Уг нь УИХ-ын намрын чуулган завсарласны дараахан ээлжит бус чуулган гуравдугаар сарын 24-нд зарлагдах сураг гарсан ч одоо бол цуцлагдаж мэдэхээр болжээ. Учир нь дээрх өдөр Эдийн засгийн форум болох тул цаг хугацааны хувьд давхцаж байгаа аж. Нөгөө талаас УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах эсэхийг УИХ-ын Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийнхний дүгнэлт шийдэх аж. Тус ажлын хэсэг Үндэсний аудитын газраас оруулж ирсэн 180 орчим обьектын жагсаалтыг нэгбүрчлэн хянаж, 2014 оны төсвийн тодотголд хөрөнгийг нь суулгах эсэхийг нягталж байгаа юм. Эл ажил хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Гол нь нягтлах ажил сунжирч, хаврын чуулганаар 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр болбол төсвийн хөрөнгө оруулалтаар хийх дээрх 180 гаруй ажил оройтно гэсэн үг. Муугаар хэлбэл, Зам тээврийн сайдын хэлсэнчлэн дээрх ажлууд хийгдэх боломжгүй болно.
Хуульд зааснаар УИХ-ын хаврын чуулганы нээлт жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд тохиодог. Чуулганыг нээсэн өдрөөс УИХ 2014 оны төсвийн тодотголыг барьж аван нухахад дор хаяж 14 хоногийг зарцуулна. Улсын төсвийг анхны хэлэлцүүлгээр батлах боломжгүй, дөрвөн шатны хэлэлцүүлгийг давдаг учраас хугацаа шаарддаг. Мөн хэлэлцүүлгийн шатанд УИХ дахь намын бүлгүүд дээрх обьектууд дээр завсарлага авбал дахиад л хоног алдана. Энэ мэтчлэн цаг хугацаа алдах өдрүүд цөөнгүй бий.
Харин энэ бүхний ард ажил эхлүүлэхэд хүнд болно. Ядахад, өнгөрсөн өвөл УИХ 2014 оны төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөгтэй тэнцэхээр суулгачихсан. Гэтэл валютын ханш өссөөр 1764 төгрөгөөс доош буухгүй больчихоод буй. Зарим эдийн засагч ам.долларын ханш 1800 төгрөгтэй тэнцсэн тохиолдолд ханш тогтворжино хэмээн муу ёрлож байна. Сайхан мэдээ биш боловч валютын ханш дээрх тооноос буухгүй бол ам.долларын ханшаас алдагдал хүлээж, хаалгаа барихдаа тулж буй хувийн хэвшлийнхэн 1384 төгрөгтэй тэнцэх үнээр төсөвт суусан ажлыг барьж авах уу?.
Дампуурлаа зарлахыг л хүсээгүй бол дээрх үнээр ажил хийхгүй. Энэ нь эргээд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлуудад тендэр зарлалаа ч түүнд нь оролцох бөх зүрхтэй компани олдохгүй болно гэсэн үг. Гэтэл Үндэсний аудитын газраас хөрөнгийг нь төсөвт суулгаж болно гэх 180 гаруй жагсаалтад багтсан ажлуудыг багцлахад 126 нь боловсрол, шинжлэх ухааны салбарт хамаарч буй. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд 20, аймгуудад 36, суманд 77 ажил хийх жагсаалт гарсан нь сургууль, цэцэрлэг, биеийн тамирын заал барих ажлууд голлох хувийг эзлээд байна.
Өөрөөр хэлбэл, УИХ-аар хэлэлцэх төсвийн тодотголын хэлэлцүүлэг хэдий хэмжээгээр хойшилно тэр хэрээр сургууль, цэцэрлэг барих ажил удааширч тендэр ч “будаа” болох зам руу явж байна гэсэн үг. Ингэхэд УИХ хэзээ ажилдаа орох вэ, Засгийн газар мөн хэзээ төсвийн тодотголыг УИХ-д өргөн барих гэж байна вэ?.
Нэг их “Авлигажсан төсөв” гэх мэтээр популизм хийж, хувийн хэвшлийнхнээ мөнгө иддэг, уудгаар нь буруутган, чичилж, өөрсдөө төсвөө боловсруулаагүй, батлаагүй юм шиг баатар царайлж суутал ажил хийх компани ч үгүй болж хоцрох вий дээ.