
Ц.Баянбат: Хүн амьдралын төлөө зүтгэдэг болохоор би ямар ч ажлыг голохгүй хийдэг
Орчин цагт хамгийн их дутагдаж байгаа хүмүүс юу вэ гэсэн асуултад орчуулагч Д.Болдбаатар “Сайн хүргэн, бэрүүд, тулхтай өвгөд, номын сайн редактор” гэж хариулсан байдаг. Ц.Баянбат гуайг тулхтай хүний нэг гэдгийг хамт олон нь нэгэн дуугаар хэлээд өгөх вий. Барилгын салбарт 42 дахь жилдээ өрлөгчнөөр ажиллаж байгаа энэ хүн зүгээр суухыг мэдэхгүй, ажлыг голж шилэхийг үл мэдэн ажиллаж залууст үлгэр дуурайлал үзүүлж байна. “Жигүүр гранд” группийн сар тутмын “Гранд ньюс” сонины 3 сарын дугаарын зочноор түүнийг урьж ярилцлаа.
-Та аль нутгаас гаралтай хүн бэ. Группт ажиллаад хэдэн жил болж байна?
-Би Завхан аймгийн Улиастай хотод 1952 онд төрсөн хүн. Бага залуудаа барилгачин мэргэжилд их дуртай байлаа. 1970 онд цэрэгт яваад, халагдаж ирүүтээ 1973 онд МТЗ-ын “Их барилга” байгууллагад орж ажилласан. Тэнд 20 жил ажилласан даа. Хоёр сайхан орос багшаас их зүйл сурсан.
1993 онд “Жигүүр гранд”-д орж Бригадын даргаар тэтгэвэрт гарах хүртлээ ажилласан. Грандын барьсан бүх барилга дээр гар бие оролцсондоо бахархаж явдаг. Ноднин жил тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсны дараа бодож байхад, би амьдралдаа хоёр том байгууллагад ажилласан хүн юм. Одоо 42 дахь жилдээ ажиллаж байна.
-Тэтгэвэрт гарсан хэрнээ зүгээр суухыг мэдэхгүй л ажиллаж байна уу?
-Харин тийм /инээв. сур/ Уг нь гараад нэг жил болчихлоо. Гэртээ суугаад байж боломгүй байна. Ажиллах боломжтой гэж удирдлагууд хэлсэн учраас залуучуудтай хамт ажиллаж байна. Бие гайгүй бол яваад л байх байх даа. Манай дарга нар ажиллаж чадаж л байвал ажлаа хийж бай гэдэг. Баярлаж л явдаг юм.
-Барилгачныг олон хүн тоосго өрж байгаа өрлөгчнөөр төсөөлөн боддог. Өрлөгчний ажил хэцүү биз?
-Гайгүй шүү дээ. Сурсан юм гэдэг хүнд биш. Хуучин социализмын үед өвөл, зунгүй өрлөг хийдэг байлаа. Гадаа идэр ес тачигнаж байхад өрлөгөө өрөөд л зогсдог байсан. Одоо бол стандарт өөр болсон болохоор өвөлдөө дотогшоо орж, дотор өрлөгийн ажил хийдэг болсон болохоор тийм ч хэцүү санагддаггүй. Ер нь хүн ажлыг нэг сураад гартаа оруулсан байхад гайгүй дээ.
Хоосон байсан ханыг өрж дүүргэчихээд хараад зогсож байх ч ай бас сайхан шүү дээ. Хийсэн бүтээсэн зүйл ихтэй өдөр бол орой ажил тараад явж байхад сэтгэл ханаж сайхан байдаг. Сэтгэл санаа тиймхэн өдөр гарна шүү дээ. Тэгэхэд маргааш нь ирээд ажлаа хийхэд сайхан болоод л явчихдаг.
-Та их ануухан харагдах юм. Одоо өвдөх зовуурилах юм бий юу?
-За ер нь бараг байхгүй шүү. Заримдаа хөл өвдөх гээд байдаг юм. Түүнээс гайгүй. Гэрт зүгээр сууж байхаар залуучуудаа дагаад хөдөлж байх нь хамаагүй дээр байлгүй яахав. Гэрт суух тийм ч сайхан зүйл биш шүү дээ. Сая сар амарсан. Гэрт дэмий суухаар бие чилээрхэх талдаа орох л юм билээ. Хөдөлгөөнийг орлох эм гэж байхгүй гэж ярьдаг шүү дээ. Надад бол хөдөлж л байвал болоод байгаа юм шиг санагддаг.
-Та хоёр байгууллагын барилгын хэсэгт ажиллаж байжээ. Арга барил, технологийг нь харьцуулбал “Жигүүр гранд”-ынх хэр вэ?
-Ер нь манайх бол өөрийн гэсэн арга барил, технологитой компани. Энэ бүгдийг Группийн Ерөнхийлөгч хамгаалж, нэвтрүүлж, өвлөн уламжлуулж явдаг. Маш гярхай хүн шүү дээ. Далий муруйг маш сайн олж хардаг. Нэг түүх санаанд үлджээ.
Хуучин төв оффисийн таван давхар барилгыг барьж байсан. Өрлөг хийж байтал Ерөнхий захирал дор ирж дээш харчихаад “Наадах чинь гадагшаагаа 1 см-аар далий өрөгдөөд байна даа” гэсэн. “Тийм байх учиргүй дээ. Гэхдээ бид нар юу ч гэсэн хэмжье” гээд доош буусан. Хэмжээд үзтэл яг л захирлын хэлснээр байсан. Мундаг хараатай хүн юм байна даа гэж бодсонсон. Ер нь хүмүүс энэ чухал шинжийг нь мэднэ дээ.
-“Жигүүр гранд”-д ажиллах 21 жилд олон л удаа шагнуулж байсан байлгүй дээ. Сэтгэлээс гардаггүй ямар шагнал байдаг вэ?
-Ажилд орсон жилээ өнгөт зурагтаар шагнуулж байсан. Шилжилтийн хэцүү цагт ийм том зүйлээр шагнуулна гэдэг сайхан л санагдаж байсан. Амьдрал ахуйд нэмэртэй байлгүй яах вэ. Их баярлаж байсан. Дараа нь хоёр өрөө байраар шагнуулж байсан. Одоо ч хөгшинтэйгээ, бага хүүтэйгээ амьдарч байна. Гэр бүлийн хүнийг маань Т.Пүрэвжав гэдэг. Надтай хамт “Жигүүр гранд” группт найман жил няраваар ажилласан хүн бий.
-Та хичнээн шавьтай вэ. Тэдэндээ юу гэж сургадаг вэ?
-Олон шавьтай. Төмөр замд ч олон байсан. Энд ч бас олон байна. Олон ч хүн тусдаа гарч явсан. Хамгийн гол нь залхуурахгүй, уйгагүй ажиллах хэрэгтэй гэж зааж зөвлөдөг дөө. Мэргэжил эзэмшинэ гээд зүтгэсэн бол эзэмшсэн шиг эзэмших хэрэгтэй. Тэгэхгүй, сурсан, сураагүй хоёрын хооронд байвал хэнд ч хэрэггүй. Залуучуудад би “Сайн сурна шүү” гэж хэлдэг. Ер нь ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голно гэж байхгүй. Барилга дээр дан ганц өрлөг хийгээд байхгүй шүү дээ. Хог шүүрдээд зогсох үе ч гарна. Бид чинь тааралдсанаа л хийнэ. Би бол ямар ч ажлыг голохгүй хийдэг. Амьдрахын төлөө хүн явж байгаа юм чинь ажлыг голохгүй хийх хэрэгтэй.
-Хүүхдүүддээ юу ч гэж зааж зөвлөж өсгөсөн бэ?
-Манайх таван хүүхэдтэй. Том нь охин, дөрвөн хүүтэй. Хүүхдүүддээ юм сурах хэрэгтэй л гэж хэлдэг. Залуу хүмүүст боловсрол мэдээж хэрэгтэй. Хүүхдүүд маань бүгд ажил төрөлтэй, сайн сайхан явцгааж байна. Залуу байхад олон хүүхэдтэй, эхнэр гэрт суух үед бол давхар ажил хийх үе байсан. Таван цаас илүү олчих гэж зүтгэнэ шүү дээ. Манай гэр бүл жирийн сайхан амьдарсан. Хүний дор оруулчихгүй гэж хичээж ирсэн.
-Ярилцсанд баярлалаа.