
Хачирхалтай нь, тэднээс хавь илүү авъяастай хошин шогчид Монголын төрөөр дүүрэн байна. Тэдний хажууд Амбий, Бооёо, Хүрлээ юу юм бэ гэмээр,хаа, сайгүй инээдэм ханиадам болом жүжиглэлт. Гол нь тэд өөрсдийгөө хошин шогчид гэдгээ мэдэхгүй, төрийн том албан хаагчид, дарга сайд гэж бодоод яваад л учир нь байгаа юм шүү дээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Г.Хэрлэн доод ажилтнаа зодчихож. Даргадаа зодуулсан нөхөр цагдаад гомдол гаргасан юм байх. Гэтэл цагдаад гомдол гаргалаа гээд зодсон ажилтныхаа орон тоог цомхотгочихсон гэнэ. Ямар ч тайлбар хэрэггүй инээдмийн тоглолт биш гэж үү. Энэ ч яахав эр хүмүүсийн асуудал гээд орхидог юм байгаа биз. Гэтэл эмэгтэй сайддаа зодуулсан хэмээн уйлан дуугараад байсан Боловсрол, шинжлэх ухааны яамны нөхөр маргааш нь эрүү амаа татаж, шүд буйлаа харуулсан шигээ “зүгээр байгаа биз дээ” гээд л жүжиг үзүүлээд өнгөрсөн юм даг.
Иймэрхүү марзан элэг хөшөөмөөр үзэгдлүүд төрийн албанд зөндөө болж байна. Үнэ төлбөргүй нь сайхан юм даа гэхээс, үнэндээ өмнөөс нь ичиж амьдармаар хүмүүс Монголын төрд олон байна.
Монголын бодлого тодорхойлдог гол яаманд “даам” гарсан нэгэн ажилтан байдаг гэнэ. Ажилдаа ирдэггүй, ажлынхан нь шаардлага тавьж чаддаггүй эмээгээд байдаг шалтгаан нь аав нь бөө. Бөө эцгийнхээ нэр сүрээр ажилд орсон бүсгүйн өөдөөс сайд нь бараг үг хэлж чаддаггүй айдаг юм байх. Ядаж байхад дарга, цэрэггүй бүгдээрээ бөө аав дээр нь очоод бүх зовлонгоо тооччихдог болохоор бүсгүйн мэхэнд амархан уначихсан бололтой юм. Яахаараа төрийн албан хаагчид байж мухар сүсэгт итгээд, хүний аманд багтчихдаг юм, чөтгөр бүү мэдээ.
Төрийн албанд “би удган, зайран” гэсэн нөхдүүд сүүлийн үед нэлээд олшроод байгаа гэнэ билээ. Хэрэлдэж муудалцахаараа хэн нэгнийхээ өөдөөс тарни уншдаг, элс, давс цацах нь ердийн үзэгдэл болсон юм уу даа, янз нь. Түүнээс нь айгаад бөө, удгантай нөхөцсөн ажилтандаа ширүүхэн үг хэлж чаддаггүй дарга нар зөндөө байдаг гэсэн шүү. Ямар ч хошин шогийнхноос илүү найруулгатай, солонгос савангийн дууриас илүү жүжиглэлтэй инээдмийн драм байгаа биз дээ энэ чинь.
Саяхан даа, хотын нэгэн даргын “саак” онигоог сонсоод савж унатлаа инээж билээ. Сар шинийн дараахан амралтын өдрөөр “Бушуу түргэн хүрээд ир, нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө Гандантэгчилэнд ном хуруулж байна, ирж зураг ав, хэвлэлд мэдээ гарга” гэсэн юм даг уу даа, янз нь. Нөгөө нөхөр нь байдгаараа хурдалсаар очтол ямар юмных нь нийслэлчүүдийн сайн сайхны төлөө байх вэ дээ. Хамаг ах дүү, хамаатан саднаа цуглуулчихсан мань дарга жигтэйхэн сүсэг бишрэлтэйгээр гэр бүлийнхэндаа зориулаад ном хуруулаад сууж байсан гэнэ лээ. Нөхөр өөрийгөө рекламдах гэсэн биш том онигоонд ороод хоцорсон гэдгээ мэдээгүй л тууж яваа байлгүй.
Даргаа харахаараа жигтэйхэн ажил хэрэгч болчихдог нэгнийг би мэднэ. Жирийн үед фээсбүүкээр тэнэж, PC тоглоод маазарсан шигээ сууж байдаг хэрнээ дарга үүдээр шагайнгуут хачин төв царайлаад суучихдаг юм. Болоогүй ээ, даргатайгаа явсан газар бүртээ зургаа даруулдаг, нүүр нь тал хагас гарсан ч хамаагүй даргатайгаа авхуулсан зураг бүхнээ постолдог зантай. Жаахан бялдууч зантай болохоос биш гэм хоргүй л дээ. Тэгээд ч төрийн албан бялдууч зангүй хүн байх биш.
Инээдмийн мастер гэмээр нэгэн сайд байна. Чарлин Чаплин шиг хаа явсан газраа инээд, ханиадам болж явдаг. Түүний үйлдэл хошин шогийн ямар ч гавьяатаас илүү гарна уу гэхээс дутахгүй. Ангийнхан дунд нь түүн шиг "мундагчуул" цөөнгүй. Ийм л авъяастнуудаар дүүрсэн Монголын төр тэр чигээрээ хошин шог болжээ.