
Үүнээс гадна УИХ дахь цөөнх буюу Ардчилсан намын бүлгийнхний хийсэн “эс үйлдэл”-ийг өнгөрсөн долоо хоногийн бас нэг анхаарал татсан сэдвээр нэрлэж болох юм. Даваа гаригт намын бүлэгтээ дүгнэлтээ танилцуулах ёстой байсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсгийнхэн тайлангаа тавиагүй нь учиртай. Өнөөдөр бүлэгтээ танилцуулж, УИХ-аар хэлэлцүүлнэ гэж байгаа ажлын хэсгийн дүгнэлтээс хамтарсан Засгийн газрын хувь заяа ямар нэг хэмжээгээр хамаарах болчихоод байгаа билээ. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд өгөх дүгнэлтийг МАН-ын бүлэг Засгийн газрын гишүүд тайлангаа тавьсан тэр өдөр нь хэлэлцээд биелэлтийг 61 хувьтай гээд гаргачихсан байхад Ардчилсан нам дүгнэлтээ гаргалгүй хагас сар шахам саатуулсан нь ч үүнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, ажлын хэсгийн дүгнэлт МАН-ын бүлгийнхийг бодвол сөрөг талдаа гарсан гэсэн үг.
Одоогоор намын бүлгийн гишүүддээ ч тараагаагүй байгаа мөрийн хөтөалбөрийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээтэй хамт С.Батболдын Засгийн газар орших уу, эс орших уу, Ардчилсан нам Засгийн газарт байх эсэх тухай асуудал яригдах болоод байна гэж ажиглагчид үзэж байна. Хоёр долоо хоногийн өмнө болсон намын бүлгийн анхны хуралдаан дээр ч гэсэн энэ тухай асуудал сөхөгдөж, бүлгийн гишүүдийн олонхи, тэр дундаа Засгийн газарт хамгийн олон суудал эзэлж буй Алтангадасын нөхдүүд хүртэл “Яривал ч ярья” гэх үгийг унагасан байдаг. Хаа хаанаа Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл ханамжгүй байна аа гэсэн үг. Тэр нь мэдээж нэг талаас хамтарсан Засгийн газрыг анх байгуулах үед асуудалд хэт их сэтгэлийн хөөрлөөр хандаж, биелэх биелэхгүй олон амлалтыг авсантай ч холбоотой байх. Нөгөө талаар хэрэгжүүлж болох олон асуудал Засгийн газрын өөрийнх нь үйл ажиллагааны хурдаас хамаарч хэрэгжихгүй үлдсэн тал бий. Зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний араас хийгдсэн ажил, сонгууль зарлахад жил хүрэхгүй хугацаа үлдээд байхад Тавантолгойн ордын ашиглалтын асуудал цаасан дээрхээс халиагүй байгаа нь үүнийг бэлээхэн хэлээд өгнө.
Цаашлаад нийгмийн шинэчлэлийн чигтэй олон асуудал сонгуулийн тогтолцооны шинэчлэл, хууль шүүхийн байгууллагын шинэчлэл, орон нутгийн эрх мэдлийг тэлэх, төсвийн төвлөрлийг бууруулах асуудал, 2012 оноос хэрэгжүүлж эхлэх Төсвийн тогтвортой байдлын хуулийн зарим заалтыгг эс тооцвол хийгдээгүй байгаа нь бас л асуудал болоод байгаа билээ. Тэгэхээр энэ удаа Засгийн газрын мөрийн хөтбөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ үлдсэн хугацаанд энэ бүх ажлыг хийж дуусгана гэж үзэх үү, эсвэл хийж чадаагүй ажилд нь хариуцлага тооцож, Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулах уу гэдэг хоёр сонголтын нэгийг хийх болоод байна. Тиймээс үүн дээр Ардчилсан намын бүлэг “илүү улс төрийн үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй” хэмээн үзэж байгаа. Мөрийн хөтбөлбөрт тусгагдсан асуудал бүрээр тооцож хувилах бус, нөхцөл байдалд илүү ойртсон дүгнэлт байх ёстой гэсэн үг.
Мэдээж мөрийн хөтөлбөрийн зүйл заалт тус бүрээр тулгаад “Хангалтгүй” гэдэг дүгнэлт өгөх юм бол ордны гадаа жагсаал цуглаан зохион байгуулж буй нөхдүүдэд илүү ашигтай байдлыг бий болгохоос бус эрх барьж буй хоёр намын аль алинд нь ашиг үл авчирна. Гэтэл тэгэхгүй гээд МАН-ын бүлэг шиг “хангалттай, сайн” гээд дүгнээд явуулах нь бодит байдалтай харгалдахаас гадна нийгмийн сэтгэл зүйд ч гэсэн сайнаар нөлөөлөхгүй, “УИХ нь Засгийн газрынхаа дор орсон” гэдэг шүүмжлэлийг дагуулах билээ. Улаан цайм хар өнгөтэй зүйлийг цагаан, эсвэл улаан гэж зүтгэх нь өөрийгөө хорлохоос цаашгүй. Тиймээс ямар нэг байдлаар дүгнэлт хар цагаан хосолсон байдалтай гарч таарна. Харин доозыг нь хэрхэн зөв тохируулах вэ гэдэгт Ардчилсан намын бүлэг өнөөдөр хариу өгнө. Цагаан нь илүү гарвал нийгэм хүлээж авахгүй, хар нь давчих юм бол “огцортол нь тэмцэнэ ээ” гээд ордны гадна хэвтэж байгаа жагсагчид, улс төрийн бүлэглэлүүдийн өшөө авалтад амттайхан өгөөш болно гэсэн үг. Тиймээс тэдэнд ингэж оноо өгөхгүйн тулд Засгийн газарт байгаа намууд өөрсдөө дотооддоо шүүмжлэлтэй хандах хэрэгтэй гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа юм. Лхагва гаригийн орой УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Ганхуяг нарын УИХ-ын даргад өргөн барьсан “Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах тухай” шаардлага ч үүний нэг хэсэг байж болох юм.
Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах шаардлага тавьж байгаа нь эхний удаа биш юм. Өнгөрсөн өвөл мөн л энэ шаардлагыг Ц.Сэдванчиг, Ц.Батбаяр, С.Эрдэнэ нарын гишүүд тавьсан ч УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар огцруулахгүй хэмээн шийдвэрлэсэн. Огцруулах асуудлыг хэлэлцсэнээс хойш зургаан сарын дотор дахин уг асуудлаар санал хураалгадаггүй хуультай. Өөрөөр хэлбэл, одоо энэ шаардлагыг өргөн барьж байгаа нөхдүүд ч хуулийн энэ хугацааг ягштал баримтлан асуудлаа дахин тавьж байгаа хэрэг. Үндэслэл нь ч бараг хэвээрээ. Ерөнхийлөгч хориг тавьсаар байхад ашигт малтмалын эрэх хайх тусгай зөвшөөрөл олгосон, “урт нэртэй” хууль, УИХ-ын 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй, Налайхын уурхайд хүний амь эрсэдсэн, тавдугаар цахилган станцын ажлыг эхлүүлээгүй гэх мэт. Нэг сайдын асуудлыг хоёронтаа УИХ-д оруулна гэдэг үүний цаана ямар нэг хэмжээгээр асуудал, эсвэл тодорхой сонирхол байна гэсэн үг. Хамтарсан Засгийн газрын нэг сайд нь ингээд яваад өгвөл танхим цааш үргэлжлүүлээд бүрэн эрхийн хугацаагаа дуусгана гэдэг эргэлзээтэй болно. Тиймээс Д.Зоригт сайдын асуудлыг тавьж байгаа нь өөрөө хамтарсан Засгийн газрын ирээдүйг шийдэх бас нэгэн оролдлого гэж хардаж болох юм.
2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөс өмнө Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг нууц санал хураалтаар шийддэг байсан. Үүнээс улбаалан танхимын бүрэн бүтэн байдал, намын дотоод эв нэгдэл гээч зүйл нэлээд хэврэгшиж, сайдыг огцруулахаар дуртай нь асуудал оруулдаг, нууцаар санал хураагаад унагадаг зуршил тогтсон. Үүний гайгаар Ардчилсан холбоо эвслийн гурван Засгийн газар унасан билээ. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аас томилогддог албан тушаалтан, Засгийн газрын гишүүдийг томилох, чөлөөлөхөд илээр санал хураадаг болсон билээ. Тиймээс Д.Зоригт сайдыг авч үлдэх үү, огцруулах уу гэдэг энэ удаа хоёр намын бүлгийн шийдвэрээс шалтгаална. Энэ шийдвэрэс хамтарсан Засгийн газрын хувь заяа шалтгаалах юм. Магадгүй Ардчилсан намын бүлгийн хувьд одоо байгаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээс илүү ирэх нэг жилд багтааж хийх ажилд илүү ач холбогдол өгвөл Засгийн газрыг нэлээд сайн “баадуудаж” аваад цааш нь ажиллуулж магадгүй. Сонгуулийн хуулийн өөрчлөлт зэрэг одоо УИХ-аар шийдвэрлэгдэхээр хүлээгдэж байгаа зарим нэг “топ” асуудлууд тэдний тохиролцооны нэг хэсэг байх биз. Харин МАН-ын бүлгээс энэ асуудалд урьдынх шигээ хойрго хандаж, шалтаг шалтгаан гарган уясан хэвээр байх аваас “Хамтарсан Засгийн газраас гарлаа” гээд яваад өгөхөд ч бэлэн байгаа бололтой.
Гэхдээ Ардчилсан нам дангаараа энэ санаачлагыг гаргахгүй, МАН-ын оролцоо ямар нэг хэмжээгээр байх ёстой. Тэр нь МАН-ын бүлгийн гишүүдээс ил далд өдөөх болсон “Ардчилсан нам Засгийн газраас гарах цаг болсон” гэдэг шаардлага. Тэдний хувьд ирээдүйн Ерөнхий сайд, намын даргаа ч хүртэл дундаа яриад эхэлчихсэн гэх юм билээ. Тиймээс Д.Зоригт сайдыг сайдынх нь албан тушаалаас “суллаад” явуулахад бусад нь араас нь аяндаа хөвөрч, С.Батболдын танхим задарна гэсэн үг. Ардчилсан нам энэ удаа танхимаас гарвал дахиад Засгийн газарт орох тухай асуудал байхгүй. Харин МАН-ын хувьд дангаараа Засгийн газраа байгуулах учраас сонгуулийн жилийг сайдын суудалтай угтах гэж мөрөөдсөн нөхдүүдийн амбиц хамтарсан Засгийн газрыг хөмөрч мэдэх юм. Тиймээс Ардчилсан намын хувьд санаачилгыг гаргах бус, харин сайн ивээд өгөхөд л болохоор харагдаж байна.