ОХУ Крымыг 60 жилийн дараа буцаан авлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

ОХУ Крымыг 60 жилийн дараа буцаан авлаа

Крымыг Оросын холбооны улсад нэгтгэх зарлигт Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /III.17/ гарын үсэг зурж, 60 жилийн өмнө Украинд шилжүүлсэн газар нутгаа буцаан авлаа. Украины харъяа байсан Крымын хойгт өнгөрсөн ням гаригт /III.16/ бүх нийтийн санал асуулга явагдаж, эцсийн дүнгээр оролцогчдын 97 хувийн саналаар ОХУ-д эргэн нэгдэх шийдвэр гаргасан юм. Ийнхүү Крым энэ гуравдугаар сарын эцэс гэхэд рублийг албан ёсны мөнгөн тэмдэгтгээ болгож, цагийн бүсээ өөрчилөн, хоёр цагаар урагшуулах арга хэмжээг авах гэнэ.

Харин Крымын бүх нийтийн санал асуулгыг хууль бус гэж тунхагласан Европын холбоо, АНУ-ын зүгээс дээрх шийдвэртэй холбогдуулан ОХУ, Крымын нийт 21 улстөрийн албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авчээ. Үүнд, ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин,  Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко,  Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович, Крымын захирагч Сергей Аксёнов, парламентын спикер Владимир Константинов нарын албан тушаалтнуудын эсрэг виз болон хөрөнгийг нь царцаах хориг тавьсан аж. Түүнчлэн АНУ-ын “Цагаан ордон”-оос ОХУ-ын үйлдлийн хариуд цаашид өөр арга хэмжээнүүдийг авахаар бэлтгэж буйг мэдэгджээ.

Үүний зэрэгцээ Украины шинэ Засгийн газрын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Александр Турчинов Киевийн зүгээс ОХУ-тай яриа хэлцэл хийхэд бэлэн буйг мэдэгдсэн байна. Гэхдээ тэрээр Крымыг Украинаас салж, ОХУ-д нэгдэхийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээжээ.

Хүн амын олонхийг орос үндэстэн, орос хэлээр харилцагчид эзэлдэг Крымын хойгийг 1954 онд ЗХУ-ын эрх баригчид Украинд шилжүүлэн өгч байсан юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж