“Хүчирхэг бяцхан зүрхэнд” сайхан сэтгэлийн гараа сунгаарай

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

“Хүчирхэг бяцхан зүрхэнд” сайхан сэтгэлийн гараа сунгаарай

ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн олон нийттэй харилцах ажилтны дөрөвдүгээр курсын оюутан Б.Мөнхтуяад туслах “Хүчирхэг бяцхан зүрхэнд” хэмээх хандивын аяныг найзууд нь өрнүүлж эхэлсэн байна. Бяцхан ч гэлээ хүчирхэг зүрхтэй, онц сурлагатан, нийгмийн идэвхтэн, "Тоёота ШУТИС" сангийн 2012 оны тэтгэлэгт оюутан Б.Мөнхтуяа найздаа зориулан хандивын тоглолт зохион байгуулж байгаа аж. "Хүчирхэг бяцхан ЗҮРХ"-нд хандивын тоглолт энэ сарын 25-ны 19.00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд болох бөгөөд тасалбар нь арван мянган төгрөгөөр борлуулагдаж байгаа юм байна. Хандивын тоглолтыг үзэх хүсэлтэй хүмүүс тасалбарыг Hi-Fi records-оос болон UB PALACE-ийн кассаас авч болох гэнэ. Тоглолтод Мотив, А sound, Бөртэ чонын үрс, Ice top хамтлаг хамтлагууд, Gee, Л.Банзрагч, М.Отгонгэрэл, Т.Амина, Т.Дэлгэрмөрөн, О.Анхаа, Г.Тэнүүн, Б.Дашдондог, Ноён Бондгор зэрэг хамтлаг дуучид оролцоно. Түүнчлэн МУГЖ Д.Сосорбарам, хөтлөгч Э.Гантулга буюу Анууш, жүжигчин Мөөжиг гээд сайхан сэтгэлт хүмүүс нэмэгдсээр байгаа аж.

Зүрхний хэм алдагддаг өвчтэй энэхүү охины өвчин даамжирч гэнэт зүрх нь зогсох аюултай тохиолдоод байгаа учир  Солонгос улс руу эмчилгээнд явах шаардлагатай бөгөөд 20-25 сая вон хэрэгтэй байгаа юм байна. Дашрамд дуулгахад, 96600444, 99178630 утсаар Б.Мөнхтуяа охины найзуудтай холбогдон тасалбараа үнэ төлбөргүй хүргүүлж болох гэнэ.

Д.БҮҮВЭЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж