Виктор Ан ДАШТ-ийг нийлбэр дүнгээр тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Виктор Ан ДАШТ-ийг нийлбэр дүнгээр тэргүүлэв

Сочийн олимпийн баатар шорт-трекч ОХУ-ын Виктор Ан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг нийлбэр дүнгээр тэргүүлжээ.

Энэ сарын 14-16-ны хооронд Канадын Монрель хотноо болсон шорт-трекийн 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 32 орны 122 шорт-трекчид хувийн 500 м, 1000 м, 1500 м, 3000 м-ийн суперфинал болон багийн 3000 м, 5000 м-т өрсөлдлөө.

Солонгос гаралтай ОХУ-ын Виктор Ан Монрелийн дэлхийн аваргаас 1000 м-т алт, 3000 м-н суперфиналд хүрэл медаль хүртэж, 500 м, 1500 м болон багийн 5000 м-т дөрөвдүгээр байр эзэллээ. Тэрээр 1000 м-т түрүүлснээр ОХУ-ын анхны шорт-трекийн дэлхийн аваргын алтан медалийг авчирлаа.
 
ДАШТ-ийг нийлбэр дүнгээр Виктор Ан 63 оноогоор тэргүүлсэн бол АНУ-ын Жон Селски (55 оноо), Канадын Чарлес Хамелин (48 оноо) нар удаалжээ.

Виктор Аны хувьд БНСУ-ын нэрийн өмнөөс ДАШТ-нд оролцохдоо таван удаа (2003-07) нийлбэр дүнгээр тэргүүлж байжээ. Ийнхүү Виктор Ан олимпийн зургаан алт, дэлхийн аваргын 20 алтан медальтай болоод байна.

Дашрамд дуулгахад, шорт-трекийн 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Москва хотноо болох аж.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж