавих журам”-ыг баталжээ. Гэвч  энэ журам нь ойн
хууль, холбогдох дүрэм, журмыг зөрчиж байгаа нь  тогтоогдоод байна. 
Үүнд:

  1. Журмын 5,1-д “Бэлтгэсэн модыг хоёр метрээс дээшгүй урттайгаар тайрч
    тээвэрлэнэ” гэж заасан байна.  Энэ нь Монгол улсын түлшний модны
    стандартыг зөрчсөн заалт болсон байна.
  2. Журмын 5,2-д “Бэлтгэсэн түлшний модыг аймгийн нутаг дэвсгэр дотроо
    тээвэрлэхдээ гарал үүслийн гэрчилгээгүйгээр зөвхөн мод бэлтгэх эрхийн
    бичгийг үндэслэн тээвэрлэж болно” гэж заасан нь Ойн тухай хуулийн 34,4
    дэх заалт, “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын
    холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн заалт болсон байна.

Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд ойн нөөц баялгийг зохих зөвшөөрөлд
үндэслэн зүй зохистой ашиглаж, төрийн ба хувийн хэвшлийн байгууллагууд
нутгийн иргэдтэй хамтран холбогдох хууль тогтоомжийг чандлан сахиж
ажиллах шаардлагатай байна гэдгийг онцоллоо.

Цаг
агаар хууршилттай хаврын улирал эхэлж байгаатай холбогдуулан ойд аливаа
үйл ажиллагаа явуулахдаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байх,
онц шаардлагагүй бол ойд орохгүй байхыг БОНХЯ, Цагдаагийн ерөнхий
газраас санууллаа.

Хэрвээ мод хууль бусаар бэлтгэж байгааг мэдсэн
иргэн хамгийн ойр байрлах Цагдаагийн байгууллага, Байгаль хамгаалагч,
Байгаль орчны улсын байцаагчид яаралтай мэдээлэх ёстой. Мэдээллийн
мөрөөр холбогдох албаныхан шуурхайн хяналт, шалгалт хийх гэнэ. Мөн
цаашид үнэн бодит мэдээлэл өгсөн иргэдийг хураасан хөрөнгийн тодорхой
хувиар шагнаж урамшуулал журам батлахаар ажиллаж байгаа гэнэ. Энэхүү
журмыг БОНХЯ дэмжиж, хэдэн хувиар хэрхэн шагнахыг эцэслэн
шийдвэрлүүлэхээр саналаа Сангийн яаманд хүргүүлжээ. Иргэдээс мэдээлэл
авдаг болсноор, мэдээллийг нь урамшуулдаг болсноор мод хулгайгаар
бэлтгэх гэмт хэрэг буурна гэж БОНХЯ, Цагдаагийн ерөнхий газраас үзэж
байгаа гэнэ.

Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж