Хийморьлог эрчүүддээ баярын мэнд хүргэхийн ялдамд эх хэлнийхээ дайчин харуул болсон яруу найрагчдын бүтээлээс дээжлэн хүргэж байна.
МОНГОЛ ЭР ХҮН

Монгол эр хүн
Монгол айлын хийморь
Монгол эр хүн
Монгол улсын тэнгэр
Монгол эр хүн
Хонгортсон хүрэн царай нь хөрстэй
Хонин бор нүд нь очтой
Хоёр шанаа түүшин цартай
Холбоо хөмсөг босоо сортой,
Өндөр сэрвээтэй хүзүү бахимтай
Өргөн цээжиндээ хүч ихтэй
Өндөргүй, намгүй тэгшхэн аралтай
Өөлсөн хүнд майгадуу хөлтэй
Уужим хоймроо дүүрэн ханхайж
Урт гаанстай тамхи шившиж
Учрыг олох учиг атгаж
Ухааны угт үнэнийг хадгална.
Унасан мориныхоо толгойд хүрэхгүй
Уурган дээгүүр алхаж
Улбаа жимд унтаж гэлдрэхгүй
Уртын замд уухирдаж давхихгүй
Авгай хүүхдийнхээ дунд бол
Аав, ханийн өндөр уул
Айлын найранд дөрөө чангалбал
Аргадаж суух нь өргөл бэл
Монгол эр хүн-
Анд явбал сум гээхгүй ч
Амьтны сүүгээр буугаа мялаахгүй
Алдар нэрийг ад үзэхгүй ч
Авах зуйралд зулгаа барахгүй
Халуун цээж хүнгэр дэлсэлгүй
Харц тулж ярих дуртай
Хар санаатай харанхуй хүнээс
Хагас үгээ харамладаг зантай
Үзэн баясаж барьж алдахгүй
Үерхэл барилдвал хуурмаг байхгүй
Үнэнч нөхрөө галд орхиод
Үнсэн дээр нь худлаа уйлахгүй.
Атгаг хорсол дотроо бугшааж
Араагаа хагартал хонзон зуухгүй
Алгын чинээ улаан нүүрий нь
Астал хэлээд сэтгэл ариусна.
Гал цээжиндээ өрдөж байж
Ган шиг түүндээ ширгээж байж
Ганц үгэнд бодлоо цутгана
Гарцаагүй тэр нь байндаа тусна
Монгол эр хүн-
Аятайхан хөөрөг, гаанс, эмээл
Арваар арилжих мориор гоёхоос
Алт, сувд, хоргой торгыг
Авгай хүүхдийн гоёлд тооцно
Сайхан хүүхэнд сэвэх дуртай ч
Сачий дутахаа мэдэж гэмээнэ
Санааны гарзанд өвдөг сөхрөхгүй
Салхин дээгүүр нь өнгөрч чадна.
Аавын хүүгийн хамаг шидээр
Амрагийн хайр булааж гэмээнэ
Авгай болгоод авсан хойноо
Алдахгүй байхаа бас мэднэ.
Баргийн үгэнд ааш адайрч
Бачуу хилэнд аргамж адцахгүй
Бардамдаа бус багадна гэсэндээ
Бага юманд баярлалаа гэхгүй
Аажуу зангаасаа маргааш гэж
Ажил алгуурлах магадгүй ч
Аюул тулгарахад хайртай бүхнээ
Алтан амиараа хамгаалж чадна
Монгол эр хүн-
Үнэн голоосоо сайхан инээнэ
Үүд сөхсөн сэтгэл задалж
Үйсэн цай гал дээр даргилж
Үүрийн туяа цацартал инээнэ
Харин уйлах ясны дургүй
Хааяа уйлбал нулимсаа нууж
Хадан хавчил хавсан харзаар
Харанхуй цээжээ хагалан шархална.
Далавчтайг тойглож сүүл шарвахгүй
Даахьтайг тохуурхаж сүүдэр ширвэхүй
Далайсан газар далд орохгүй
Дайсныхаа бахыг хэзээ ч хангахгүй
Хол явахгүй бардам омог
Хоосон сүрээр баатарлах дургүй ч
Хорвоод эх орныхоо төлөө
Хоёр үхэхэд зориг нь үлдэнэ.
Уулын толгойд нартай золгож
Уужим бэлд нь дуутай бууж
Улаан замаар монгол эр хүн
Улсынхаа сүлдэнд морьтойгоо давхина
Монголоор ярьж, сэтгэж, бүтээж
Монгол улсаа хайрлаж, хамгаалж
Морин дэл дээр авч ирсэн
Монгол эр хүн, ёстой эр хүн
ИЛДИЙГ ЦАГААТГАХУЙ

Ирт илдийг би цагаатгана
Зөвтэй гэж цагаатгана
Зэвтэй нь хамт цагаатгана
Дэвсэж ирсэн сарны туяаг
Ширдэглэж давтсан
Дэгдээд ирсэн салхины хийморийг
Шүглүүлж давтсан
Шүдээ үйртэл зууж давтсан
Шүүдэр дунд
Шидэж хатаасан
Дээш өргөн
Долоон бурхнаар билүүдэж
Доош талбихдаа
Цагаан үүлээр арчсан
Үүл хуйхалсан гал дээр
Шатааж ширээсэн
Үлээсэн ганц хялгасыг
Тасдаж галзууруулсан
Их гүрэн
Илүү зориг юуг ч
Цавчиж явсан аранга
Цамнаж явсан хянга
Ягуухан эргэх хөх дэлхийд
Ялах ялагдахын ухааныг
Ясанд нь тултал зааж өгсөн
Ялгуусан Монгол илдийг цагаатгана
Эртэй морьдын өвчүүн дор
Ертөнцийн тал умарч
Ирэн дээр нь унасан
Нулимс хуваагдаж байсан үе
Хурц хурц гэлээ гэхэд
Хүүхдийн сэвлэгийг хөндөлгүй үлдээсэн
Хувь тавилан ижил хүмүүн заяаны
Хойч ирээдүйг цавчилгүй уучилсан
Миний Монгол гүр илдийг
Мунхаг хүн сүлдэлж яваагүй
Айдсын хялуугүй
Аль ч зуунд буруугүй
Монгол илдийг цагаатгана
Морьтой түүхтэй нь цагаатгана
Хорвоог ханьтай туулдаг
Дөрөөн чимээгээр хаяагаа мялааж
Дөрвөн алган дээр үүрээ засдаг
Нар сар орж гардаг хорвоогийн
Чухаг, мэнхэг хатуу жам
Нас бие ирж оддог ертөнцийн
Чулуутай цэцэгтэй алаг зам
Он жилүүдийн цэнхэр мөрөн
Хүй бие хоёр шиг ойрхон
Орооцолдож бүтсэн халуун хэлхээ
Тоонын хүрээ тулалцсан
Бүсгүйн номхон заяа
Тотгот тулганд бадамласан
Зүггүй галын “бурхад”
Үүдэн хоймрын цэлгэр зайд
Гэрийн нар дагаж мөлхсөн
Зүүдэн хоосны тохиох одонд
Нэрийн отог үлдээхээр заяасан
Салаа гэзгээ салхиар самнаж
Сайн морины нуруунд ниссэн
Саалийн халиагаар хормой мялааж
Сайхан эхийгээ өвчиж өссөн
Миний хоёр охин минь
Гал таслан, тооно өргөхөд чинь
Ганзганд чинь хэлэх
Гэрийн чинь чагтганд уях
Гэзэгний чинь үзүүрт сүлжиж өгөх
Гуравхан мөр шүлэг аав нь тэрлэлээ.
ЭМЭЭЛ ДЭЭР УРГАСАН УУЛ АТЛАА
ЭЛГЭНД ЧИНЬ БАГТСАН ТОЛГОД
ЭР ХҮНИЙГ Л ХАЙРЛАЖ ЯВААРАЙ
ЭР ЦЭРГИЙН ДУУЛЬ

Гал атгаж цэрэг төрдөггүй
Ган ширээж цэрэг болдоггүй
Эх оронтой хүн бүхэн
Элгэн хайраараа цэрэг болдгийм
Аз жаргалдаа хайртай бүхэн
Аваа өгөөнд цэцэн болж
Заавал дийлэхийг өөртөө даатгаад
Замгаа шүүрэн босдог юм
Гэнэгүй байсан зүүд цочроон
Гэмгүй явсан зүрх эмзэглээн
Түгшүүрийн дохио дорно зүгээс
Төрсөн нутгийг минь нөмрөөд ирэхэд
Дуулга цагаан Алтай
Уулга алдан сүүрсч
Дуулим дорно тал минь
Ууцаа нугалам хотойсийм
Өстний сургаар унаагаа юүлээд
Өрхийн тэргүүн цэрэг болсийм
Явуулын хүн шиг уяа хоослоод
Яаруу гээч нь мордоод явчийм
Ган сэлмийн ир хялайвч
Чин сэтгэл дуулга болж
Гацсан замаг цэнэгээ баравч
Эр зориг цайз болж
Эх орны эр цэрэг
Их анд орос нөхөр
Газрын дөлийг атгаж унтраан
Гавъяа нэхэлгүй эрсдээ билээ
Булгих зүрхэнд эх орон
Буцлах цусанд эв олон
Алтан амиа бөхлөх юмтай
Аадрын үер шиг шаагисан эрс
Бууны сумаар мөндөр буусан
Бузар хэргийн зарга шүүж
Дайны талбарт эзний ёсоор
Дархан цолтой үлдсэн билээ
Хангал морьд дайнд омгорч
Хар үйлтэнд хамт өширч
Харайлт бүрдээ нутаг усаа
Харь хэлтнээс булааж байсийм
Эмээлт хүлэг эзэнгүйдэн мохож
Эр цэрэг хүлэггүйдэн явгарч
Эх орны алхам газрын төлөө
Эрчилсэн цусаа тогтоох завгүй
Эрх чөлөөний түмэн бэрхийн төлөө
Эмээлийн бүүрэг даван унаж байхад
Ингэн сүү шиг мэлмий тал минь
Элгэн дээрээ зовлонг тэвчиж
Эрсэдсэн баатрын амийг сэтгэлтэй нь
Итгэлтэйеэ манаж байсийм
Дайныг үүрч, дайныг туулсан
Тал, эр, морь гурав
Нэгэн хүйгээр амин холбоотой
Нутаг усандаа ээлээ өгч
Нэхэл хатуу тулаан дундаас
Нэрийг нь авч гарсийм
Үхэл сэхэл хоёрт
Гомдол баяр үгүй
Үүрэг хүлээсэн цэрэг
Энэ гурав байсийм
Цусаа юүлсэн амиар
Цулбуур алдарсан мориор
Цурам ч аниагүй талаар
Ялалт ирсийм
Ялалтын сүрээ туганд мандуулж
Ялсан урмаа дуунд шингээж
Явсан эрс буцаж ирсийм
Хонгио тэгэхэд дариа хоосолж
Хорвоо эмзэглэн амиа хоосолж
Аз жаргалын үнэ цэн
Асгарсан цусны төлбөр байсийм
Дарийн хороор хонгио зэвэрч
Дайны гамшгаар дэлхий гасалж
Амь эрсдэн, газар шархадсан ч
Аз жаргал буцаж ирсийм
Герман, Япон хоёр тэр жил галзуурахад
Газар, элэг өмөрч дэлхий, зүрх шархадсийм
Мал адгуус, хот балгас устаагүй үлдсэн нь тоотой
Маргаангүй хорьдугаар зуун өөрөө галзуурсийм
Тавин таван сая амиар тэр галзууг номхруулж
Төчнөөн айл өрхийг хүүгээр нь нэрийдсийм
Эцэггүй үлдсэнээ мэдэлгүй тоглоомдоо улайрсан үрс
Эх орны дайнаас авлагатай хоцорсийм
ААВДАА
Сайхан залуу аавынхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд
Саваагүй томоогүй хүүхэд насаа би тэр жилийнх нь шувуудтай хамт буцаасан
Санчигт нь нэмэгдэг мөнгөн сор нь тоогоор жаргана даа гэхэд
Санаагаар даанч болохгүй юм ааваа.
Бүүвэйт хонгор ээжийн тухай дуу мэдээж олон
Бүдэгхэн гардаг зураг шиг, санаатай хийдэг алдаа шиг
Бүхий л орчлонд харин аавын минь ач гэж дуулдаггүй
Бүгдийнх нь аав ямар миний аав шиг биш дээ.
Амттан, зөөлөн хоёроор баярлуулдаг муу ээжий минь
Айлын тавагнаас чихэр хармаалж, шараа болгооно
Аав минь тэгэхгүй, алаг чулууг хээрээс хормойлж, хүүдээ зүслүүлнэ
Алсын замд уулсын нэр тогтоолгож, ухаан нэмнэ
Ээдрээнт мянган харгуй төрсөн гэрийн гаднаас эхэлж
Эмээл дээрээ соёмботой унаган хүлгийн нуруунаас атгаж
Сансарт хүү нь нисэх юм шиг санаж ээж нар цацлаа өргөж гүйлддэг
Саахалт ороод эргэх юм шиг санаж аав нар духыг нь ганц үнэрлэдэг
Атгаж ижий нар өдөржин радио шиг үглэнэ
Амьдралд зөвхөн үнэнийг хэлэх гэж
Аав нар сумны үүзэл шиг хаа нэг дуугарна,
Бие өвдлөө гэж ээж нар хүүхдээ аргагүй нэг айлгадаг
Битүүхэн дотроосоо нурж, аав нар чимээгүйхэн өтөлдөг
Үхэж болохгүй тушаалаа авсан цэрэг шиг тэд
Үрс нь хөлөө олтол цоо эрүүл шиг жүжиглэдэг
Ачийг тань хариулна гэж олон жил би худлаа ярилаа
Ачийг нь гаргаж өгчихөөд харин нэг их гавьяатан шиг
Сөөг сөөх гэж хэвтүүлээд номхон тэмээг ноолуулах мэт
Сөөсгөр хэдэн бацааны өмнө хөгшин аавыгаа мөлхүүллээ
Гараа өргөж дайсандаа үг дуугүй бууж өгөх шиг
Гарцаагүй том алгаа дэлгэж та тэднийгээ хөтөлнө
Газар дэлхийд уянгатай ийм найрагч байтлаа
Ганганасан хэдэн зээтэйгээ хамт хэдэнтээ хэлд орно
Гадаа навчис унаж, он жил биднийг унасан навч шиг орхиж
Гайгүй дээ, би аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхний тань цохилт намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдаг
Хазайлгаж болохгүй титэм шиг нэрээр чинь би овоглосон
Халуун зүрхний уярал хайр, гунигийг чинь хүртэл өвлөсөн
Өргөстжй орчлонд бүдчээд уйлж суухын цагтаа хүү нь
Өлгийг минь сийлсэн аавтай болохоор амьд явж чаддаг аа.
ААВ МОД

Уур цан савсуулж, уулнаас ирдэг аавыг минь
Улс амьтан Бавгар Шагдар гэдэг сэн
Одоо ч гэсэн дээ хөөрхий, Бавгарын охин гэж
Ондоо зөөлнөөр дуудаад байдаг юм
Ээжийг минь хайрласан аавын хайр
Цээжний чанад үндэс ширэлдүүлэхэд
Энгэр дээр нь мод цэцэглэсэн гэдэг
Хүүтэй боллоо гэж хөөрөхөд нь
Хошуун дээр нь хушин ой бүрэлдсэн гэдэг
Үрсийнхээ баяслаар өөр дээрээ мод тарьж
Үйлийн шугуй зурваслан ургахад
Хэн нь ч юм бэ сахалт гэж
Хэлж нэрлээд заншчихсан гэдэг
Алаг чихрийн цаас цуглуулдаг
Арав хүрээгүй балчир насанд
Айлын ах нар намайг шоглож
Аав чинь муухай, сахалтай гэдэг сэн
Сахал биш ээ, “Яавлагны бургас” гэж
Сандран байж зөрдөг байлаа
Хүн шиг хүн болох гэж
Хүслээ зүрхэндээ ургуулж явахдаа
Үрдээ зориулсан гэрэлт моддын
Үр жимсээр нь тэжээгдэж байсан юм
Ач үрсээ мөчир дээрээ эрхлүүлсэн
Амьд цэцэрлэг аав минь байсан юм
Алдаж хазайвал навчсаа дэвсэх
Амин мод аав минь байсан юм аа
Шанх нь бууралтаагүй залуу аавыг минь
Цангасан бурхад залаад явчихсан юм
Шорвог хорвоогийн жамыг дагахдаа
Цэнхэр хөрстийн шархыг нөхсөн юм
Аав минь одоо мод болсон
Агнаж үргээсэн бүхнээ буцааж өгсөн
Хөлд нь үрэгдсэн цэцэгсээ цээжин дээрээ ургуулсан
Хөндлөн хөх шугуй болсон
Аав минь одоо мод болсон
Амраг хосуудын мод болсон
Намар оройн навчсан дунд нь хөлбөрөхөд
Нас нэмэх сэтгэл болсон
Аав минь одоо мод болсоон
ЭНХИЙГ САХИУЛАГЧИД
Эзэн чингисийн удам эрэлхэг дайчин эрчүүд
Энхийг сахиулахын төлөө Иракт тэмцэж байна
Исгэрэх сум, тэсрэх бөмбөг сонсогдсон ч
Ижийгээ, эх орноо санан, санан тайтгардаг
Эрэлхэг Монголын удам эр цэрэг эрс бид
Эвслийн цэрэг эрстэй мөр зэрэгцэнэ
Төмөр дуулга, ган хантаазан доор
Терроризмын эсрэг энд тууштай тэмцэж байна
Даяар Монголын удам, дайчин баатарлаг эрчүүд
Даян дэлхийн энхийн төлөө тэмцэж байна
Исгэрэх сум, тэсрэх бөмбөг сонсогдсон ч
Ижийгээ, эх орноо санан, санан тайтгардаг
Эрсдэх аюул тулгарсан цагт ч
Эрс шийдэмгийгээр бид няцаалт өгч чадна
ЭРЧҮҮДЭЭ ӨМӨӨРЧ БИЧСЭН ШҮЛЭГ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын үг урсгаж халаасыг нь битгтй хоосол оо
Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод
Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм
Уул шиг юм гэж дандаа битгий давар
Үүл шиг нүүгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдчихдэг юм
Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
Дээл бүсэн гоёлтой
Дээрээ малгайн хиймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
Янжинлхамууд минь өршөө
Олон олон авааль гэргий та нараасаа
Олон олон аавын хөвгүүдийг
Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
Өөрийн минь биеийг битгий болгоо
Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.
ААВДАА БИ ХАЙРТАЙ

Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай
Нэг л намар миний ижил залуу явсан аав минь
Эгэл жирийн хоногийн эргэлтэнд элэгдэж өтөлжээ
Эргэж тойрсон хорвоогийн шаргал намрууд
Эцгийн минь зулайг зуран шувуудтай буцан оджээ
Шар наран улам улам алслаад
Саяхан ногоон байсан өвс, навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу
Шувууд буцах болгонд нэг л насаа аав минь та өгсөн
Шулуун байсан нуруу нь улирах намрын салхинд ганхсаар
Эргэж тэнийхгүй өвгөн хус мод шиг
Эх газартаа татагдан явсаар аав минь бөхийжээ
Унах болтлоо уудам их зай байгаа ч уу, үгүй ч үү
Усны шувуудыг буцаад ирэхэд байх ч уу, үгүй ч үү
Он жил хэлж ирэв ч, хорьж үл болно
Олон сайхан үртэй мөртлөө аав минь бөхийсөөр
Шар наран улам улам алслаад
Саяхан ногоон байсан өвс, навч гандаад
Алсын зам аавын харц шиг сүүмийгээд
Аяа намар цаг надаас нэгийг нэхээ юу