2012 оны зун “Стэмфорд Бриж”-ийг орхисон “Галатасарай”-н довтлогч өнөөдөр шинэ багийнхны хамт Лондонд зочилж, “Челси”-гийн эсрэг хариу тоглолтод оролцоно. “Челси”-д найман жилийг өнгөрүүлэхдээ 342 тоглолтод оролцож, 157 гоол оруулсан Дрогба хэрэв өнөө шөнө хуучин багийнхаа хаалганд гоол оруулбал гоолын баяраа тэмдэглэхгүй гэдгээ хэлсэн билээ. Тэрбээр 2012 оны Аваргуудын лигийн финалд “Байерн Мюнхен”-ий эсрэг гоолдсон нь “Челси”-гийн төлөө хийсэн сүүлийн гоол байсан юм.
Жозе Моуриньо 2004 онд Дрогбаг “Челси”-д авчирсан билээ. “Марсель”-иэс урвуулсан довтлогчийнхоо талаар “Онцгой нэгэн” “Дрогба бол “Челси”-гийн түүхэн дэх хамгийн үнэтэй, чухал тоглогчдын нэг гэдэгтэй маргашгүй. “Челси”-гийн бүх дэмжигчид, бид бүхэн үүнтэй санал нийлдэг” хэмээжээ.
Харин Дрогба өнөөдөр орой “Стэмфорд Бриж”-д зочлон тоглох тоглолтын талаар “Би энэ багийг, энэ багийн хөгжөөн дэмжигчдийг, бүх тоглогчдыг нь хүндэтгэдэг. Би гоол оруулаад гоолын баяр хийхгүй байх. Гэхдээ мэдээж бид ялбал баяртай байх болно. Би тоглолтод ялахыг хүсч байна, би тэмцээнийг цааш үргэлжлүүлэхийг хүсч байна. Тиймээс “Челси”-гийн эсрэг хандах хувийн шалтгаан байхгүй” гэсэн байна.