“Таньтай ярилцлага хийх юмсан гэж их боддог” гэж би сэтгүүлч, зохиолч Д.Төрмөнх рүү чатаар бичлээ. Дор нь “тэгээч дээ” гэсэн хариу ирэв. “Хаана, хэзээ уулзах вэ?” гэвэл,
-Уулзаж яах юм бэ энүүгээр хийвэл илүү сонин биш үү… гэлээ. Би жаахан бодов. Гайхав,
-Уг нь уулзаад ярьвал хамаагүй дээр санагдах…
Тэгсэн харин “Тэртэй тэргүй бичгээр л хүрнэ шүү дээ…” гэж байна. Ингээд чатын ярилцлага эхэллээ.
-Та яг одоо ямар бүтээл дээр сууж байна?
-Санаа зовж явдаг юмаа л бичдэг ухаантай. Нэг бол нийтлэлээр нэг бол киногоор, харин кино их үнэтэй болохоор санаан зоргоор хийж болохгүй юм.
-Бодлын хулгайч Ларьдма гээд хоёр ч кино хийсэн биз дээ?
-Зохиолыг нь л бичсэн тэр хүмүүсийн өгсөн мөнгөөр бас тэдний хүсэлтээр өөрийнхөө бодож явдгийг бичээгүй юм шүү дээ.Кино найруулагчаар овоглож явдаг. Наад хоёр чинь Ж.Сэнгэдоржийн кино.
-Та фэйсбүүктээ үргэлж л элдвийг постолж байх юм?
-Уншсан ном, үзсэн кино, за тэгээд сонсож байгаа хөгжим зэргээ хүмүүстэй хуваалцдаг гэхүү дээ. Бодлоо бас бичдэг, гэхдээ товчхон. Арай урт нь нийтлэл болдог бас өөр юм болдог. Өдрийн тэмдэглэл ч байж болох талтай. Гэхдээ олон нийтэд дэлгэмээр юмнаасаа дусал дуслыг тавьдаг гэхүү дээ.
-Та яагаад ажил хийхгүй гэртээ суудаг болчихов. Ийм эрт пенсэндээ гармааргүй юм?
-“Энэ олон замаас хамгийн зөв зам бол гэртээ харих зам” гэж миний багын танил шар Энхээ хэлсэн байдаг. Ажилд явсан ч орой бүр гэртээ л харина биз дээ. Одоо чи бид хоёр ажил л хийж байгаа бусуу.
-Гэхдээ гэр бүлээ яаж тэжээх билээ?
-Яах вэ, хэдэн ном дэлгүүрт байгаа. Тэрнээсээ хэдэн цаас авна. Тойм сэтгүүлд нийтлэл тавина. Нэг нийтлэл онцлох эс онцлохоосоо хамаараад 50-120 мянга. Бас хааяа нэг захиалгат нэвтрүүлэг, реклам энэ тэр хийнэ. Тогтмол цалин байхгүй л дээ.
-Саяхан Оскар хөтөлж байсан хэдийг авав, нууц биш бол?
-Нуух юу байх вэ дээ, таван цаг шууд ороод 500-г авсан.
-Мянга уу?
-Тэхх.
-Жинхэнэ байлдан дагуулсан даа…
-Наад үгэнд чинь би их дургүй. Үзэгчдээ байлдаад тэгээд дагуулаад байдаг. Социализмын үеийн л хэллэг байх. Дайсныг л байлдаж дагуулдаг биз дээ? Би ийм нэг нийтлэл бичсэн Тоймд гарна.
-Таны постонд Д.Урианхай гуайн “Амьдрал гэдэг хүний амьд явсан хугацааны “баланс” буюу үр дүн, үнэ цэнийн “рентген зураг” юм. Гагцхүү амьдрал-балансын “орлого”, “зарлага”-ын утга нь тун их өөр. Өөрөөр хэлбэл, хүний амьдралын “орлого” тал нь “авлага” буюу бурханаас хүнд хайрласан бүх юм, ямар ч “хүү”-гүй олгосон урт, богино хугацааны “зээл” шүү дээ. Бурхан хүнд өгсөн урт богино хугацааны “зээл”-ээ тоглоом шоглоомоор л хүнээс нэхэж “төлүүлдэг” юм шиг байгаа юм. Тэгэхдээ харин өөртөө авах бус, өөрийнхөө “данс”-нд хийлгэх бус, төлбөрийн нэхэмжлэлээ ирүүлэхдээ өөр бусад олон хүний буян, тусад зарцуулахын тулд “зээл”-ээ төлүүлэхээр илгээдэг байх! Ингэхлээр хүний амьдрал-“баланс”-ын “зарлага” тал нь чухамдаа бол бурханд төлөх өр зээл ч бус хүмүүст өгөх өглөг, өргөлийн утгатай болоод явчихаж байгаа юм. Хүний бурханаас авсан авлага гэдэг нь бусдадаа өгөх ёстой өглөгийнх нь “эх үүсвэр”, “санхүүжилт” гэсэн үг” гэсэн ийм нэг үг байх юм. Маш их хүн лайк даржээ, би бас копи паст хийчихсэн?
-Мөнгөнөөс өөр юм бодохоо больсон хүмүүс тэр хэлээр нь их сайхан тайлбарласан байхаар нь тавьчихсан юм. Би уг нь шавь нь юм. Их ч том хүн дээ. Бараг шавь гэж хэлэхээсээ ичдэг.
-Таны постыг харахад маш их лайктай байх юм билээ?
-Тийм ч их биш. Х.Баттулгын пэйжийг хараарай бүр хэдэн мянга, заримд нь 4000 байгаа.
-Авъяас гэж яг юу юм бэ. Эмзэглэл гэж би харсан?
-Дадал гэсэн самгарди үг шүү дээ. Урд насандаа хийж байсан юмны дадал. Тэгэхээр Урианхай багшийн хэлсэнээр бурхан надад авъяас гэж их хөрөнгө өгсөн юм бол түүгээрээ бусдыг баясгаж “өр цайрах” гээд байгаа юм шүү дээ. “Эх үүсвэр, санхүүжилт” авсан хүн өөр хүнээр явуулсан “төлбөрийн даалгаварыг” л төлөх гээд зүтгээд байгаа хэрэг.
-Тэгвэл хүн бүр бурханд өртэй болж таарах нь ээ?
-Буянаа эдэлсэн амьтан гэдэг дээ. Буянаа эдэлж байгаа хүн олон шүү дээ. Гэхдээ л нээрээ амьдрал бол “хугацаатай зээл” шүү дээ. Үхнэ биз дээ, бүгд.
-Бас нэг роман ч бил үү бичиж байгаа гэл үү?
-Аан тийм, тэр их удна байх өө. Өөрийн амьдралаар сэдэвлэсэн эссе роман юм.
-Та ингэхэд зохиолч хүн үү. Сэтгүүлч юм уу, бас кино найруулагч гээд байх юм?
-Зүгээр л бүтээлч ухаантай. Бодлоо л хэлэх гээд байгаа амьтан.
-Улс төрд сонирхол байдаггүй юм уу. Жишээ нь, та бол Соёлын яамыг аваад явчих л хүн шиг харагдаад байдаг юм?
-Ха ха, тэр мөнгөтэй хүний ажил байх аа. Бас хүнд сурталтай болох хэрэгтэй. Би хөнгөдөнө шүү дээ.
-Яагаад заавал хүнд сурталтай байх ёстой юм бэ?
-Яах вэ дээ, дарга хүн тийм байх ёстой гэсэн нэг хэв шинж байна даа. Надад тэр хэв шинж байхгүй. Ядаж тарган цатгалан биш. Намба хэрэгтэй шүү дээ. Масс ямар байна дарга тийм л байх ёстой. Энэ тухай дахиж битгий асуу.
-"Социализмаа өмөөрөхүй" гэж бичсэн байсан. Та чинь угшлаараа ардчиллын талын хүн сэн?
-Социализм гэж угтаа тийм ч муу юм биш шүү дээ. Бид харин ойлгож байсан эсэх тал дээр бол асуудал бий. Энэ амь амиа боддог нийгэмд 80 хувь нь амиа тээж чадахгүй гэдгийг харж байна шүү дээ. Норвеги гэх мэт скандинавын соц орнууд их сайхан амьдарч байна. Дэлхийд хамгийн сайн амьдралтай орнууд. Бид эргэж харах ёстой болчихоод байна. Ядаж л ядуу хэсэг өлсөж үхэхгүй байх ёстой. Энийг уг нь төр хийх ёстой шүү дээ. Ашиг харсан шуналын ертөнц бие биенийхээ хоолыг булааж байгааг бараг бүх дэлхийгээрээ буруушааж байгаа үе шүү дээ. Энэ талаар би байнга бичдэг. Харин хүлээн зөвшөөрөхөөс хүлээж авдаг нь алга болж.
-Төр л гэх юм яг хэн юм бэ, тэр чинь?
-Ард түмнээс татвар цуглуулж байгаа хэсэг. Харин одоо бол тэр хэний ч биш мөнгийг хувьдаа авах гэсэн хэсэг л болж дээ. Тэгээд ингэж төр рүү үхэлдээд байна шүү дээ. Ард олон яаж туйлдаад байгааг тэр саяхан гарсан Сарандаваа гэгчийн мөнгө олох арга ч гэлүү цуглаанаас тов тод харж болно. Тэр авгай аймаар юм хийж байна. Тэр олон өлссөн улсыг тэгж дагуулж байна. Тэд нэг эргэвэл яана. Амьдаар нь шарж идэж ч мэднэ шүү дээ. Ингэж хүний шуналаар хоол олж идэх ч гэж дээ. "С" үсгээр төгссөн үгс их муу гэнэ. Нус нулимс гэх мэт. Чингис бас их муу болж байгаа биз.
-Энэ юуных вэ?
-Ядуурлынх. Гитлер буруутай байснаас Германы ард түмэн буруутай байгаагүй шүү дээ. Агуу ард түмэн биз дээ, уг нь. Бах, Бетховен за тэгээд үй олон агуу хүмүүсийн эх орон биз дээ. Энэ сайн юмны дохио ерөөсөө биш. Ядуу хүн баян хүнээ үзэн яддаг. Долоон сарын 1 ч гэсэн МАН-ыг үзэн ядсаны илрэл тэсэрсэн хэрэг. Ард түмэн их амархан мартдаг хууртдаг гэж бодож ер болохгүй. Нэг эгзэг нь таарахаар тэсэрч гарч ирдэг. Одоо ч нэг тийм чимээгүй мөсөн уул бий болоод л байх шиг. Энэ фэйсийг харахад асар их бухимдал байна шүү дээ.
-Би уг нь гэгээлэг юм яриулах гэсэн бас л муу тийшээ эргээд байна даа?
-Мэдээж сайн юм бодож явах хэрэгтэй л дээ. Дармапада гээд Бурхан багшийн сургаалийн охь.
-Үзэгдэх юмс сэтгэлээс үүдэлтэй
Үргэлж сэтгэл түрүүлж залаастай
Гаслант муу сэтгэлийн араас гай зовлон үргэлж дагаастай гэсэн шадаар эхэлдэг. Муу юм бодоод байна гэдэг түүнийгээ л захиалж байгаа хэрэг.
-Сонин ч харсан зурагт ч харсан дан муу юм л байх юм даа?
-Харин тэхээр сэтгүүлч бид л тийм юм захиалах ажлыг хийгээд байна шүү дээ.
-Би асуух юмгүй болчих шиг?
-Тэгвэл зогсоё доо.
-Бодож байгаад эргээд холбогдоё.
-Тэгээрэй. За даа хоосон цэцэрхэл болчихвуу даа яав.
-Зүгээр ээ, харин ч их амьд болох шиг?
-Амьд шууд л явж байгаа болоод тэр ха ха.
-Үргүй юм шиг загнаж үйлгүй юм шиг үйлдэх адгуус гэж өвгөчүүл зэмлэдэг. Энийг л ойлгоогүй байжээ дээ, янз нь. Үйлийн үрийн тухай асууя гэж бодоод дахиад холбогдож байна. Хараад байхад та энэ тухай л дуугарах юм?
-Үйлийн үр гэхээр л муу юм бодоод байх юм. Сайн үйл хийвэл сайн л хариу ирнэ шүү дээ. Энэ сэдэв бол насаараа хийгээд ч барагдах эд биш. Миний энэ төслийг уг нь Ерөнхийлөгч дэмжиж магадгүй гэсэн юм. Би эхлээд өөрөө сd-гээ охинтойгоо хамтраад гаргачихаад л уулзах бодолтой байна. Медиа консепт гэж залуус дэмжээд “си-ди” гарах гэж байна. Одоо Америкт мастеринг хийлгэж байгаа. Бичлэгээс гарчихсан.
-Ерөнхийлөгч гэснээс та түүнтэй эртний танилууд биз дээ?
-Уг нь тийм.
-Ер нь залуу хүмүүст иймэрхүү дорнын ёс суртахууныг дэлгэрүүлэх юмыг хамгийн түрүүн Гандан дэмжмээр юм?
-Ай мэдэхгүй, Баабар л Ламримыг хийхэд дэмжих нь байтугай л юм болсон шүү дээ. Би хандаагүй, хандаад ч мөнгө байхгүй л гэнэ биз. Ямар загалмайтнуудаас мөнгө асуултай биш.
-Загалмайтнууд чинь харин ч их тус болдог юм биш үү?
-Том улсын шашин том л байдаг шүү дээ. Аль ч шашныг би хүндэлдэг. Бурхангүй хүн бугтай л нөхцөнө шүү дээ. Миний хийгээд байгаа бясалгалд янз бүрийн шашныхан суудаг юм билээ. Бүр Иранд хүртэл төв бий. Загалмайтангууд бол бүр их суудаг юм. Мэдээж Бурхан багшийн нээж олсон бясалгал л даа. Гэхдээ шашин хамаарахгүй.www.byasalgal.mn-ээр ороод харж болно.
-Та яаж яваад ийм номтой учирчихав. Таныг харж байхад рок хөгжим сонсдог шашин номоос хол хөндий хүн шиг байдаг?
-49-ний жил орж байхад нэг хуучин найз маань ирээд Бурхан багшийн өнөөх гэгээрсэн, мэндэлсэн номын хүрд эргүүлсэн нирваан дүр үзүүлсэн таван газраар явж нэвтрүүлэг хийгээд өгөөч гэсэн юм. Тэгээд анх явсан чинь бясалгалд суучихдаг байгаа. Тэрнээс хойш 10 хоногт 10 гаруй удаа суужээ. Юу ч гэмээр юм бэ дээ зураг төөрөг байх гэж боддог.
-Хүмүүс 10 хоног юу ч ярихгүй таг сууна гэхээр л айдаг бололтой?
-Харин тийм урд насны буянтай нь ирж суудаг л гэдэг юм. Уг нь арав хоногт юу ч болохгүй шүү дээ. Ажил ажил гээд л… Хэзээ аравхан хоног өөртөө зориулах улс юм бүү мэд.
-Хаана суудаг юм бэ?
-Дээр шидсэн сайтад бүх мэдээлэл байгаа. Бас үнэгүй гэж байгаа.
-За баярлалаа, одоо харин зогсоё, маргааш цэргийн баяр. Яаж баярлах вэ?
-Яах вэ .Эхнэр нэг бэлэг өгөх байх л гэж бодож байна. Тэгээд л бол оо.
-Би энийг маргааш тавьчихъя, харин постоос чинь зураг авч болно биз дээ?
-Болно оо, гэхдээ хэт хувийн юм дэмий биз. Би чамд бас дууныхаа шүлгүүдийг шидье. Удахгүй гарах альбомны шүлгүүд. Чи харж байгаад тавина биз бас нээрээ эрчүүдийн баяр ч юм байна. Эр хүн эр хүндээ барьсан бэлэг болог.
-Баярлалаа, за за амжилт. Цаг гаргасанд баярлалаа. Ингэж ярилцлага хийж анх удаа үзлээ… гэснээр бид хоёрын яриа өндөрлөсөн юм. Эргээд холбогдох гэснээ болиод энийгээ шууд нийтлэсэн Л.НАРАНТӨГС.