
Италийн алдарт зохиолч К.Коллоди энэхүү гайхамшигт бүтээлээ 1883 онд бичсэн ч өнөө хэр дэлхийн сая сая багачууд өхөөрдөм Пиноккиод хайртай хэвээрээ. 90 шахам хэлнээ орчуулагдан киноны дэлгэц, театрын тайз, номын хуудаснаа амьдарсаар. “Пиноккиогийн адал явдал” жүжгийн тасалбар 5000 төгрөг.
Бямба гаригийн өдөр 14.00 цагт ийнхүү багачуудыг хайртай баатартай нь уулзуулчихаад Black Box театрынхан орой нь 20.00 цагт Японы зохиолч Рюноске Акутагавагийн “Ширэнгэнд” жүжгээ томчуудад зориулан тоглох ажээ. Хорвоогийн үнэн хаана оршиж, хүмүүс бид тэр үнэнийг хэрхэн ухаарч, мэдэрч чаддаг тухай Акутагава өөрийн уран бүтээлээрээ эрэл хийсэн гэдэг. Хожим нь “Хүний амьдрал тамаас ч илүү харгис там байдаг юм байна” хэмээх гашуун дүгнэлтэд хүрч, гуч гаруйхан насандаа нарт хорвоог орхихдоо ХХ зууны утга зохиолд өөрийн өнгө төрх, өөрийн философийг дархалж үлдээгээд явсан хэмээн судлаачид үздэг билээ. Өдгөө Японы утга зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналыг Акутагавагийн нэрээр нэрлэдэг.
Түүний “Ширэнгэнд” жүжиг ч мөн үнэний эрэлд үзэгчдийнхээ хамтаар гарч, жүжгийн туршид хором мөч бүхэнд асуултын тэмдэг ар араасаа хөврөх болно. Black Box театрт Акутагавагийн философид хөтлөгдөн үнэнийг эрэх тасалбарын үнэ 20000 төгрөг. Тус театр бямба гариг бүр урын сангаасаа үзэгчдэд толилуулж байх болно.