
Сураггүй болсон Малайзын онгоцны талаарх шинэ сэжүүр, өгөгдөл хиймэл дагуул болон радарын бичлэгээс олдож, Малайзын агаарын тээврийн MH370 онгоц хөөрөхөөс эхлээд хамгийн сүүлд долоон цагийн дараа хиймэл дагуулын тусгалд өртөх хүртэлх хугацаанд чухам юу болсныг тодорхойлох боломжтой болжээ. Экспертүүд онгоц сураггүй болох хүртэлх үйл явцыг ийнхүү дүгнэсэн байна.
ОНГОЦ ХӨӨРСӨН НЬ: 00:41 цаг:
Boeing 777-200ER онгоц гуравдугаар сарын 8-ны бямба гаригт Бээжин рүү нислэг үйлдэхээр Малайзын нийслэл Куала Лумпураас хөөрөх үед онгоцны бүх эд анги хэвийн, удирдлагын систем бүгд хэвийн ажиллаж байв.
ACARS-ААС МЭДЭЭЛЭЛ ИЛГЭЭВ: 01:07 цаг:
Онгоц хөөрснөөс хойш хагас цаг орчмын дараа онгоцны холбооны системээс удирдлагын төв рүү дохио илгээсэн байна. Малайзын агаарын тээврийн компанийн гүйцэтгэх захирлын мэдэгдсэнээр тэр дохио хамгийн эцсийнх байсан гэнэ.
ACARS буюу онгоцны холбоо тогтоох, дамжуулах систем нь нислэгийн үеэрх бүхий л мэдээллийг цуглуулах цахим төхөөрөмж бөгөөд дийлэнхдээ онгоц болон нисгэгчийн ажиллагаа, үйлдлийн талаарх мэдээллийг нэгтгэдэг байна. Энгийнээр тайлбарлавал, автомашинд байдаг хөдөлгүүрийн ажиллагаа, тос, маслоны хэмжээг гаргадаг компьютертэй адил юм. Нислэг үйлдэж буй үед ACARS нь хиймэл дагуулын тусламжтайгаар онгоцны мэдээллийг агаарын тээврийн компани, онгоцны хөдөлгүүр үйлдвэрлэсэн компани болон бусад холбогдох албадад илгээдэг байна. ACARS-ын дамжуулсан тэр мэдээлэл нь онгоцны үйл ажиллагаа, техникийн үйлчилгээ, засвар хийх шаардлагатай эсэхийг хянахад хэрэг болдгоос гадна нисгэгч онгоцыг хэрхэн хөөргөж, нисгэж явааг удирдлагын төвийнхөн мэдэх боломжтой аж.
ДУУТ МЭДЭЭ ИЛГЭЭВ: 01:19 цаг:
Онгоц Малайзын агаарын замаас гарч, Вьетнамын агаарын зам руу нэвтрэх тэр агшинд онгоцны нисгэгчийн бүхээгт байсан хэн нэгэн нь дуут мэдээ илгээсэн байна. Анхан шатны шинжилгээ, байцаалтаар мэдээлэл дамжуулсан хүн нь онгоцны туслах нисгэгч Фарик Аб Хамид гэнэ. Онгоцны нисэх багийнхнаас ирүүлсэн хамгийн сүүлийн үг нь “Бүх юм сайн. Сайхан амраарай” гэсэн үг байжээ. Нисгэгчид аль нэг улсын агаарын замаас гарч, өөр улсынх руу нэвтрэх үедээ ихэнх тохиолдолд “Сайхан амраарай” гэж хэлдэг тул туслах нисгэгчийн сүүлийн үг ямар нэг сэжиг дагуулахаар зүйл биш гэдгийг албаны хүн тайлбарлажээ.
Ямартай ч Boeing 777 Малайзын агаарын замаас гарахдаа ийнхүү холбоо барьсан. Харин залгуулаад Вьетнамын агаарын замд орж, тэндхийн агаарын замын удирдлагатай холбогдсон эсэх нь тодорхойгүй байгаа юм.
АВТОМАТ ХАРИУЛАГЧ АЖИЛЛАХГҮЙ БОЛОВ: 01:21 цаг:
Автомат хариулагч нь онгоцноос электрон мэдээллийг тогтмол илгээж байдаг. Тодруулбал, онгоцны нислэгийн дугаар, өндрийн төвшин, хурд, чиглэлийн талаар радарын системд байнга мэдээлж байдаг гэсэн үг. Дэлгэцэнд анивчих дохиоллыг харж, нислэгийг хянаж байдаг нислэгийг удирдах төвийнхний хувьд автомат хариулагчаас ирүүлэх дээрх мэдээллүүд чухал хэрэгтэй байдаг.
Гэтэл автомат хариулагчийг гэнэт унтраасан тул 01:21 цагт автомат хариулагчаас хариу дамжуулахаа больсон талаар Малайзын иргэний агаарын тээврийн компанийн захирал Азхаруддин Абдул Рахман ярьсан байна.
Автомат хариулагч унтарснаар агаарын замын удирдлагын төвийнхөн тухайн онгоц хаашаа нисч байгаа, хаанахын ямар онгоц болох, хэр өндөрт нисч байгаа зэрэг мэдээллээс шууд тасардаг аж. Радарын дэлгэцэнд онгоц нисч байгаа нь ямар ч байсан харагдана, гэхдээ бусад мэдээлэл тодорхойгүй болдог байна. Автомат хариулагчийг унтраах нь тун амар, нисгэгчийн бүхээгт байрлах ганц товчлуурыг дараад л болох гэнэ.
ОНГОЦ СУРАГГҮЙ БОЛОВ: 01:30 цаг:
Малайзын нийслэл Куала Лумпур хотын захад орших Субанг дахь нислэгийг удирдах газрынхан онгоцтой холбоо барих ямар ч боломжгүй болсноос гадна онгоц сураггүй болов. Сураггүй болсон байршил нь Малайз болон Вьетнамын хооронд Тайландын булан орчимд, координатаар тодорхойлбол хойд өргөргийн 06°55’15”, зүүн өргөргийн 103°34’43”-д сураг тасарсан байна.
ACARS-ААС МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ЁСТОЙ БАЙСАН Ч ИРСЭНГҮЙ: 01:37 цаг:
Онгоцны ACARS-аас 30 минут тутамд мэдээлэл дамжуулдаг байна. Хамгийн сүүлд ACARS-аас 01:07 цагт өгөгдөл дамжуулсан тул 01:37 цагт дараагийнх ирэх ёстой байлаа. Гэвч ямар ч мэдээлэл ирээгүй байна. Тэгэхээр ACARS-ыг 01:07-01:37 цагийн хооронд унтраасан болж таарчээ. Албаны хүний тайлбарласнаар ACARS-ыг унтраана гэдэг мэдлэг шаардсан, туршлагатай хүний хийх ажил гэнэ.
Хэрэв онгоц хулгайлагдаж, барьцаалагдсан, эсвэл терроризмийн бай болсон бол ACARS-ыг унтраана гэдэг зориуд, санаатайгаар хийсэн үйлдэл болох юм. Учир нь ACARS онгоцны талаар, нисгэгчдийн талаар хиймэл дагуулд тогтмол мэдээлэл дамжуулсаар байх юм.
ОНГОЦ ЦЭРГИЙН РАДАРТ ҮЗЭГДЭВ: 02:40 цаг:
Автомат хариулагч болон ACARS-аас ямар ч мэдээлэл дамжуулахгүй байсан ч агаарт нисч буй онгоцыг газарт байрлуулсан радарын тусламжтайгаар илрүүлжээ. Малайзын цэргийн хүчний албаны хүний мэдээлснээр сураггүй болсон онгоц Малаккийн хоолойд Пулау Перакийн арлын дээгүүр нисч яваа нь цэргийн радарын дэлгэцэнд илэрчээ. Тэгэхээр онгоц чиглэлээ өөрчилж хэдэн зуун бээр газар туулж, Малайзын хойгийн бараг нөгөө талд хүрсэн гэсэн үг гэнэ. Цэргийн радараар илрүүлсэн мэдээллийн дагуу бол онгоц Малайзын хойгийн дээгүүр баруун тийш ниссэн, мөн баруун хойд зүгийг чиглэн Бенгалын булан, Энэтхэгийн далайн баруун өмнөд зүг рүү ниссэн байж болох ч талтай тухай Малайзын албаны хүн мэдэгдсэн билээ.
02:40 цагт илэрсэн энэ дохио иргэний болон цэргийн радарт хамгийн сүүлд илэрсэн нь байв. Тиймээс эрлийн багийнхан эрлийн ажиллагааны гол зангилааг Энэтхэгийн далайн өмнөд хэсэг гэж үзэн, эрлийг үргэлжлүүлж байна.
Малайзын цэргийнхэн радарын бүдэг бадаг дээрх мэдээллийг АНУ болон Их Британийн албаныханд шилжүүлэхээр болсон гэнэ. Ингэснээр эрлийн ажиллагааг улам бүр эрчимжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Уг нь бол цэргийн радарын хүчин чадал ямархан болохыг бусад улсад үзүүлэх цэргийн нууцтай хамаарах асуудал боловч онгоцыг олох нь илүү чухал гэж үзсэн бололтой.
ХИЙМЭЛ ДАГУУЛ “ЧИЧИРХИЙЛЭВ” 08:11 цаг:
Онгоц хөөрснөөс хойш долоон цагийн дараа буюу өглөөний 08:11 цагт сураггүй болсон онгоц хиймэл дагуулын зурагт илэрсэн тухай Малайзын Ерөнхий сайд Нажиб Раза мэдэгдсэн юм. Гэхдээ тэрбээр хиймэл дагуулын зургийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд ямартай ч хиймэл дагуулд “чичирхийлэл” мэдрэгдэж, цахилгаан холбоо үүсгэсэн гэсэн билээ. Хиймэл дагуулын мэдээлэл бүрхэг хэдий ч Малайзын агаарын тээврийн MH370 нислэг мөн байсан болохыг АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл, АНУ-ын агаарын тээврийн удирдах газар болон Их Британийн агаарын ослыг мөрдөн албанаас баталсан гэнэ. Харамсалтай нь, хиймэл дагуулын мэдээлэл онгоцны байршлыг тогтооход хангалтгүй байсан аж.
Одоогоор албаны хүмүүс онгоц байж болох хоёр үндсэн маршрутыг тодорхойлжээ. Эхнийх нь, Тайландын хойд хэсэг, Казахтсан, Туркменистан орчим, нөгөөх нь Индонези, Энэтхэгийн далайн өмнөд хэсэг гэнэ.
Сураггүй болоод 10 хонож буй Малайзын онгоц чухам хаана байгаа нь оньсого таавар мэт тодорхойгүй хэвээр байна.