
-Монголын эдийн засаг сайнгүй байна. Ялангуяа энэ онд нүүрсний салбараас эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь буурч, үүнийг дагаад Монголд орж ирэх мөнгөний урсгал татарч, долларын ханш хэлбэлзэлтэй байх боллоо. Дотоодын зах зээл дэх долларын ханшийг тогтворжуулах ямар боломж байна вэ?
-Дэлхийн зах зээл дээрх эрдэс баялгийн үнийн уналт, дотоод хүчин зүйлсээс шалтгаалаад Монголын эдийн засгийн байдал тааламжгүй байгаа нь үнэн. Эскпортод гаргаж байгаа нүүрсний үнэ буурахын хэрээр манайд орж ирэх долларын хэмжээ багасч байна. Дээрээс нь хөрөнгө оруулалт тавин хувь буурсан нь эдийн засагт таагүй байдал үүсгэлээ. Яг ийм үед төр, засаг мэдрэмж сайтай ажиллах ёстой. Шинэчлэлийн Засгийн газар уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн орчны тодорхой бус байдлыг өөрчлөх санаачлага гаргаж, бодлогодоо тусгаж ажиллаж байгаа нь сайшаалтай. Өнгөрсөн намраас эхлэн хууль эрхзүйн орчноо шинэчилж, татварын таатай нөхцөлийг бүрдүүлэх талаар төрөөс багагүй ажил хийсэн. Үүний үр дунд зарим салбарт эерэг үр дүн гарч байгаа. Тухайлбал, алтны салбарт татварын уян хатан бодлого хэрэгжүүлснээр байдал сайжирч байна. Гэхдээ долларын ханшийг тогтвортой байлгахын тулд алтны нөөцөө улам сайн нэмэгдүүлэх ёстой. Үүний тулд алтны салбарт хөрөнгө оруулалт хийх, олборлолтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хүндрэлийг давах туулах боломж харагдаж байгаа. Цагаа олсон санхүүжилт эдийн засагт эерэг үр дүн дагуулдаг. Тэгэхээр алтны салбарын бүтээмжийг сайжруулж эдийн засгаа аврах боломж байна. Ингэхийн тулд тус салбарыг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилтээр дэмжих хэрэгтэй.
-Нэг үеэ бодвол Монголын алтны салбарт эерэг хүлээлт бий болчихлоо. Энэ салбар эдийн засгийн хөгжлийн түлхэх хүч юм гэдгийг Монголын улстөрчид хүлээн зөвшөөрөх болсон байна?
-Монголчууд азтай хүмүүс. Газрын доороо асар их баялагтай, баялгийнхаа ачаар чинээлэг амьдрах боломж бий. Энэ боломжийг монголчууд бид өөрсдөө л бүтээнэ. Үүний төлөө бид ажиллах ёстой. Өнгөрсөн жилүүд алтны салбарынханд амаргүй байсан нь үнэн. Хууль дүрэм, бодлогын алдаанаас шалтгаалаад энэ салбарын үйл ажиллагаа зогсинго байдалд орсон хэдий ч өнөөгийн Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын ачаар алтны салбар дахиад сэргэх хандлага ажиглагдаж байна. Арван жилийн өмнө “Алт” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкинд 25 тонн алт тушаагдаж байсан. Харин энэ оноос аж ахуйн нэгж гэлтгүй хувь хүмүүс Монголбанкинд алт тушаах сонирхолтой болсон. Алт бол улс орны эдийн засгийн баталгаа. Тиймдээ ч дэлхийн улс орнууд валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд алт ихээр худалдан авах болсон. Дэлхий нийт шар металлын төлөө ширүүхэн өрсөлдөж байна. Яагаад гэвэл алттай улс эдийн засгийн хараат бус байдаг. Алтны нөөц ихтэй улсын валют тогтвортой байдаг. Тэгэхээр монголчууд хууль эрх зүйн орчноо тогтвортой байлгах, татварын уян хатан бодлого баримтлах, салбарын үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх замаар алт олборлолтоо нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Алт үйлдвэрлэгчдийн холбооноос Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монгол Банкинд хандан алт олборлогчдод тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Тэд бидний хүсэлтийн хүлээж авна гэдэгт итгэлтэй байгаа. Гол нь алт олборлолтоо нэмэгдүүлье, алтны үйлдвэрлэлийг сайжруулъя, эдийн засгийн үр ашгийг нь сайжруулъя гэсэн зорилготой юм.
-Алтны салбарт хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаа юм бэ. Энэ санхүүжилтийг юунд зарцуулахаа төлөвлөсөн үү?
-Алт үйлдвэрлэгчдийн холбоо энэ талаар идэвхтэй ажиллаж, маш их судалгаа, тооцоо хийсэн. Зөвхөн энэ жил алтны шороон ордоос 10-11 тонн алт олборлох боломжтой гэдгийг судалсан. Ийм хэмжээний алтыг олборлоход 300 орчим тэрбум төгрөг шаардлагатай болж байна. Ам.доллараар тооцвол 168 орчим саяын хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Техник технологио шинэчлэх, хайгуулын ажлаа идэвхжүүлэх, хүчин чадлаа нэмэгдүүлэхэд багагүй хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа. Өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагаа нь зогсонги байдал орсны улмаас алтны компаниудын техник, технологи нэлээд хуучирсан. Тиймээс орчин үеийн дэвшилтэт технологи ашиглах, хүчин чадлаа нэмэгдүүлэх гээд алтны компаниудад санхүүжилт хэрэгтэй байна.
-Төсвийн орлого нь долоон их наядаар хэмжигдэж байгаа Монгол Улсын хувьд 168 сая ам.доллар гэдэг тийм ч их мөнгө биш. Гэхдээ алтны салбарт 168 сая ам. долларын хөрөнгө оруулалт хийлээ гэхэд эдийн засгийн үр ашиг ямар байх вэ?
-Хэрэв бидний хүсэлтийг хүлээн авч төрөөс алтны салбарт 168 орчим сая ам.доллартай тэнцэх 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл 440 сая ам.долларыг Монгол Улс буцаагаад богино хугацаанд олох боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, алтны салбарт оруулсан хөрөнгө оруулалт 2.5 дахин өснө. Алтны ханш өсөх тусам Монгол Улсад орж ирэх мөнгөний тоо нэмэгдэх нь гарцаагүй. Монголын эдийн засгийн хувьд жижиг чулуугаар том чулууг цохих боломжийн санал байгаа биз дээ.
-Алтны ханш цаашдаа тогтвортой байх уу?
-Алт хөрвөх чадвартай металл. Улс орны эдийн засгийн баталгаа болж байдаг учраас үнэ ханш нь чанга байдаг. Монгол алтаа дэлхийн хаана ч аваачаад борлуулах зах зээл нь нээлттэй. Нүүрс бол өөр шүү дээ. Монголын нүүрсний ганц худалдан авагч нь Хятад. Дээрээс нь тээвэрлэлийн зардал өндөр. Тэгвэл нэг тонн алтыг онгоцоор зөөгөөд АНУ, Англид зарж болно. Нэг тонн алт одоогийн ханшаар 46 сая ам.доллар болж байгаа. Энэ мөнгийг нүүрсээр ольё гэвэл нэг сая тонн нүүрс зөөх хэрэгтэй болж байгаа биз.
-Монгол Улсын Засгийн газраас үйлдвэржилтийг дэмжихэд нэг их наядыг зарцуулахаар болсон. Экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэржилт зарцуулна гэдгээ зарлаад байгаа?
-Засгийн газар үйлдвэржилтэд анхаарахаар болж байгаа нь маш зөв санаа. Үйлдвэржилтгүйгээр улс орон хөгжихгүй нь тодорхой. Монголын хувьд экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүн нь голдуу эрдэс баялаг байдаг. Эрдэс баялгийнхаа ихэнхийг түүхийгээр нь гаргадаг. Харин алт бол нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж экспортод гаргадаг. Монгол Улсын хувьд ирээдүйн зөв хөрөнгө оруулалт бол дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих. Тэднийгээ бодлогоор дэмжиж чадвал монголчууд гадаадын хөрөнгө оруулагчдаас хараат байдлаасаа гарна. Дотоодын хөрөнгө оруулагчдын олсон мөнгө дотооддоо шингэнэ. Тиймээс үйлдвэржилтийг бодлогоор дэмжих нь маш зөв ажил гэж бодож байна.
-Урт нэртэй хуульд нэмэлтт өөрчлөлт оруулах төслийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Энэ хуулийг өөрчлөхийг эдийн засгийн нөхцөл байдал шаардаж байгаа?
-Намрын чуулганаар энэ асуудлыг хэлэлцсэн боловч шийдэлд хүрч чадсангүй. Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх болов уу гэж харж байгаа. Эдийн засаг, байгаль экологио бодсон ч энэ хуулийг яаралтай өөрчлөх шаардлагатай байна. Хуулийн хүрээнд цуцлагдах аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох эдийн засгийн боломж байхгүй тул, хууль эрхзүйн орчноо өөрчлөн, хариуцлагын тогтолцоог сайжруулж, олборлолтыг хийх, эдийн засгаа ч дэмжиж, байгаль орчноо хамгаалж, харилцан ашигтай хамтын ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх нь чухлаас чухал. Нөгөөтэйгүүр хууль анх батлагдсанаас хойш огт хэрэгжилгүй хоёр жилийн нүүр үзлээ. Зорилгодоо хүрч чадахгүй нь ч тодорхой болсон тул өөрчлөх нь зүйтэй.