Ирээдүйн тив, дэлхийн аваргуудтайгаа уулзлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.18-нд нийтлэгдсэн

Ирээдүйн тив, дэлхийн аваргуудтайгаа уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлалын яам өчигдөр буюу гуравдугаар сарын 17-нд хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө. Монголын спортын салбарт амжилт гаргасан үе, үеийн багш дасгалжуулагч тамирчдад төрийн дээд одон медаль гардуулсан бол Тайландын Бангкок хотноо болсон Азийн аваргад амжилттай оролцсон хүндийг өргөлтийн баг тамирчидтай уулзлаа. Мөн Кувейт улсад болсон аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Азийн аварга болсон, олимпийн эрх авчирсан буудлагын тамирчдыг хүлээн авсан юм. Энэ үеэр тамирчдынхаа гаргасан амжилтыг сонсч, алдаа оноо юу байв гэдгийг ярилцсан юм.

Хүндийг өргөлтийн эмэгтэй тамирчид дөрөвдүгээр байрт шалгарчээ

Төрийн дээд одон, медаль гардуулсны дараа Тайландын нийслэл Бангкок хотноо болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын хүндийг өргөлтийн өсвөр, залуучуудын эмэгтэй баг тамирчид дөрөвдүгээр байрт шалгарсан юм. Мөн улсын дээд амжилт долоог эвдэж, шинэчлэн тогтоосон байна.

Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ М.Анхцэцэг өсвөр, залуучуудын ангиллын тэмцээнээс долоон медаль хүртжээ. М.Анхцэцэг 14 насандаа ОУХМ хэмээх эрхэм цолонд хүртсэн Монголын шилдэг, залуу хүндийг өргөлтийн тамирчин билээ. Уулзалтын үеэр М.Анхцэцэгтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

Олимп амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байна


Хүндийг өргөлтийн тамирчдыг ССАЖЯ дээр хүлээн авч уулзах үеэр ОУХМ М.Анхцэцэг сэтгүүлчидтэй цөөн хором ярилцсан юм.

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, Нанжинг 2014 өсвөрийн олимпийн эрхээ авлаа. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн базааж байна вэ?

-Одоо олимп болоход дөрвөн сарын хугацаа үлдлээ. Дөрвөн сарын бэлтгэл үлдлээ гэсэн үг. Олимпийн эрхээ авснаар бэлтгэл сургуулилтаа улам сайн хийх болно.

-Олимпод анх удаа оролцох гэж байна. Хэрхэн төсөөлж байна вэ?

-Бэлтгэл сургуулилтаа сайн базаахаар огт санаа зовох зүйлгүй. Олимпод хэрхэн оролцохоо бараг төлөвлөчихсөн. Санаанд багтаад л байгаа. Олимпод түрүүлэх болно.

-Хүндийг өргөлтийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-Нагац ах маань намайг хүндийг өргөлтөөр хичээллэдэг болоход их нөлөөлсөн. Манай нагац ах хүндийг өргөлтөөр хичээллэдэг байсан. Бас хүндийг өргөлтийн Н.Баярмаа эгчийг Бээжингийн олимпод оролцож байгааг телевизээр хараад  тамирчин болохоор буцалтгүй шийдсэн юм. Ах маань намайг Б.Гансүх, Т.Чулуунпүрэв багш нарын удирдлагад бэлтгэл хийлгэхээр зааланд анх дагуулж очсоноор эргэлт буцалтгүй хичээллэсэн.

-Анхныхаа олон улсын чанартай амжилтыг хэзээ гаргаж байв?

-Анх 2010 онд Азийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах тэмцээн Узбекстан улсын нийслэл Ташкент хотод  болоход оролцож спортын мастерийн болзол хангасан. Хамгийн сүүлд таван сард Тайландийн Конкая хотод болсон Эзэн хааны нэрэмжит тэмцээнд 65-кгд оролцож алт, мөнгөн медаль хүртэж, шилдэг тамирчнаар шалгарсан. 

-Ярилцсанд баярлалаа. 

Монголын хүндийн өргөлтийн тамирчид дэлхийд сэтгэл зүй, бэлтгэл хийх орчноор дутагдана уу гэхээс авьяас чадварын хувьд дутахгүй юм байна гэдгийг Тайландад болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн харууллаа гэдгийг манай баг тамирчид хэлж байлаа.

Мэргэн буучид Азийн аваргатай, олимпийн эрхтэй эх орондоо иржээ

Кувейт улсад болсон буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 11 тамирчин оролцож, 18 медаль эх орондоо авчирсан байна.

Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс Хийн гар бууны ХГ-6 төрөлд “Аварга” клубын тамирчин Спортын мастер Г.Буянбаатар алтан медаль хүртжээ. Г.Буянбаатар энэ жил 17 настай манай улсын өсч яваа шилдэг мэргэн буучдын нэг. Спортын мастер Г.Буянбаатар шигшээд 196,8 оноо авч, Ази тивийн финалын дээд амжилтыг шинэчлэн тогтоон, Азийн залуучуудын аварга хэмээх эрхэм цолыг эх орондоо анх авчирсан тамирчин боллоо.

Мөн Дархан-Уул аймгийн тамирчин Спортын дэд мастер О.Төгөлдөр зургадугаар байрт шалгарлаа. Мөн Г.Буянбаатар, О.Төгөлдөр, Булган аймгийн тамирчин Спортын мастер Ш.Буянзаяа нар багийн дүнгээр хүрэл медаль хүртжээ.

Залуучуудын ХГ-4 дасгалд “Аварга” клубын тамирчин Спортын дэд мастер Н.Шинэмөрөн дөрөвдүгээр байр эзэлж, Н.Шинэмөрөн, Техникийн спортын төвийн нэгдүгээр ззргийн тамирчин Б.Туул, Булган аймгийн тамирчин Спортын мастер М.Буянхишиг нар багийн дүнгээр мөн хүрэл медаль хүртсэн байна.

Мөн охидын хийн бууны дөрөвдүгээр дасгалд нийт 43 тамирчин өрсөлдсөнөөс Хэнтий аймгийн “Есүхэй мэргэн” клубын тамирчин Спортын мастер Н.Ангирмаа хүрэл медаль хүртэж, Нанжинг 2014 өсвөрийн олимпийн эрхээ авсан. Мөн Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Текникийн спортын төвийн тамирчин Спортын мастер З.Намдуун долдугаар байр,Сүхбаатар аймгийн “Дарьгангын мэргэн буудагч” клубын тамирчин Спортын мастер М.Түвшинжаргал есдүгээр байрт шалгарсан байна. Манай охид багийн дүнгээр 11 багаас 1236,4 оноогоор алтан медаль хүртжээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрхээ авсан Спортын мастер Н.Ангирмаа ОУХМ цолны болзол хангажээ.

Ийнхүү гуравдугаар сарын 17-ны өдөр ССАЖЯ төрийн дээд одон медальтай, өсвөр залуу үеийн тамирчдын Азийн аварга шалгаруулах тэмцээний амжилтын ургац, баяр, хөөрөөр дүүрэн өнжлөө.

Уулзалтын үеэр ССАЖ-ын сайд М.Түмэнжаргал залуу тамирчид, багш дасгалжуулагчид чин сэтгэлийн талархал илэрхийлж,

-Та бүхэн бол Монгол улсын нэрийг дэлхийд өндөрт өргөж яваа хүмүүс. Та бүхний үзүүлсэн амжилт, гавьяа Монголын хойч үе залуус үлгэр дууриалал болдог. Тиймээс Монголын төр засаг бололцооны хэмжээгээр туслаж, дэмжиж, хамтарч ажиллана гэдгийг онцолсон юм. Мөн 2013 онд гаргасан амжилтаа энэ жил бататган, ахиулахын төлөө хичээгээрэй гэж захилаа. 

Г.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж