Д.Бат-Эрдэнэ: Хийморьлог дайчдаараа ямагт бахархдаг

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Д.Бат-Эрдэнэ: Хийморьлог дайчдаараа ямагт бахархдаг

Эх орныхоо төлөө итгэл зүтгэл, зориг тэвчээр, бүр амиа ч өгөхөд бэлэн хэмээн тангараглаж, хаана ч албаа нэр төртэй хаадаг хамгийн хийморьлог салбарт төрийн томилолтоор ажиллаж батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг удирдаж байгаагаа амьдралынх нь хамгийн том бахархал хэмээн онцолдог УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. 

-“Монгол цэргийн өдөр” буюу монголчуудын хэлж заншсанаар Цэргийн баяр тохиож байна. Энэ өдрийг нийт салбарын хүрээнд хэрхэн тэмдэглэж байна вэ?
-2000 гаруй жилийн түүхтэй Монгол цэргийн өдөр жил бүрийн гуравдугаар сарын 18-ны өдөр тохиодог. Монгол цэргийн өдрөөр бид монгол цэргийн дайчин уламжлал, Зэвсэгт хүчний  хөгжлийн түүхэн сургамж, эдүгээ цагийн үйл ажиллагааг сурталчлах, өвөг дээдсээрээ бахархах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, гадаад хамтын ажиллагаатай улс орнуудтай харилцах харилцаагаа өргөжүүлэхэд чиглэгдсэн олон талын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг юм. Энэ жилийн хувьд Зэвсэгт хүчний 93 жилийн ой тохиож байна. Зөвхөн ой, баяр гэлтгүй бид иргэн-цэргийн харилцаагаа өргөжүүлэх, хүүхэд залуус, нийт ард түмэнд эх орон, тусгаар тогтнол, газар шороогоо хайрлах, үндэсний бахархлаараа омогших, үндэсний дархлаа бий болгох талаар санаж ажилладаг.  Уламжлал болгон хийдэг баярын арга хэмжээнүүдээс гадна “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн нээлтийг энэ үеэр хийж байгаагаараа онцлог болж байна. 
-Мөн энэ онд Халхын голын дайны ялалтын 75 жилийн ойг ОХУ-тай хамтран тэмдэглэхээр болсон. Энэ хүрээнд ямар ажлууд зохион байгуулах вэ. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх нэг зорилго нь залууст батлан хамгаалах салбар улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалахад ямар чухал үүрэгтэй болох, эрх чөлөө, тусгаар тогтнол асар их үнэ цэнээр олдсон гэдгийг ойлгуулж, сануулахад оршиж байгаа байх?
-Халх голын байлдааны 75 жилийн ой энэ оны наймдугаар сард тохионо. Халхын голын байлдааны ойг тэмдэглэх үеэр ОХУ, Монгол Улсын хамтарсан “Сэлэнгэ-2014”   хээрийн  сургуул­ийг Дорнод аймагт зохион бай­гуулж байгаагаараа урьд жилүүдэд тэмдэглэж ирсэн ойн баяруудаас онцлог болох юм. Энэ ялалтын ойг тэмдэглэснээр өөрийн улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахад манай ард түмэн, ахмад үеийнхэн яаж тэмцэж ирсэн, үүнд манай умард хөрш Зөвлөлт Холбоот Улс хэрхэн тусалсныг өнөө үеийнхэнд ойлгуулах, залуу өсвөр үеийнхэн, цэрэг дайчдыг өвөг дээдсийн дайчин уламжлал, эх оронч үзэл сэтгэлээр хүмүүжүүлэх, дайнд оролцогчид, ялалтад хувь нэмрээ оруулагчдын гавьяа зүтгэлийг мөнхөлж, дурсгалыг хүндэтгэх ач холбогдолтой юм. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойгоор ялалтын түүхийн үнэ цэнийг сурталчлах,  эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, эх түүхээрээ бахархах сэтгэлийг төрүүлэх, уулзалт, өдөрлөг, олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, монгол, зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалыг сэр­гээн засварлах, мөн Халхын голын байлдаанд эрэлхэг гавьяа байгуулсан БНМАУ-ын гарамгай баатар Л.Дандар, БНМАУ-ын баатар Ц.Олзвой нарын мэндэлс­ний 100 жилийн ойг орон нутагт нь тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
-Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээгээд багагүй хугацаа өнгөрч байна. Та хамгийн сүүлд хэзээ энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэрэг эрсээ эргэсэн бэ?
-Монгол Улсын Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийнхантайгаа байнга холбоо­той байдаг. Миний бие жилийн өмнө буюу 2013 оны хоёрдугаар сарын 15, 16-ны өдрүүд буюу сар шинийн дараахан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдоржийн хамт  Өмнөд Судан улсад НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан Мото­буудлагын батальоны  нэгдүгээр ээлжийн цэргийн багийн энхийг сахиулагчидтай уулзаад ир­сэн. Цагаан сар, наадам гэдэг монголчуудын хувьд зан үйлийн утга төгөлдөр, хамгийн нандин баяр байдаг шүү дээ. Тэр халуун Африкт идээ, ууцаа засч, буузаа жигнэн, хөөрөг зөрүүлэн, бөхийн барилдааны бичлэгээ үзэн золголт хийсэн маань Батлан хамгаалахын сайд миний хувьд ч, цэрэг дайчдад маань ч хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээсэн.  
-Монгол хүний тэсвэр хатуужлын үлгэр жишээг манай энхийг сахиулагчид үзүүлдэг хэмээдэг. Монгол цэрэгт ямар давуу чанарууд анзаарагддаг бол?
-Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа болон олон улсын цэргийн ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч, цэргийн баг илгээгээд багагүй туршлагыг хуримтлуулж байна. Одоогоор дэлхийн зургаан улсад энхийг сахиулагчид маань үүрэг гүйцэтгэж байна. Монгол цэргийн тэсвэр хатуужил, цагийн байдлыг үнэлэх, тулалдах зэрэг чадвар нь эрт дээр үеэс уламжлагдан ирсэн дайчин чанартай салшгүй холбоотой. Монгол цэргүүд ажиллагааны газар орон, уур амьсгалд богинохон хугацаанд дасан зохицдог. Мөн монгол цэргийн тэсвэр хатуужил, сахилга бат, эр зориг, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадварыг хамтран үүрэг гүйцэтгэж буй улс орнуудын цэргийн дээд удирдлага, хамт олон бай­нга өндрөөр  үнэлдэг.  Залуучууд маань ийн үүрэг гүйцэтгэснээрээ эх орноороо бахархан, улам эх оронч үзэл сууж, мэргэжилдээ үнэнч чадварлаг болцгоож байна.
-Монголчууд энхийг сахиулах ажиллагаанд бусад улсын цэрэг эрстэй мөр зэрэгцэн оролцож байгаа нь дэлхийн энх тайвны төлөө өөрийн хувь нэмрээ оруулж буй хэрэг юм. Түүнчлэн, эх орныхоо тусгаар байдлыг батлан хамгаалахад чухал үүрэгтэй байх?
-Монгол Улс анх 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад хоёр цэргийн ажиглагч илгээснээс хойш өнөөдрийг хүртэл мянга мянган цэрэг эрс маань дэлхийн олон газар, халуун цэгүүдэд НҮБ-ын болон олон улсын эвслийн цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирсэн,  одоо ч нэр төртэйгээр албаа хаасаар байна. Манайхан энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа нь Монгол Улс,  монгол хүний, тэр дундаа цэрэг эрсийн маань ухаан бодол, тэсвэр тэвчээр, дайчин чанар ямар агуу гэдгийг дэлхий нийтэд таниулсан, бахархалт үйлс төдийгүй бид бүгдийн дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө оруулж байгаа хувь нэмэр, цаашлаад нэр төрийн хэрэг гэж би үздэг. Мөн эх орны маань тусгаар тогтнол, үндэсний язгуур ашиг сонирхол, батлан хамгаалах үйл хэрэгтэй салшгүй холбоотой юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын болон Гадаад бодлогын үзэл баримтлалд аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангаж, олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын нэр хүнд, байр суурийг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн алба  хаагчдын нэр хүндийг өсгөх, мэргэжлийн бэлтгэл, дадлагыг өндөржүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа хэрэг.  
-Цэргийн алба хаагчдаа гадаадад бэлтгэх, батлан хамгаалахын салбарт гарч байгаа шинэ мэдээлэл, мэдлэгээр цэнэглэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-Бид боловсон хүчнээ аль болох чадавхижуулж, тархи оюуныг нь цэнэглэж байхыг чухалчилдаг. Тиймээс ч ОХУ, АНУ, БНХАУ, АНУ, Канад, Энэтхэг, Япон, ХБНГУ,  БНСУ, БНПУ, БНФУ, БНТУ, Катар, Австрали зэрэг гадаадын 20 гаруй орны цэргийн академи, их, дээд сургууль, дамжаанд жилдээ 200 гаруй алба хаагчаа тогтмол сургадаг. Сонгон шалгаруулалтыг байнга нээлттэй зохион байгуулж, Батлан хамгаалахын их сургуулийн Гадаад хэлний сургалтын төв, Зэвсэгт хүчний Жанжин штаб, зарим анги салбаруудын гадаад хэлний сургалтын төвүүдээ түшиглэн англи, орос, турк, солонгос, герман, франц хэлний сургалтуудыг ч тогтмол явуулдаг. Албан хаагчдыг ажлын байран дээр нь сургахын зэрэгцээ Батлан хамгаалахын их сургуулийн бүрэлдэхүүн сургуулиудыг түшиглэн зохион байгуулдаг албан тушаалын дамжаануудаар батлан хамгаалах салбарт гарч байгаа шинэ мэдлэг олгох, мэдлэгийг батжуулах, олон улсын хамтарсан хурлууд, команд-штабын сургуулиуд, эрдэм шинжилгээний бага хурлуудаар шинэлэг мэдээллийг олж авах боломжийг хангахад анхааран ажилладаг.

-Манай залуусын дунд цэргийн  алба хаахаас зайлс­хийх, эсвэл цэргийн алба хааснаар дэмий нэг жилийг өнгөрөөнө гэсэн үзэл түгээмэл байна. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ? 
-Хугацааны хувьд Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд таван жил байсан цэргийн алба богиноссоор нэг жил болоод 20 гаруй жил өнгөрлөө. Гэхдээ ганцхан жил гэлтгүй бүхий л төрлийн цэргийн эрдэмд суралцан, бие бялдрын хувьд ч төгс боловсроход хангалттай хугацаа. Сүүлийн  үед цэргийн албанд хандах залуучуудын хандлага эерэгээр өөрчлөгдөж байгаа. Цэргийн албаа хаасан, мэргэжилтэй болсон залуус бидний бахархал, хөгжилд хүрэх их хүч болох учиртай. Харин цэргийн алба хаах хэлбэрийн хувьд өөрчлөх, шинэчлэх шаардлага нийгмийн хөгжлөө дагаад урган гарч байна. Цэргийн албыг нэг жилийн хугацаанд биеэр хаахаас гадна оюутнууд зуны амралтаараа албаа хаадаг тогтолцоог бий болгох зэрэг гарцууд бий л дээ. Эхний ээлжинд бид оюутнууд мэргэжил мэдлэг эзэмшихийн зэрэгцээ цэргийн эрдэмд боловсорч, алба хаах бололцоотой “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой боллоо. Иймэрхүү хэлбэрээр алба хаах нь залуучууд ажил хөдөлмөр, хичээл сургуулиасаа хөндийрөхгүй, хугацаа алдахгүй албаа хаах боломжийг бүрдүүлж байгаа юм. Дээр нь бид цэргийн алба хаахаар ирсэн залуустаа мэргэжлийн чиг баримжаа олгож, ажилтай орлоготой, амьдралд хөлөө олоод, улс орныхоо бүтээн байгуулалтад оролцоод явах боломжийг “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрөөрөө олгож байгаа юм.

-Яг “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөрийн тухай асуух гэж байлаа. Та сайд болсноосоо хойш улс орны бүтээн байгуулалтад цэргийн алба хаагчдыг идэвхтэй оролцуулах, мөн цэргийн алба хааж байгаа залууст давхар мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг далайцтай эхлүүлсэн. Энэ тухай тодруулахгүй юу. Ер нь ямар чиглэлийн мэргэжлүүдийг түлхүү эзэмшүүлэхийг зорьж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор “Монгол цэрэг бүтээн байгуулалтад” хөтөлбөр батлагдсан. Түүний дагуу Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг түшиг­лэн цэргийн алба хаагчдад мэргэжлийн боловсрол олгох ажлыг хийж эхлээд байна. Эхний ээлжийн 200 гаруй цэргийн алба хаагч бетон арматур, сантехник, засал чимэглэл, гагнуурчин, барилгын мужаан, өрөг угсралт гээд барилгын үйлдвэрлэл сэргэж, бүтээн байгуулалт өрнөж байгаа өнөө үед зайлшгүй шаардлагатай мэргэжлүүдийг эзэмшиж, мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан. Цэргүүд бүтээн байгуулалтын ажилд оролцож, хөдөлмөрөө үнэлүүлж, цалин хөлс авах журмыг ч батлаад байгаа. Ингэснээр бүтээн байгуулалтын ажилд оролцсон хугацаат цэргийн алба хаагч мэргэжил эзэмшээд зогсохгүй тодорхой цалингийн хуримтлалтай болоод цэргээс халагдана гэсэн үг юм. 
-Тус салбарт ажиллаж байгаа залуусын нийгмийн баталгааг хангах, цалинг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн анхаарч байна вэ. Ялангуяа хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа болон энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй албан хаагчдад ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер ахлагч нарын 70 орчим хувийг 30 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Өөрийн ухамсарт амьдралаа эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт зориулж байгаа албан хаагчид, ялангуяа залуучуудынхаа нийгмийн хамгааллын баталгааг хангах асуудал бидний нэн тэргүүний зорилт юм. Төлөвлөж байгаа, хийж хэрэгжүүлж эхэлсэн олон арга хэмжээ байна. Эхний ээлжинд бид орон сууцны асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулж байна. Мөн энэ салбарт ажиллагсдын цалин урамшуулал, нэмэгдэл, нөхөх олговор, тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлтийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулахаар ажиллаж байна. Үүнээс гадна “Ажилтай, орлоготой Монгол хүн” үндэсний хөтөлбөрийг салбартаа хэрэгжүүлэхдээ тэтгэвэр чөлөөнд эрт гарсан ахмадууд болон алс­лагдсан цэргийн ангид ажиллаж байгаа цэргийн алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг сургах, мэргэжил эзэмшүүлэх, тэднийг ажлын байраар хангах, бүтээн байгуулалтын ажилд оролцуулах зэрэг ажлуудыг мөн хийж байна. Мөн энхийг дэмжих ажиллагаанд оролцсон бие бүрэлдэхүүнийг нөхөн сэргээх, сувилан эмчлэх, нийгмийн хамгаалал тал дээр нь түлхүү анхаарлаа хандуулан ажилладаг.

-Батлан хамгаалах маш онцлогтой салбар. Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын гол баталгаа энэ салбараас хамаардаг. Тийм ч учраас энэ том салбарыг толгойлох нь бахархалтай боловч маш том хариуцлага дагалддаг. Өнөө маргаашийг харсан шийдвэр бус алс хэтийг харсан шийдвэр энэ салбарын хөгжлийг авч явдаг хэмээн ойлгодог. Салбарын сайдын энэ талаархи бодлыг уншигчиддаа хүргэе?
-Батлан хамгаалах салбарын талаар таны хэлсэнтэй санал нэг байна. Нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжсэн эхэн үед Монгол Улсад цэрэг хэрэгтэй эсэх талаар яриа гарч байсан. Энэ нь ганц манай улсад болсон юм биш, ЗХУ задарч, хүйтэн дайн дуусгавар болсонтой холбоотойгоор дэлхийн олон оронд ийм явдал болж цэргийн зардлыг ихээхэн багасгасан байдаг. Гэхдээ тусгаар тогтносон улс бүхэн батлан хамгаалах тогтолцоо, өөрийгөө хамгаалах зэвсэгт хүчинтэй байдаг гэж хэлж болно. Батлан хамгаалах эрх ашгаа өөрийн хүчээр хангах нь манай улсын хувьд ихээхэн нарийн ухаан, зөв бодлого шаардсан ажил байдаг. Ялангуяа, шинжлэх ухаан, эдийн засаг, цэргийнхээ хүчээр дэлхийд тэргүүлдэг их гүрнүүдийн дунд оршдог манай улс батлан хамгаалах зорилтоо хэрэгжүүлэхэд улс төр, дипломатын арга тэргүүлэх үүрэг гүйцэтгэх нь зүй ёсны хэрэг юм. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлага тайван цагт улс орон болон Зэвсэгт хүчнийг болзошгүй цэргийн аюулын үед ажиллах бэлтгэлтэй байлгахад чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байх, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах үүрэг хүлээдэг. Үүний хүрээнд бидний хэрэгжүүлж буй үйл ажиллагааны гол чиглэлүүд бол нэгдүгээрт, хөрш орнуудтай батлан хамгаалах салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж, уулзалт, яриа хэлэлцээг тогтмолжуулан, цэргийн хамтарсан сургалт, арга хэмжээ зохион байгуулах замаар итгэлцлийг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний сургалт, бэлтгэл, зэвсэглэл, техникийн чанар байдлыг сайжруулах, хоёрдугаарт, батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлээр олон улс, бүс нутгийн хэмжээнд зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд тогтмол, идэвхтэй оролцож, Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнийг олон улсын хэмжээнд таниулах, сурталчлах асуудал. Гуравдугаарт, гадаадын орнууд, олон улсын байгууллагуудтай батлан хамгаалах салбарт харилцаа тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлэн салбарын шинэчлэлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, аюулгүй байдлаа хангах, баталгаажуулах, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд тэдний дэмжлэгийг авах, дөрөвдүгээрт нь, НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд цэргээ оролцуулж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг баталгаажуулах, Зэвсэгт хүчний бэлэн байдал, манай цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дэлхий нийтэд сурталчлан таниулах юм. Тавдугаарт нь, олон улсын хамтарсан цэргийн сургалт, дадлагыг Монгол Улсад зохион байгуулах, гадаадад болж буй сургууль, арга хэмжээнд Зэвсэгт хүчний төлөөллийг оролцуулан бүс нутаг, олон улсын хэмжээнд цэргийн итгэлцлийг бэхжүүлэн, цэрэг дайчдынхаа сургалт, бэлтгэл, ур чадварыг ахиулж, гадаадын цэргийнхэнтэй туршлага солилцох явдал юм. 

-Цаг заваа зориулан бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Монголын цэргийн сүр хүч, яруу алдрыг дуурсгасан энэ салбарыг удирдах ажилд тань танд болон танай хамт олонд амжилт хүсье. 
-Баярлалаа. Миний хувьд ч, амьдралын маань хамгийн баяр баясгалантай, хийморьтой мөчлөг болсон энэ албаныхаа талаар хөөрөлдөх нэн таатай байлаа. Төрийн алба бүхэн эрхэм чухал, бүгд л эх орны маань хөгжил цэцэглэлтэд үнэлшгүй үүрэг оролцоотой байдагтай хэн ч маргахгүй биз. Гэсэн ч Монгол хүний нандин чанар бүхнийг цогцлоосон хийморьлог дайчдыг удирдан залж буй энэ алба маань надад асар их бахархлыг төрүүлдэг. Би нэг зүйлийг онцолж хэлье дээ. Манай салбарынхны хувьд эх орныхоо төлөө зүтгэж байгаа нь их өвөрмөц. Өдөр тутмын асуудал, өнөө маргаашийн улс төрийн тоглолт, жижиг асуудлуудад бид уураг тархиа гашилгаад байдаггүй, дэлхийн хэмжээнд, томоор сэтгэж чаддаг. Бодоод үз дээ. Хаа холын Африк тивд, Афганистанд гээд дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрт болж буй үйл явдал, өрнөлт бүрийг бид анхааран ажигладаг, тэнд энх тайвныг тогтоож явдаг. Тэгсэн атлаа манайхан бодол, сэтгэл, үйл хөдлөл бүхнээрээ хайрт эх орныхоо амар тайван, хөгжил цэцэглэлтийн төлөө зүрх нь цохилж байдаг жинхэнэ халуун эх орончид юм. Ийм гүн гүнзгий бахархал тээгч салбар өөр байхгүй болов уу гэж би боддог юм даа.
Д.Гүнжилмаа

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж